
УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөж, намрын ээлжит чуулган өнөөдөр (2026.09.15) нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотготголыг хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрсэнгүй. Энэ удаад төсвийн тодотголыг хоцорч хийсэн, мөн өнгөрсөн жилийн алдагдалтай төсвийг нөхөхийг оролдож буй нь анхаарал татаад байна.
2025 оны долоодугаар сараас 2025 оны арваннэгдүгээр сар хүртэл Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг ажиллаж байсан. Төсөв батлах чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тэрээр улаан болон ногоон өнгийн лааз өргөн гишүүдэд санал өгөх чиглэл өгч буй бичлэг цацагдсан нь багагүй шүүмжлэл дагуулсан.
Тэрээр энэхүү асуудалд зарим гишүүдийн оруулж ирсэн хөрөнгө оруулалтыг танаж, зөвхөн цалин тэтгэвэр нэмэх санал нь инфляцыг 20 гаруй хувьд хүргэх эрсдэлтэй байсан тул уг саналуудыг "дэмжихгүй байх"-ыг гишүүдэд сануулах зорилготой байсан гэх тайлбар өгч байв.
Гэсэн ч түүний ахлан батлуулсан төсөв багш, эмч нарын цалингийн нэмэгдлийн тооцоо, татварын орлого болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг дутуу болон алдаатай тооцсон нь дараа оных нь төсвийг алдагдалтай болгож, улмаар тодотгол хийхээс өөр аргагүй байдалд ийнхүү хүргээд байна.
Өнгөрсөн хавар төсөв алдагдалтай байгаа тул төсвийн тодотгол яаралтай хийх хэрэгтэй байгааг зарим гишүүд сануулж байв. Гэсэн ч энэхүү асуудалд хайхрамжгүй, тооцоололгүй хандсаны горыг ард, иргэд нуруундаа үүрч, ар гэрийнхээ төсвийг "тодотгоход" хүргээд байна.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.