
2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон террорист халдлагаас хойш 25 жил өнгөрчээ. Тухайн үеийн халдлагыг зогсоох боломжтой мэдээллүүд Америкийн тагнуулын байгууллагуудад байсан ч тэдгээрийг цаг тухайд нь нэгтгэн дүгнэж, бодит аюулыг урьдчилан харж чадаагүй нь түүхэн дэх хамгийн том тагнуулын бүтэлгүйтлүүдийн нэг болсон байна.
2001 оны есдүгээр сарын 11-нд “Аль-Каида” бүлэглэлийн амиа золиослогчид барьцаалсан онгоцуудаа Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн хоёр цамхаг болон бусад бай руу чиглүүлсэн юм.
Тухайн өдөр нийт 2,977 хүн амиа алдсан бөгөөд халдлага нь XXI зууны эхний хоёр арван жилийн хугацаанд дэлхийн гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, тагнуулын стратегийг үндсээр нь өөрчилсөн үйл явдал болжээ.
“Тагнуулын асар том бүтэлгүйтэл”
9/11-ийн халдлагын дараа байгуулагдсан АНУ-ын 9/11-ийн Комиссын тайланд уг үйл явдлыг “төсөөлөл, бодлого, чадавх болон менежментийн бүтэлгүйтэл”-тэй холбон дүгнэсэн байна.
Тухайн үед АНУ-ын Тагнуулын төв газар буюу CIA болон Холбооны мөрдөх товчоо буюу FBI аль аль нь “Аль-Каида”, түүний удирдагч Осама бин Ладены талаар мэдээлэлтэй байсан. CIA бүр бин Ладеныг мөрдөн шалгах тусгай ажлын хэсэг байгуулсан байжээ.
Гэвч байгууллагууд өөр өөрийн цуглуулсан мэдээллийг хангалттай хэмжээнд хуваалцаж, нэгтгэн дүгнэж чадаагүй нь халдлагын аюулыг урьдчилан илрүүлэхэд томоохон саад болсон байна.
“Терроризмын эсрэг дайн” эхэлсэн нь
Халдлагаас ес хоногийн дараа тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш “Терроризмын эсрэг дайн”-ыг зарласан.
Үүний дараа АНУ болон түүний холбоотнууд терроризмтой тэмцэхэд асар их нөөц, цэргийн хүч, тагнуулын чадавхаа чиглүүлж эхэлсэн юм.
АНУ-ын тагнуулын байгууллагын бүтцэд ч томоохон өөрчлөлт орж, үндэсний тагнуулын байгууллагуудын хооронд мэдээлэл солилцоог сайжруулах зорилгоор шинэ бүтэц бий болгосон байна.
Мөн АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеландын хамтарсан “Five Eyes” тагнуулын хамтын ажиллагаа улам бүр чухал болсон аж.
Иракийн дайн шинэ сургамж авчирсан
Гэвч 9/11-ээс хойш тагнуулын алдаа бүрэн арилсангүй.
2003 онд АНУ тэргүүтэй хүчнүүд Иракт цэргийн ажиллагаа явуулахын өмнө Саддам Хусейны дэглэмийг үй олноор хөнөөх зэвсэгтэй гэх мэдээлэлд тулгуурласан.
Хожим эдгээр мэдээллийн ихээхэн хэсэг нь буруу, баталгаажаагүй эх сурвалжид тулгуурласан нь ил болсон байна.
Их Британийн тагнуулын байгууллага MI6 ч уг асуудлаар ноцтой шүүмжлэлд өртсөн бөгөөд Иракийн үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөрийн талаарх тагнуулын мэдээлэл “ноцтой алдаатай, баталгаажаагүй эх сурвалжид хэт их тулгуурласан” гэж Butler Review дүгнэжээ.
Лондоны халдлага ч тагнуулын байгууллагуудын алдааг харуулсан
2005 оны долдугаар сарын 7-нд Лондонд болсон амиа золиослогчдын халдлагаар 52 хүн амиа алдсан.
Их Британийн MI5 халдлагын гол зохион байгуулагч Мохаммед Сидик Ханы талаар өмнө нь мэдээлэлтэй байсан боловч түүний удахгүй халдлага үйлдэх гэж байгааг тогтоож чадаагүй байна.
2017 оны Манчестерийн цэнгэлдэх хүрээлэнд болсон халдлага мөн тагнуул, аюулгүй байдлын системийн алдааг дахин харуулсан үйл явдал болсон юм.
Терроризмын эсрэг тэмцэлд анхаарлаа хэт төвлөрүүлсэн үү?
9/11-ээс хойших эхний 20 жилд барууны орнууд терроризм болон босогчдын эсрэг ажиллагаанд анхаарлаа ихээхэн төвлөрүүлсэн.
Их Британийн MI6-ийн даргаар 2014-2020 онд ажилласан Алекс Янгер барууны орнууд энэ хугацаанд Хятадын цэрэг, стратегийн хүчирхэгжилтийг дутуу үнэлсэн гэж үзжээ.
АНУ болон Европын орнууд Афганистан, Ирак болон терроризмын эсрэг ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлж байх зуур Орос, Хятад улс цэргийн чадавхаа эрчимтэй нэмэгдүүлсэн байна.
Тухайлбал, гиперсоник пуужин зэрэг шинэ технологи хөгжсөнөөр НАТО-гийн өмнөх цэргийн давуу байдал тодорхой хэмжээнд багассан гэж шинжээчид үзэж байна.
Хятадын аюул зөвхөн цэрэг зэвсгээр хэмжигдэхээ больжээ
Өнөөдөр Хятад улс барууны тагнуулын байгууллагуудын хамгийн чухал байнуудын нэг болсон байна.
Шинжээчдийн үзэж буйгаар Хятадын хүч нөлөө зөвхөн усан онгоц, пуужин, цэргийн хүчээр хязгаарлагдахгүй. Харин хагас дамжуулагч, стратегийн ашигт малтмал, батарей, боомт, харилцаа холбоо, үйлдвэрлэлийн хүчин чадал зэрэг салбар улам бүр стратегийн ач холбогдолтой болж байна.
Тиймээс өнөөгийн гол асуудал нь мэдээлэл цуглуулах чадвар гэхээсээ илүү цуглуулсан мэдээллүүд хоорондоо ямар холбоотойг зөв ойлгож, стратегийн түвшинд зөв дүгнэлт хийх явдал болжээ.
Дэлхий 25 жилийн өмнөхөөс эрс өөрчлөгджээ
9/11-ээс хойш тагнуул, терроризмтой тэмцэх арга барил бараг танигдахын аргагүй өөрчлөгдсөн байна.
Өнөөдөр хиймэл оюун ухаан, квант тооцоолол зэрэг технологиуд тагнуул, аюулгүй байдлын салбарт шинэ боломж төдийгүй шинэ сорилтуудыг бий болгож байна.
Гэхдээ түүхэн сургамж өөрчлөгдөөгүй. Олон тооны мэдээлэл цуглуулах нь өөрөө хангалтгүй бөгөөд тэдгээр мэдээллийг зөв холбож, ирээдүйд үүсэж болох аюулыг стратегийн түвшинд урьдчилан харах нь хамгийн чухал хэвээр байна.
9/11-ийн өмнө АНУ-ын тагнуулын байгууллагууд олон “эвлүүлдэг тоглоомын хэсэг”-тэй байсан ч тэдгээрийг нэг зураг болгон харах чадвар дутсан. Өнөөдөр дэлхийн хүчний харьцаа дахин өөрчлөгдөж буй энэ үед 25 жилийн өмнөх алдааны сургамж дахин хөндөгдөж байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.