UB by me | Ким Юн Хи: Монголд амьдрах хугацаандаа нэг ч ХУЛГАЙЧТАЙ таарч үзээгүй
 

UB by me | Ким Юн Хи: Монголд амьдрах хугацаандаа нэг ч ХУЛГАЙЧТАЙ таарч үзээгүй

Улаанбаатар хотын үй олон иргэдийн дунд эгэл жирийнээр оршин, чимээгүйхэн хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн түүхийг UB by me буландаа онцолж байна. Улаанбаатар хот түүний хөгжлийг бүтээлцэж яваа та болон бидний утга учир энд оршино.

Энэ удаа Монгол Улсад аж амьдралаа босгосоор буй Өмнөд Солонгосын иргэн Ким Юн Хиг бид онцоллоо. Тэрбээр 25 жилийн өмнө Монгол Улсад амьдрахаар иржээ. Нөхөр болон хоёр хүүхдийн хамтаар “TheCafe” кофе шопыг ажиллуулж байгаа түүний ярилцлагыг хүргэе.

-Та анх Монголд хэзээ ирж байсан бэ, чухам яагаад ирэхээр болсон тухайгаа бидэнтэй хуваалцахгүй юу?

-Би Монголд ирээд 25 жил болж байна. Анх Налайх дүүрэгт амьдарч байгаад дараа нь Баянгол дүүрэгт “The Dog cafe” кофе шопыг нээн ажиллуулж эхэлсэн. Үйл ажиллагаагаа эхлүүлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна.

Хамгийн анх 1997 онд Монголд ирж байсан юм. Тэр үед одоогийнхоос арай өөр байсан л даа. Тэнд уулзсан хүмүүст маш их талархаж байсан учраас Монголд дахиад очмоор санагддаг байсан. Харин яг тэр үед Дархан хотод байрлалтай Дархан дээд сургуулийн нэг багш “манайх Солонгос хэлний сургууль нээж байгаа. Таныг багшаар урьж байна” гэсэн. Би үнэхээр буцаж ирэх чин хүсэлтэй байсан учраас тэнд багшаар ажиллаж эхэлсэн.

Тухайн үед монголын байгалиас илүүтэй уулзсан хүмүүс нь гоё санагдаж байсан. Та бүхэн мэдэж байгаа байх Монгол, Солонгос хүмүүсийн царай их төстэй. Тийм болохоор надад гадаадад байгаа юм шиг санагддаггүй харин ч илүү ойрхон юм шиг санагдсан. Удаан байгаагүй удаан яриагүй байсан ч надад яг л ах шиг, эгч шиг найз шиг санагддаг тийм л хүмүүс. Надад амьд мэдрэмж төрүүлсэн зүйл нь байгаль биш Монгол хүмүүс.

Солонгос найзууд маань 25 жил энд амьдрахад юу нь тэгтлээ гоё байна вэ, цаг агаар нь уу? гэж их асуудаг. Харин надад хамгийн гоё санагддаг зүйл нь мэдээж Монгол хүмүүс.

-Та хаана Монгол хэл сурсан бэ, Монголд уу эсвэл Солонгост уу?

-Тэр үед “Friends school гэж Монгол хэл заадаг сургууль байсан. Тэнд гурван сар Монгол хэл сураад шууд Дархан хот руу явсан. Гэтэл яг сургуульдаа очоод Солонгос хэл заах хэрэгтэй болсон чинь Монгол хэлээр ярих шаардлагатай болсон. Тэр үеийн оюутнуудтайгаа хэдэн жилийн дараа уулзсан юм л даа. Тэгэхэд “энэ багш бид нартай Солонгосоор яриад байна даа” гэж бодсон тухайгаа хэлсэн. Харин би маш их хичээгээд Монгол хэлээр яриад байдаг. Гэтэл миний яриаг ойлгоогүй байсан юм билээ. Ерөнхийдөө монгол хүмүүстэй хамт байсаар байгаад л сурсан. Тийм учраас миний Монгол хэл дүрмийн дагуу биш, ярианы хэллэг түлхүү байдаг.

-Багшийн ажлаас өөр ямар ажил хийж үзэж байсан бэ?

-Би Налайх дүүрэгт амьдардаг байхдаа Төрийн бус байгууллагад ажилладаг байсан юм. Тухайн үед сурагчдын өдрийн хоолыг сургуулиас нь өгдөггүй байсан л даа. Аав, ээж нь ажилдаа яваад ирэх боломжгүй үед нь хоол хийж өгдөг байсан. 1-5 дугаар ангийн бараг 30 гаруй хүүхдэд хичээлээ тараад ирэхэд нь хоол хийж өгөхийн зэрэгцээ гэрийн даалгаварт нь тусалдаг байсан.

