
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул:
“Мандуул аа тайлбар авъя гэж байна. Зөв өө тайлбар өгье. Ухаалаг хогийн сав хэмээх мөсөн уулын оройг тайлбарлая. Сүүлийн хоёр хоног сошиал сүлжээнд Чингэлтэй дүүрэг 56 саяын үнэтэй хогийн бункер тавьсан тухай хэлэлцэж, олныг ундууцууллаа. Өнгөн дээр нь харагдах хогийн сав тус бүрийн дор хөрсөнд 3.0 м³ багтаамжтай хог цуглуулах сав бий. Үүнийг бид хөрсний гүнд бохирдол оруулахгүй байлгах үүднээс маш зузаан зэвэрдэггүй ган төмрөөр хийлгэсэн. Ёстой нөгөө насан туршийн баталгаа гэдэг шиг. Зарим талаараа шалгарсан стандарт үнэтэй байдаг. Хэдэн зуун айлын ууттай хог нийлсэн зундаа ялаа шавж өт цацчихсан, өмхий үнэртэй хогийн цэг нэртэй сараалжин хашааны дэргэд хүүхдүүд тоглож, ахмадууд салхилдаг. Энэ бол өнөөдрийн байшин хорооллын дүр зураг. Үүнээс салъя, халъя гэсэн зорилгоор ухаалаг хогийн савыг зоригтойгоор байршуулж эхэлсэн. Дараагийн асуудал хүн цаг, хөдөлмөрийн орчин, процессоос үүдэлтэй урсгал зардал. Ний нуугүй хэлэхэд бээлий угласан гараараа хог самардаж, хүрздэж, үнэр танарт нь дасах шахуу болсон ТҮК, тохижилтын ажилчдаа бид бодсон. Нэг хотхоны хогийг ачихад өмнө нь 40 орчим минут зарцуулдаг байв. Одоо ердөө 10-15 минут. Ажилтан гар удирдлагаар краныг ажиллуулж, газар доорх савыг бүхлээр нь өргөөд хогийг шууд машин руу юүлдэг. Гар оролцоо бага. Удаах нь бензин тос эргэлтийн зардал. Дүүргийн ажил мөнхийн хөдөлгүүр шиг. Та гэртээ хогоо хонуулахгүй хаядаг шиг ачигч нар тухайн өдөртөө багтааж ачилтаа хийнэ. Нэг хогийн цэг дээр 40 минут зарцуулдаг гэж бодохоор нийт хогийн цэгийг дуусгана гэхээр хэр их сунаж, хугацаа шаарддаг нь ойлгомжтой. Энэ бүрийн ард зарцуулах бензин, ажиллах техникийн нөөц гээд урсгал зардал бодогдоно. Ачилтын хугацаа хэмнэгдэхийн хэрээр тухайн шөнө ачих хугацаа богиносно. Ачилтын машины эргэлтийн давтамж ч буурна. Усаа хэмнэе, тогоо унтраая гэдэг кампанит ажил явуулдаг. Тэр гэхдээ голын ус, цахилгаан станцын нүүрсийг хэмнүүлэх гээд байгаадаа биш, тэр ус, цахилгааныг авчирч байгаа хүн хүч, шугам сүлжээ, дэд бүтцийн зардлыг хэмнэх тухай яриад байгаа юм. Хог ч үүнтэй адил. Нөгөө талдаа хүн бүр хардах эрхийн хүрээнд төсвийн асуудал яригдаж байна. Аливаа ажил, тендер худалдан авалтын үнэд Барилга хөгжлийн төвөөс магадлалын дүгнэлт эхэнд хийгддэг. Энэ ажлыг ийм зураг төслөөр, ийм материал ба ажлын хэмжээгээр хийхэд ойролцоогоор ийм өртөг шаардлагатай гэдгийг норм, стандарт, үнэ тооцоотой нь тулгаж шалгадаг. Ухаалаг хогийн сав магадлангаар орсон. Үүнд ил харагдах хогийн савнаас гадна суурилуулалтын зардал, угсралт, зураг төсөл, гадна тохижилт, ухаалаг контрол гээд цөм багтсан. Хүн ам төвлөрсөн метрополитан энэ хотод хогон дунд амьдардаг, менежмент байхгүй гэх асуудлыг цэгцэлье, дүүрэгтээ шийдье гэж эхэлсэн энэ ажлаа ингэж тайлбарлалаа. Өнөөдөр яриад маргааш шийдэгдэхгүйн адилаар асуудлыг системчилж, лего угсардаг шиг ажиллаж байна. Чингэлтэй дүүрэг хог хаягдлын менежментийн хувьд том амбицтай. Энийг болгочхоод тэрийг нь гэж хугацаа алдахыг хүсээгүй. Эцэст нь хийсэн хүн шүүмжлүүлдэг, магтуулдаг хойно доо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.