Монгол Болгарын агаарын тээврийн хэлэлцээрийг баталжээ
 

Монгол Болгарын агаарын тээврийн хэлэлцээрийг баталжээ

Болгарын Үндэсний Ассамблейн Тээвэр, харилцаа холбооны байнгын хороо Монгол Улстай байгуулсан Агаарын тээврийн үйлчилгээний хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр дэмжлээ.

Тус хэлэлцээрийг Монгол, Болгарын тал 2025 оны арваннэгдүгээр сарын 21-нд Софиа хотноо байгуулсан бөгөөд Болгарын Засгийн газар 2026 оны наймдугаар сарын 21-нд парламентад өргөн мэдүүлжээ.

Болгарын Тээврийн дэд сайд Христина Велинова хэлэлцүүлгийн үеэр хоёр улсын хооронд агаарын тээврийн салбарт одоогоор хүчин төгөлдөр хоёр талын хэлэлцээр байхгүйг онцолсон байна.

Шинэ хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол, Болгарын хооронд агаарын шинэ чиглэл нээх, зорчигч болон ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёр улсын нисэх буудлуудын хоорондын холболтыг өргөжүүлэх эрх зүйн боломж бүрдэх аж.

Мөн уг хэлэлцээр нь олон улсын агаарын тээврийн стандарт, Европын Холбооны шаардлага болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын практикт нийцэж байгааг Болгарын тал мэдээлжээ.

Хэлэлцээр хэрэгжсэнээр агаарын тээврийн харилцаанаас гадна Монгол, Болгарын эдийн засаг, соёл, улс төрийн харилцааг хөгжүүлэхэд нэмэлт боломж бий болно гэж тус улсын Тээврийн яам үзэж байна.

Монголын тал хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын журмуудаа хэдийнэ дуусгасан байна. Харин Болгарын тал Үндэсний Ассамблейгаар соёрхон батлуулах зэрэг дотоодын холбогдох процедурыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Хуулийн төслийг Тээвэр, харилцаа холбооны байнгын хорооны 16 гишүүн дэмжиж, эсэргүүцсэн болон түдгэлзсэн санал гараагүй байна.

Эх сурвалж: bta.bg

Н.Ука

Монгол царс модонд боловсруулсан анхны шотланд виски дэлхийн зах зээлд гарлаа
Монгол царс модонд боловсруулсан анхны шотланд виски дэлхийн зах зээлд гарлаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.