
ОХУ-ын Буриадын Улаан-Үдэ хотын уугуул, 23 настай Алексей Бадмаевыг 14 жилийн хорих ял эдлүүлэхээр Якутын чанга дэглэмтэй хорих ангид шилжүүлжээ.
Бадмаевыг Украины блогерт 500 рубль буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 6 ам.доллар шилжүүлсэн, мөн нийгмийн сүлжээнд ОХУ-ын эрх баригчдын зүгээс терроризмыг зөвтгөсөн гэж үзсэн агуулгатай сэтгэгдэл бичсэн хэмээн буруутгаж, 2025 оны нэгдүгээр сард долоон жилийн хорих ял оноосон байна.
Гэвч прокурор уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдасны дараа ялыг нь хоёр дахин нэмэгдүүлж, 14 жил болгон өөрчилжээ.
Оросын шүүхийн мэдээллээр Бадмаевыг төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн, терроризмыг зөвтгөсөн, сурталчилсан, мөн зэвсэгт бүлэглэлийг санхүүжүүлэхийг завдсан гэх зүйл ангиар ялласан байна.
Бадмаев Украины блогерт 500 рубль шилжүүлсэн бөгөөд мөн ОХУ-д террорист байгууллага гэж бүртгэгдсэн “Русский добровольческий корпус” (РДК)-д мөнгө шилжүүлэхийг оролдсон гэх мэдээлэл бий.
Хэдийгээр анхан шатны шүүх 2025 оны нэгдүгээр сарын сүүлээр Бадмаевт 7 жилийн хорих ял оноосон ч прокурор эсэргүүцэл бичсэнийг Москва дахь давж заалдах шатны цэргийн шүүх хэлэлцээд, ялыг 14 жил болгон нэмэгдүүлжээ. “Настоящее время”-ийн мэдээллээр шүүх прокурорын ялыг нэмэгдүүлэх шаардлагыг хүлээн авснаар энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулдаг ялын хэмжээ хойд хөршид улам бүр чангарч буй бололтой.
Хамгийн сүүлийн мэдээллээр Бадмаев 14 жилийн ялын эхний 2.5 жилийг Челябинск мужийн Верхнеуральскийн шоронд өнгөрүүлсэн. Ингээд түүнийг 2026 оны есдүгээр сарын 4-нд Якутын хорих ангид шилжүүлэхээр авч явсан гэж ар гэрийнхэн нь мэдээлснийг уламжилжээ. Тухайн үед тэр "Магнитогорскийн СИЗО №2"-т хүргэгдсэн бөгөөд цааш Якут руу явна гэж эцэг эхдээ захидлаар мэдэгдсэн байна.
Бадмаев өмнө нь Верхнеуральскийн хорих ангид байхдаа дарамтанд байсан талаараа гэр бүлийнхэндээ захидлаар мэдээлж байжээ. Ингээд зогсохгүй энэ оны дөрөвдүгээр сард өлсгөлөн зарлаж байсан гэж “Люди Байкала” мэдээлсэн байна.
Эх сурвалж: “Люди Байкала”
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.