Харин одоо Монгол Улс өдрийн хоол өгдөг болсон. Тэр үед тэнд цэцэрлэг байхгүй учраас жижигхэн цэцэрлэг байгуулсан. Харин одоо цэцэрлэгийн хангамж сайжирсан. Тиймээс тэнд миний хийх ажил дууссан юм шиг санагдаж эхэлсэн. Ингээд л наашаа ирсэн. Африкчуудын нэг яриа байдаг “Нэг хүүхдийг өсгөхийн тулд нэг тосгон хэрэгтэй” гэдэг би энэ үгэнд их дуртай. Тийм ч учраас Налайхад байх хугацаандаа дээрх ажлыг хийдэг байсан.

-Кофе шоп ажиллуулах бодол хэзээнээс төрж эхэлсэн бэ?

-Би монголчуудаас маш их урам авдаг байсан юм. Одоогийн би тэдний ачаар л бий болсон гэж боддог. Тиймээс тэр хүмүүстээ эргээд хэрхэн урам өгч, авсан хайраа яаж буцааж өгөх вэ гэж их бодсон л доо. Иймээс амттай бялуу, амттай кофе, амттай уух зүйлс худалдан авч байгаа хүмүүсийг тухайн өдрөө үнэ цэнтэйгээр эхлүүлээсэй гэдэг үүднээс кафегаа нээсэн.

-Таны гэр бүлийн хүн тантай хамт Монголд амьдрах шийдвэрээ хэрхэн гаргаж байсан бол?

-Тухайн үед “Samsung” компаниас дэлхийн лидерүүдийн талаар ном гаргаж байсан юм. Мөн “Чингис хаанаас юу суралцах вэ” гэдэг номууд их байсан юм. Тэгэхэд манай нөхөр “Samsung”-аас гаргасан тэр номыг уншаад монголын талаар ихэд сонирхож эхэлсэн гэсэн. Монголчуудтай уулзах юм сан гэдэг бодолтой явдаг байж л дээ.

Яг тэр үеэр бид хоёрын санаа нийлсэн гэх юм уу даа. Ингээд Монголд ирэхэд бидэнд ямар ч асуудал байгаагүй.

-Монголд амьдрахад хэцүү зүйл тулгарч байв уу?

-Маш их хүмүүс надаас тэгж асуудаг л даа. Үнэндээ 25 жил амьдарна гэдэг багагүй хугацаа шүү дээ.

Тэгсэн мөртлөө надад хэцүү зүйл тохиолдож байгаагүй. Харин ч маш олон сайн хүнтэй таарсан. Гадаад хүн учраас тэр юм болов уу, ер нь надад муу зүйл тохиолдож байгаагүй. Бас нэг ч удаа хулгайчтай таарч үзээгүй.

-Таныг хоёр хүүхэдтэй гэж сонссон, хүүхдүүд нь энд амьдардаг уу?

-Би хоёр хүүтэй. Би анх Монголд дөрвөн сартай жирэмсэн байхдаа ирж байсан юм. Нэг хүү маань энд арван жилийн сургуулиа төгсөөд одоо Солонгост их сургуулийн хоёрдугаар курст сурч байгаа. Монгол хэлний дуудлага нь надаас илүү сайн. Бас цуйванд маш их дуртай. Монголд ирэхгүй удахаараа цуйван идмээр байна гэдэг.

-Монголд бизнес эрхлэх хэцүү байдаг уу, одоог хүртэл ямар замыг туулж ирсэн бэ?

-Тийм ээ. Татвар төлөх хэрэгтэй, бас кафегаа нээгээд удаагүй байгааг та нар мэдэж байгаа. Манай кофе шопийн байршил бага зэрэг далд. Хүмүүс манай кафег бараг мэддэггүй. Үнэхээр сонирхоод зорьж орж ирсэн хүмүүс л мэддэг. Тиймээс анхандаа их орлоготой байгаагүй. Гэтэл татвар төлөх хэрэгтэй шүү дээ. Хуулийн дагуу татвар төлөх хэрэгтэй учраас жижигхэн бизнес эрхлэхэд хэцүү үе олон байсан.

Харин одоо бол гайгүй болсон. Яагаад гэвэл кофе шопын материал зэргийг гадаадаас оруулж ирдэг компаниуд олон болсон.

-Танай гэр бүл Солонгос улс руу буцах бодол байгаа юу?

-Миний оронд энэ ажлыг хийж чадах хүн гарч ирвэл миний хийх зүйл дууссан гэж бодоод явж магадгүй. Гэхдээ яг явна гэсэн төлөвлөгөө байхгүй.

