Түүхэн дэх хамгийн “жул” хотын дарга
 

Түүхэн дэх хамгийн “жул” хотын дарга

Монгол Улсын хүн амын тэн хагас оршин суудаг Улаанбаатар хотын даргаар томилогдсон Б.Пүрэвдагвын ажлын эхний 100 хоног удахгүй болно. Залуу үеийн төлөөлөл хэмээн нэрлэгдэж, хотын төдийгүй улс эх орны амьдралд шинэ салхи оруулсан томилгоо боллоо хэмээн анх ажил авахдаа хэлүүлж байсан хотын даргын ур чадвар, ажлын санаачлага, бүтээн байгуулах зорилго төлөвлөлт бодсоноос хамаагүй сул байгааг олон нийт жиг жуг хийх болов.

Улаанбаатар хотын дарга болсон Б.Пүрэвдагваас өмнөх 10 даргын “си ви”-г үзвэл наанадаж л УИХ-ын гишүүн, сайд, дүүргийн төлөөлөгч, НИТХ-ын тэргүүлэгч бүр дор хаяж л намын хороогоо удирдсан туршлагатай “акулууд” байв. Харин одоогийн хотын даргын намтар, ажил албан тушаалын туршлага даан ч нимгэн. Улаанбаатар хотын 37 дахь дарга хэмээх чухал хариуцлагатай албыг авсан түүний хамгийн дээд албан тушаал НИТХ-ын төлөөлөгч байлаа. Бусад албан ажил нь дандаа зөвлөх, туслах, бодлогын менежер зэрэг улс төрийн албан тушаал. Өдөр тутам тэлж, мянга мянган асуудал, зовлонд нэрвэгдсэн Улаанбаатар хотыг удирдахад Б.Пүрэвдагвын ажлын туршлага сулдахын зэрэгцээ арай л залуугаараа томилогдсон гэх хүмүүс бий. Товчхондоо цэвэр улс төрийн албан тушаалтан, намын дотоод хагарлын дундуур “лист харж байгаад” томилж орхисон түр гал унтраах хэний ч мэдэхгүй газарт хэвтэж байсан хөзөр мөн гэхэд буруудахгүй.

Үнэндээ өмнөх хотын дарга нараас Х.Нямбаатар л гэхэд аж ахуй, үйлчилгээ, газар зохион байгуулалт, эзэмшлийн маргаан болон өмчлөл, төлөвлөлт дэд бүтцийн ажлуудыг бүх дүүргийг дайчлан зохион байгуулахаар дуулиантай ажилладаг байв. Түүний сайн мууг дүгнэн шинжлэх нь цаг хугацааны асуудал. Мөн хотын экс дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хэмээх их айлын төсөв, үйлчилгээний зардал, бусад хэрэгтэй шаардлагатай зүйлст улсын төсвөөс хуваарилдаг 40 тэрбум төгрөг хаанаа ч хүрэхгүй байгааг соргогоор анзаарч Улаанбаатар Хотын Эрх Зүйн байдлын тухай хуулийг батлуулж, Алтан тэвшийн хөндийд буглан овоорсон мянган зовлонг гэтэлгэх санхүү, хууль эрх зүй, ажиллах орчин нөхцөл зохион байгуулалт гээд 35 жилийн түүхэнд анх удаа нүсэр том реформын шинжтэй өөрчлөлт хийж байлаа.

Мээр асан Э.Бат-Үүл хотын эмх цэгц, дэг журам, ахуй цэвэрлэгээ, дэд бүтцийн шинэчлэлүүдэд анхаарч явснаараа магтагддаг бол түүний өмнөх хотын дарга нар ч албан тушаал, ажлын туршлагаараа дор хаяж л УИХ-ын танхимд бодлого, хуулийн төсөл хэлэлцэхэд хангалттай олон жил ажилласан кадрууд.

Нүхэн гарц, автобусны суудал захиалга, хойшилсон хурим..

Харин одоогийн хотын дарга Б.Пүрэвдагва санаачилсан ажил, төсөл хөтөлбөр үгүй. Анзаарвал түүний зарласан “Шинэ үеийн Улаанбаатар” төсөл нь дандаа өмнөх хотын дарга нарын санаачлан хэрэгжүүлж байсан ажлуудын үлдэгдэл, дуусаагүй хөтөлбөрүүд. Зуухан хоногт юу санаачилж, юу амжуулах вэ гэж шүүмжилж магадгүй. Үнэн. Гэхдээ л ам нээх тоолондоо хол автобусны суудал захиалгаа зөв тайлбарлаж мэдэхгүй нийгэмд буруу ойлголт төрүүлнэ. Хувийн амьдрал, ажил хоёроо салгаж мэдэхгүй хуримаа хойшлууллаа гэж мунгинана. Нүхэн гарцны доогуур машинтай гарахаар эрчүүдийн хийморь сүлд мууддаг гэхчлэн ойлгомжгүй тайлбар хэлээд зогсож байх арай л гонсойлгом санагдана.

Улаанбаатар хотын асуудлууд биднийг хүлээлгүй улам хүрээгээ тэлсээр. Шинээр дэд төвүүд, эрчим хүчний эх үүсвэр, замын түгжрэлийн оновчтой шийдлүүд, амьдрах орчин, хот төлөвлөлт, гэр хорооллын замбараагүй барилгажилт тэлэлтүүдийг хэн хэзээ яаж шийдэж, ямар бодлогод зангидан шийдэл олох вэ гэдэг асуулт зүгээр л асуулт хэвэээрээ үлдэж байна.

Улаанбаатар хотын жинхэнэ зовлон удахгүй эхэлнэ. Зуны дэлгэр цагт томилогдсон залуу мээр байгаа үгүй нь мэдэгдэхгүй суугаа нь яг одоо бол амар л байна. Гэвч утаа, түгжрэл, цахилгаан тасрах зовлон, хэзээ ч дэлбэрч хотоороо хөлдөж магадгүй өвгөн станцуудын айдас, шөнө унтаад л өглөө гэр бүлээрээ сэрдэггүй аймшигт угаарталт, шахмал түлшний дуусдаггүй мянган зовлон гээд л. Бичээд байхад дуусахгүй энэ их асуудал Б.Пүрэвдагва хотын даргыг “Эвий минь залуу юм, сэвтээчихэв яахнав та нар” гэсэн толгой илэлтүүдээр тийм ч олон өнгөрөөхгүй л байх.

Б.Өгөдэй

Г. Тэмүүлэн, түүний аав, 30-ийн бүлэг
Г. Тэмүүлэн, түүний аав, 30-ийн бүлэг
 
Я.Содбаатар: Эсрэг санал өгсөн хүмүүсийг намаас ХӨӨНӨ
Я.Содбаатар: Эсрэг санал өгсөн хүмүүсийг намаас ХӨӨНӨ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.