
Хотын дарга Б.Пүрэвдагвын 100 хоногийн өдрөөрөө танилцуулсан “Шинэ үеийн Улаанбаатар” бодлого бол санааны хувьд Улаанбаатарт хэрэгтэй бодлого. Гэхдээ санаа том байх тусам санхүүгийн сахилга бат бүр ч том байх ёстой. 31 их наядын төслийн багцтай хотод “бүгдийг хийнэ” гэсэн улс төрийн амлалт бус, “аль нь хамгийн түрүүнд, ямар мөнгөөр, хэдийд, ямар үр дүнтэй хийх вэ?” гэсэн хатуу эрэмбэ хэрэгтэй.
Энд нэг зүйлийг шударгаар хэлэх ёстой. Өнөөдөр Улаанбаатар ийм хэмжээний мега төслүүдийг ярьж, санхүүжүүлэх боломжтой болсон нь зөвхөн өнөөдрийн хотын удирдлагын бий болгосон нөхцөл биш. Д.Сумъяабазар хотын даргаар ажиллаж байх үед нийслэлийн эрх зүйн орчны шинэчлэлд үсрэнгүй өөрчлөлт хийгдэж, хот өөрийн орлого, санхүүгийн чадавхиа нэмэгдүүлэх боломжийг эрхзүйн хувьд бүрдүүлж өгсөн. Үүний үр дүнд өмнөх үеийнхтэй харьцуулахад нийслэл илүү их хэмжээний төсөв, хөрөнгө оруулалтын талаар ярих боломжтой болсон. Түүний дараа Х.Нямбаатарын үед зарим томоохон төслүүдийг хөдөлгөж, өмнө эхэлсэн төслүүдийг үргэлжлүүлэн хийсэн.
Тэгэхээр Б.Пүрэвдагва өнөөдөр хоосон талбай дээр хот байгуулж эхлээгүй. Тэр өмнөх хотын дарга нарын бий болгосон эрх зүйн орчин, санхүүгийн боломж, ТЭЗҮ, төлөвлөлт, эхлүүлсэн төслүүдийг өвлөж авсан. Тиймээс түүний өмнө тавигдаж буй гол шалгуур нь шинэ төсөл нэмж зарлах биш. Байгаа боломжийг зөв эрэмбэлж, эхэлсэн ажлаа дуусгах.
Туулын хурдны замыг яах вэ?
Энэ асуулт бодлогын залгамж чанарын хамгийн тод шалгуур болно. Туулын хурдны зам бол нэг Засаг даргын хувийн төсөл биш. Хотын өмнөх удирдлагуудын үед эхэлсэн, тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулагдсан, хотын түгжрэлийг бууруулах зорилготой томоохон дэд бүтцийн төсөл. Б.Пүрэвдагва энэ төслийг үргэлжлүүлэх үү? Цар хүрээг нь өөрчлөх үү? Өртөг, үр ашгийг нь дахин тооцох уу? Эсвэл өөр тээврийн шийдэлтэй уялдуулах уу? Энд нэг зарчим байх ёстой. Залгамж чанар гэдэг нь өмнөх бүхнийг сохроор үргэлжлүүлэх биш. Зөвийг нь үргэлжлүүлж, бурууг нь засаж, татвар төлөгчийн мөнгөөр эхэлсэн ажлыг үр дүнгүй орхихгүй байхыг хэлнэ.
Хотын дарга солигдох бүрд Улаанбаатар тэгээс эхэлж болохгүй. Метро бол нэг Засаг даргын дөрвөн жилийн төсөл биш. Туулын хурдны зам ч мөн адил. Тойрог зам, дулааны станц, усны байгууламж, гэр хорооллын инженерийн дэд бүтэц ч нэг хүний улс төрийн карьерын хугацаанаас урт настай. Тиймээс “Шинэ үеийн Улаанбаатар”-ын нэг гол шалгуур нь Б.Пүрэвдагва өмнөх хотын удирдлагуудын бодлогыг хэр хэмжээнд залгамжлан авч, өөрийн бодлоготой уялдуулж чадах вэ гэдэг дээр байна.
Хэрэв Засаг дарга бүр өмнөхийнхөө төслийг “минийх биш” гэж үзээд зогсоодог бол Улаанбаатарын хөгжлийн үнэ төлөөс улам нэмэгдэнэ.
