
Технологийн салбарын өрсөлдөөн үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, дэлхийн технологийн стандартын асуудалтай улам бүр холбогдож байна.
Хиймэл оюуны технологийн салбар дахь АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн сүүлийн саруудад улам эрчимжиж, зөвхөн технологийн компаниудын хоорондын өрсөлдөөнөөс давж, эдийн засаг, үндэсний аюулгүй байдал болон дэлхийн технологийн нөлөөллийн асуудал болж байна.
Associated Press-ийн есдүгээр сарын 15-ны мэдээлснээр АНУ хиймэл оюуны тэргүүлэх загварууд, судалгаа болон дэвшилтэт технологийн хэд хэдэн үзүүлэлтээр давуу хэвээр байгаа ч Хятадын компаниуд технологийн зөрүүг хурдтай багасгаж байна. DeepSeek, Moonshot AI, Z.ai, Alibaba зэрэг компаниудын хөгжүүлсэн загварууд АНУ-ын томоохон компанийн системүүдтэй өрсөлдөхүйц түвшинд хүрсэн гэж мэдээлжээ.
Хятад “open-weight” загварт түлхүү анхаарч байна
Хятадын хиймэл оюуны хөгжлийн нэг онцлог нь open-weight, өөрөөр хэлбэл загварын жин болон зарим үндсэн технологийг хөгжүүлэгчид, судлаачид ашиглах боломжтой хэлбэрээр түгээх хандлага юм.
АНУ-ын Стратегийн болон олон улсын судалгааны төвийн (CSIS) есдүгээр сарын 14-ний дүн шинжилгээнд Хятад улс АНУ-ын хязгаарлалттай орчинд дотоодын технологийн чадавхаа нэмэгдүүлж, харьцангуй хямд, уян хатан загваруудыг хөгжүүлж байгаа талаар дурдсан байна. Тус байгууллагын мэдээлснээр 2026 оны эхээр АНУ, Хятадын тэргүүлэх загваруудын гүйцэтгэлийн зөрүү маш бага болсон гэж зарим судлаач дүгнэжээ.
Ингэснээр Хятадын компаниуд зөвхөн дотоодын зах зээлд бус, дэлхийн хөгжүүлэгчид болон бизнесүүдэд зориулсан AI загварын зах зээлд өрсөлдөх боломжоо нэмэгдүүлж байна.
АНУ дэвшилтэт загвар болон тооцоолох хүчин чадлаар давуу хэвээр
Нөгөө талд АНУ-д OpenAI, Google, Anthropic зэрэг компаниуд өндөр хүчин чадалтай, хаалттай буюу proprietary AI загвар хөгжүүлэхэд асар их хөрөнгө оруулж байна.
CSIS-ийн дүн шинжилгээгээр АНУ-ын тэргүүлэх frontier загварууд зарим гол үзүүлэлтээр Хятадын загваруудаас давуу хэвээр байгаа ч энэ давуу тал багасаж байгаа гэжээ.
Энэ өрсөлдөөнд хагас дамжуулагч чип, дата төв, тооцоолох хүчин чадал онцгой ач холбогдолтой. Тиймээс АНУ-ын Хятадад дэвшилтэт чип болон холбогдох технологи нийлүүлэхэд тавьсан хязгаарлалтууд нь хоёр улсын AI өрсөлдөөний гол хэсэг болоод байна.
“AI distillation” маргаан хурцдав
Сүүлийн өдрүүдэд хоёр улсын технологийн зөрчлийн нэг томоохон сэдэв нь AI distillation буюу илүү хүчирхэг загварын гаргалтыг ашиглан өөр загварыг сургах арга болж байна.
АНУ-ын эрх баригчид есдүгээр сарын 8-нд DeepSeek, Moonshot AI, Alibaba зэрэг Хятадын зургаан компанийг АНУ-ын AI загваруудын боломжийг системтэйгээр хуулбарлах зорилгоор ийм арга ашигласан гэж буруутгасан. АНУ-ын тал үүнийг “industrial-scale” хэмжээний үйл ажиллагаа гэж тодорхойлсон байна.
Харин Хятадын тал уг буруутгалыг няцааж, distillation нь өөрөө AI хөгжүүлэлтэд өргөн хэрэглэгддэг техникийн арга бөгөөд АНУ-ын мэдэгдэл үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймээс уг асуудал нь зөвхөн технологийн маргаан бус, оюуны өмч, кибер аюулгүй байдал болон үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбогдож байна.
Эх сурвалж: business insider
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.