Энэ удаа ч ЭНХБАЯР уу?
 

Энэ удаа ч ЭНХБАЯР уу?

Монголын улс төрд зарим үйл явдал давтагддаг биш, бараг сценариараа хуулбарлагддаг бололтой. Өнгөрсөн жил Г.Занданшатарын Засгийн газар Хууль зүйн сайд Л.Мөнхбаатарыг чөлөөлж, оронд нь Б.Энхбаярыг томилсон. Тэр үед “хууль зүйн салбарт шинэчлэл хийнэ”, “баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэх том улс төрийн мессеж дагалдсан.

Харин өнөөдөр Хууль зүйн сайд С.Амарсайхан, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нарын хооронд улс төрийн ил дайралт, хариу тайлбар, хууль сахиулах байгууллагын томилгоо тойрсон маргаан хурцадсан өдөр С.Амарсайхан суудлаасаа бууж, Б.Энхбаяр дахин энэ салбарын гол дүрд гарч ирэх нөхцөл бүрдэж байна. Тэгэхээр энд анзаарах ёстой зүйл нь ганц хүний томилгоо биш.

Хууль зүйн салбар дахиад улс төрийн тулааны талбар болох уу. Өнгөрсөн удаа Б.Энхбаяр сайд болоход “хэрэг”, “хулгай”, “шалгалт”, “авлига” гэсэн улс төрийн хүчтэй мессежүүд ар араасаа явсан.

Энэ удаа ч мөн адилхан зураг харагдах уу? Хэрэв төрийн хууль сахиулах механизм улс төрийн өрсөлдөгчөө шахах, өнгөрсөн үйл явдлыг сөхөх, нэгнийг буулгаж нөгөөг гаргах улс төрийн хэрэгсэл мэт харагдаж эхэлбэл асуудал зөвхөн С.Амарсайхан эсвэл Б.Энхбаярын тухай байхаа болино.
Асуулт нь хэн Хууль зүйн сайд болох вэ? биш. Хууль зүйн салбарыг хэн, ямар зорилгоор ашиглах вэ гэдэг дээр очно.

Бүр сонирхолтой нь, өчигдөр С.Амарсайхан өөрийн мэдээллээрээ Г.Занданшатар, Б.Энхбаяр болон хууль сахиулах байгууллагын зарим удирдлагыг нэр холбон шүүмжилсэн. Харин өнөөдөр өөрөө суудлаасаа бууж байна.
Ийм давхцал улс төрд тохиолдол уу, эсвэл дараагийн өрнөлийн эхлэл үү? Хариултыг одооноос хэн ч баттай хэлж чадахгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой.

Монголын улс төрд Хууль зүйн сайдын суудал бол зүгээр нэг албан тушаал байхаа больжээ. Тэр суудалд хэн сууж байгаагаас илүүтэй, хэн хэнийг шалгуулах вэ, хэний нэрийг дараагийн удаа хэрэгтэй холбох вэ гэдэг улс төрийн асуулт дагаж явдаг болсон нь хамгийн анхаарал татаж байна.


Өнгөрсөн жилийн сценари давтагдах уу?

Энэ удаа дараагийн “хэрэг”-ийн улс төр хаанаас эхлэхийг л харъя.

Н.СҮРЭН

Б.Оюутболд: С.Амарсайханыг шүүхэд өгнө
Б.Оюутболд: С.Амарсайханыг шүүхэд өгнө
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Men’s Health” сэтгүүлд онцолжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Men’s Health” сэтгүүлд онцолжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.