Улсаа самарсан Сүүдрийн СӨРӨГ ХҮЧИН
 

Улсаа самарсан Сүүдрийн СӨРӨГ ХҮЧИН

Л.Оюун-Эрдэнэ нам дотроо “Гучийн” гэх фракц үүсгэн Хэнтий, Булганаар сүртэй уулзалт хийх болов. Тэрээр Ерөнхий сайд Н.Учрал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй дайтаад удаж буй бөгөөд улсын эдийн засаг, нийгэм, амьдралын нөхцөл өдрөөс өдөр доройтсоор байхад эдгээр нөхөд нам доторх зодоон, улс төрийн талцалдаа улам бүр улайрчээ.

Үнэндээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар улс орны эдийн засгийг туйлдуулж, инфляцид идэгдсэн тамга хүлээлгэж өгчихөөд эдүгээ нэг л их дефакто сөрөг хүчин болон томорцгоож явна. Инфляцын оргил үе болох 2022 онд иргэдийн орлого хэдий хэмжээгээр нэмэгдсэнээс үл хамааран хүнс, шатахуун, байр, үйлчилгээний үнэ огцом өссөн нь өрхийн бодит амьдралд дарамт болсон. Одоо гэтэл “Гучийн бүлэг” гэж нэрлэгдсэн эдгээр эрхмүүд Засгийн газрыг унагаах хор найруулж, Ардчилсан намынхнаар гарын үсэг цуглуулах болсон ч гэгдэж байна. Гэвч тэд Засгийн газрын бүтцэд оролцох эрхтэй хүмүүс мөн билүү?

2024 онд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 29.6 их наяд төгрөг, зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээл 30.4 их наяд төгрөгт хүрч, 776.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Төсвийн зарлага ДНБ-ий 38 хувьд хүрсэн нь сүүлийн жилүүдийн өндөр түвшин байв. Энэ бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн эрх барьсан жилүүдийн бодит тоон үзүүлэлт. Төсвийн орлого өндөр үед буюу уул уурхайн борлуулалт ашигтай байх цаг үед “Мега” нэртэй баахан төслүүдэд хөрөнгө хуваарилж, төрийн өмчит уул уурхайн компаниудыг яг л хувийн халаас шигээ ашигласан экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо чуулгандаа ч үзэгдэхгүй болтлоо их зантай болов.

Сураг сонсох нь ээ тэрээр УИХ-ын гишүүн, Экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай урьд урьдынхаасаа илүү ойртож төр улс самрах шинэ цагийн төлөвлөгөө боловсруулдаг болсон гэх. Ингэхдээ удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд намаа дотроос нь хагалж, Ардчилсан намын нэр дэвшигчийг “Жэнко талаас” дэмжих аж.

Улс орны эдийн засгийг удирдахдаа толгой нь хүрээгүй тэрээр хээрогийн гоёмсог нэвтрүүлэг, элдэв улс төрийн акц хийж шоронгийн хоригдлуудаар ярилцлага өгүүлэн өнөө л Ц.Элбэгдорж, Гурван үсэгт компаниудтай байлдаж, байхгүй дайсан зохиож гаргаж ирэхдээ гаршсан гэхэд болно.

МАН-ын засагласан 12 жилийн хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ тэр дундаа махны үнэ 340 хувиар өссөн ганцхан жишээ хэлэхэд хангалттай.

Булган, Хэнтийгээр зугаалахдаа УИХ-ын эв нэгдэл, Засгийн газрын бүтцийг хагалан бутаргах зохион бичлэгээ зогсоо, Экс Ерөнхий сайд аа! Таны үлдээсэн хямралын “Өв” иргэдийн амьдралд өдрөөс өдөрт зовлон нэмж байна.

Б.Өгөдэй

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга хүрэлцэн ирлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.