84 сургууль шинээр барих сайхан ч хэн багшлах вэ
 

84 сургууль шинээр барих сайхан ч хэн багшлах вэ

Хотын дарга Б.Пүрэвдагва ойрын гурван жилд Улаанбаатарт 84 сургууль шинээр байгуулж, хүүхдүүдийг гэрт нь ойр сургах, хойд бүсээс төв рүү чиглэсэн автомашины урсгалыг бууруулна гэж мэдэгдлээ.

Эхний 44 сургуулийн санхүүжилтийг олон улсын байгууллагын эх үүсвэрээр шийдэх боломж бүрдсэн гэж мэдээлж байна. 84 сургууль нийтдээ 70 мянга гаруй хүүхдийн боловсролын хүртээмжид нөлөөлөх том төсөл. Гэвч сургууль гэдэг зөвхөн дөрвөн ханатай байшин биш юм. Тэнд ажиллах боловсон хүчин, багш ажилчдын асуудал яригдана.

Боловсролын яамны албан мэдээллээр 2024 оны долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 4,217 багшийн сул орон тоо байсны 2,429 нь Улаанбаатарт байна. Өөрөөр хэлбэл одоо байгаа сургуулиудаа багшийн хүний нөөцөөр бүрэн хангах асуудал шийдэгдээгүй байхад хэдэн арван шинэ сургууль нэмж нээхэд шинэ багш нараа хаанаас, хэдийд, ямар шалгуураар бэлтгэх вэ?

Хоёр дахь асуулт нь бүр ч чухал.

84 сургууль барьснаар “чанартай боловсрол” автоматаар бий болохгүй. Засгийн газар өөрөө хүүхдийн сурлагын хоцрогдлыг арилгах гол нөхцөлийн нэгийг чадварлаг багш, мөн хүүхдийг гэрт нь ойр сургуульд сургах гэж тодорхойлсон. Тэгэхээр “гэрт ойрхон сургууль” гэдэг нь зөвхөн зайны асуудал биш. Багшийн чанар, сургалтын орчин, анги дүүргэлт, хөтөлбөр, тоног төхөөрөмж, хүүхдийн сурлагын үр дүн бүгд хамт яригдах ёстой.

Бас нэг зүйлийг заавал тооцох хэрэгтэй. Өнөөдөр нийслэлийн хүүхдүүдийн тодорхой хэсэг хувийн сургуульд суралцаж байна. Улсын хэмжээнд 80 мянга гаруй хүүхэд хувийн хэвшлийн 189 сургуульд суралцаж байгаа нь нийт сурагчдын ойролцоогоор 10 хувь. Тэгвэл нийслэлд 84 сургууль шинээр барих тооцоог хийхдээ хувийн сургуульд явж байгаа хүүхдүүдийн тоо, цаашид хувийн сургууль руу шилжих хүүхдийн урсгал, төрийн сургуулийн хүчин чадал, хүн амын өсөлтийг нарийн тооцох ёстой.

Хэрэв хувийн сургуульд явж байгаа хүүхдүүдийн тодорхой хэсэг нь төлбөрийн дарамтаас болж төрийн сургуульд шилжвэл өнөөдрийн тооцоо бас өөрчлөгдөнө. Тиймээс хотын даргаас 84 сургууль барина гэдэг тооноос илүү дараах тоонуудыг нэхэх хэрэгтэй. Байршил, хүчин чадал, барилгын өртөг, ашиглалтад орох хугацаа, шаардлагатай багшийн орон тоо, шинэ багш нарыг хэрхэн бэлтгэх төлөвлөгөө, анги дүүргэлтийн тооцоо мөн хувийн сургуулийн сурагчдын урсгалыг тооцсон эсэх гээд маш олон асуудал яригдана.

Энэ бүхнийг ил тод болгож байж “чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж байна” гэж хэлэх нь зөв бишүү, хотын даргаа.

Хотын дарга ярьсан бүхнээ бодитой хугацаа, үр дүн, түүнийг дагалдах тооцоо судалгаатай гаргаж тавих цаг болсон. Үгүй бол хэн ч ийм амлалт өгч чадна. Боловсролын салбар Улаанбаатар хотын нягташрилтай нягт холбогдож ирсэн түүхтэй. Тэр хэрээр чанартай боловсрол нь яг үнэндээ барилга байшинд бус зөв хуваарилалт, багшийн оновчтой бэлтгэх ажил болж байна.

Түүнээс биш 84 сургууль баригдаад, багш нь хүрэлцэхгүй, анги нь дүүрчихсэн, чанарын үзүүлэлт нь муу байвал бид 84 барилга л нэмсэн болохоос боловсролын асуудлаа шийдээгүй гэсэн үг.

Улаанбаатарт сургууль хэрэгтэй. Гэхдээ хамгийн түрүүнд “сургууль” биш, хүүхдийн чанартай боловсролыг төлөвлөх хэрэгтэй.

Н.СҮРЭН

Ардчилсан нам болон “Гучийн бүлэг” чуулганыг бойкотлолоо
Ардчилсан нам болон “Гучийн бүлэг” чуулганыг бойкотлолоо
 
UB by me | Ким Юн Хи: Монголд амьдрах хугацаандаа нэг ч ХУЛГАЙЧТАЙ таарч үзээгүй
UB by me | Ким Юн Хи: Монголд амьдрах хугацаандаа нэг ч ХУЛГАЙЧТАЙ таарч үзээгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.