-Монгол, Солонгос хүмүүсийн хоорондын соёлын ялгаа танд хэр анзаарагддаг вэ?

-Би сайн ялгаж чаддаг хүн биш байж магадгүй. Би Дархан-Уул аймагт хоёр жил ганцаараа амьдарсан шүү дээ. Тэр үед мэдээж хэрэг маш их ганцаардсан хэцүү үе байсан. Түр хугацаанд л тийм мэдрэмж байсан юм. Ер нь яг тэнд байхад Солонгост амьдарч байна уу, Монголд амьдарч байна уу ялгаа нэг их гараагүй амьдарсан. Тийм учраас соёлын онцгой зөрүүгүй санагддаг.

-Тэгвэл Улаанбаатар болон Дарханд амьдрах хоёрын ялгаа нь юу гэж санагдаж байна?

-Одоо энд нөхөртэйгөө байгаа учраас арай өөр. Дархан-Уул аймагт амьдардаг байхад нөхөр маань байгаагүй. Ганц биеэрээ 3 өрөө том байр түрээслээд амьдардаг байв. Том байранд ганцаараа их айна шүү дээ. Яагаад гэвэл, тэнд байхдаа Оросын байрны нэг давхарт амьдарсан юм. Оросын байрны хаалга нь хоёр, тэнд нь нэг чийдэн байдаг. Гэтэл өвөл болохоор чийдэнгүй болчихно. Яг тэр үед байрны орцонд өсвөр насны залуучууд юм уу эсвэл эрэгтэй хүмүүс цугладаг. Тэнд дулаахан учраас өвөл тамхи татдаг байсан юм билээ. Гэтэл тэд надад юу ч хийхгүй ч гэсэн хаалга онгойлгоод орохдоо маш их айдаг байсан. Тэр үе хамгийн хэцүү байсан. Уг нь энэ хаалгыг давчихвал миний гэр байгаа даанч яаж орох вэ гэж их бодно. Тэрнээс илүү хэцүү юм надад байхгүй юм шиг санагдаж байна.

Бас Дарханд микро автобус их явдаг. Би нэг удаа микронд суусан юм. Микронд явахаар буух дөхөхөөр “би бууна” гэж хэлдэг байсандаа. Тэр үед би юу ч хэлээгүй байхад миний хажууд сууж явсан хүн “энэ гадаад хүн энд бууна” гэж хэлэхэд их цочирдсон. Намайг энд амьдарч байгааг бүгд мэдсэн учраас тэр үед жоохон айж билээ. Дархан их жижигхэн газар гэтэл намайг энд амьдарч, юу хийж байгааг бүх хүн мэдсэн нь нэг л тиймхэн санагдсан даа.

Таны нүдээр 1997 оны Улаанбаатар хот одоогийнхоос хэр өөр байсан бэ?

Мэдээж өөр байсан. Бараа олж чадахгүй. Мөн хүмүүс нь их өөр байсан санагдаж байна. Харин өнөөдөр Монгол Улсад санхүүгээс шалтгаалан нөхөр нь Солонгос яваад эхнэр нь үлдэж хол амьдрах тохиолдол их байгаа. Энэ асуудал маш их байгаа харагддаг.

Та Монгол Улсад ирж амьдарсандаа харамсдаг уу?

1997 онд миний уулзсан хүмүүст их онцлог байсан байх аа. Би гадаад хүн шиг санагддагүй, хэл мэдэхгүй мөртлөө хүмүүс надад их тусалдаг. Мэдээж баян улсад байх гоё. Гэхдээ тэр үед уулзсан тэр хүмүүсийн мэдрэмж өөр байсан юм. Би аливаа зүйлийг төлөвлөдөг хүн биш. Тэгж амьдардаг хүн биш учраас мэдрэмжээ дагаад ирсэн. Тэр мэдрэмж нь зөв байсан гэж бодож байна. Би одоо 50 настай. Энэ насныхаа хагаст нь Солонгост амьдарч, хагаст нь Монголд амьдарсан. Монгол Улсыг сонгоод 25 жил амьдарсандаа харамсдаггүй. Миний хажууд байдаг хүмүүс бахархдаг. Би амьдралдаа ганцхан удаа амьдарч байна. Надад дахиад энэ амьдрал тохиолдохгүй. Маш олон улс дундаас Монгол Улсыг сонгож, монгол хүмүүстэй уулзсандаа баяртай байна.

Б.АМИ

Шинэ улирал, шинэ бүрэлдэхүүн, шинэ өрсөлдөөн
Шинэ улирал, шинэ бүрэлдэхүүн, шинэ өрсөлдөөн
 
Эрхүүд баавгай хоёр хүний аминд хүрчээ
Эрхүүд баавгай хоёр хүний аминд хүрчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.