Харин өмнөх үеийн алдааг давтахгүйгээр зөв төслүүдийг үргэлжлүүлж чадвал хотын бодлого анх удаа нэг хүний нэрээс салж, институцийн залгамж чанартай болж эхэлнэ.
Б.Пүрэвдагвын хамгийн том сорилт “үгүй” гэж хэлэх чадвар
Улаанбаатарт метро хэрэгтэй. Туулын хурдны зам хэрэгтэй. Тойрог зам хэрэгтэй. Сургууль хэрэгтэй. Дулааны станц хэрэгтэй. Ус, үер, инженерийн дэд бүтэц хэрэгтэй. Гэр хорооллын шинэчлэл хэрэгтэй. Гэхдээ бүгдийг нэгэн зэрэг хийх санхүүгийн боломж хязгаарлагдмал.
Тиймээс хотын даргын жинхэнэ менежментийн чадвар нь хэдэн төсөл зарласнаар бус, хэдэн төслийг зөв эрэмбэлж чадсанаар хэмжигдэнэ. Зарим төсөлд “одоо биш” гэж хэлэх хэрэг гарна. Заримыг нь зогсоох шаардлага ч гарч магадгүй. Заримыг нь өмнөхөөсөө илүү хурдтай дуусгах ёстой. Энэ бол эдийн засгийн шийдвэрээс гадна улс төрийн шийдвэр. Учир нь аль нэг төслийг хойшлуулахад тодорхой ашиг сонирхол хөндөгдөнө. Аль нэгийг нь түрүүлж санхүүжүүлэхэд өөр нэг төсөл хүлээнэ. Тиймээс Б.Пүрэвдагвын хамгийн том шалгалт бол шинэ төсөл эхлүүлэх улс төрийн зориг биш, зарим төсөлд “үгүй” гэж хэлэх улс төрийн зориг байх болно. Энэ бол Б.Пүрэвдагвын улс төрийн дараагийн үнэлгээ.
Өнөөдөр Б.Пүрэвдагвад боломж байна. Хот өмнөхөөсөө санхүүгийн хувьд илүү том болсон. Эрх зүйн орчин шинэчлэгдсэн. Өмнөх удирдлагуудын үед олон том төслийн суурь тавигдсан. Одоо түүнээс шаардагдах зүйл бол шинэ боломж бий болгох бус, байгаа боломжийг бодит үр дүн болгох. Тиймээс “Шинэ үеийн Улаанбаатар” зөвхөн хотын хөгжлийн бодлого биш. Б.Пүрэвдагвын улс төрийн шалгалт.
Тэр 16 мега төслийг бүгдийг нь хөдөлгөх гэж оролдох уу, эсвэл хотын бодит хэрэгцээ, санхүүгийн боломжид тулгуурлан цөөн хэдэн төслийг сонгож, дуусгаж чадах уу? Туулын хурдны замыг үргэлжлүүлэх үү? Метроны санхүүжилтийг бодитоор шийдэх үү? Өмнөх удирдлагуудын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх үү? Эсвэл Улаанбаатарын хөгжлийн чиглэлийг дахин шинээр зурах уу?
Эдгээр шийдвэрийн нийлбэр нь зөвхөн хотын ирээдүйг бус, Б.Пүрэвдагвын цаашдын улс төрийн замналыг ч тодорхойлох магадлалтай. Өнөөдөр түүнд өмнөх үеийнхнээс өвлөж авсан эрх зүйн боломж, санхүүгийн боломж, эхлүүлсэн төслүүд байна. Одоо түүнээс шаардагдах зүйл бол боломжийг амлалт болгох биш, амлалтыг бодит бүтээн байгуулалт болгох.
"Шинэ үеийн Улаанбаатар”-ын жинхэнэ тайланг өнөөдөр гаргахгүй.
Хэдэн жилийн дараа Улаанбаатарын иргэн:
Метро баригдсан уу?
Туулын хурдны зам дууссан уу?
Түгжрэл хэдэн хувиар буурсан бэ?
Утаа хэдэн хувиар багассан бэ?
Хотын төсөв ямар өгөөжтэй болсон бэ? гэж асууна.
Тэр асуултын хариу л “Шинэ үеийн Улаанбаатар”-ыг үнэлнэ.
Улаанбаатарт өнөөдөр хамгийн их хэрэгтэй зүйл нь шинэ төсөл биш. Хийж чадах төслөө зөв эрэмбэлж, эхэлснээ дуусгадаг хотын менежмент юм.
Н.Сүрэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.