
Манай редакцид “Хоригдлууд ял эдэлж байна уу?, дарга нарын хаусыг барьж байна уу?” эх сурвалжийн мэдээлэл нийтлэгдсэн. Редакцид ирсэн мэдээллээр ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй 10 гаруй хоригдлыг 05-26 УБХ улсын дугаартай пургон автомашинаар тээвэрлэн хувийн хаусаа бариулж байгааг бид баримттай сурвалжиллаа. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас хууль бусаар хоригдлуудыг ажиллуулсан дарга нартаа хариуцлага тооцохын оронд харин ч биеэ өмөөрсөн агуулгатай мэдэгдэл гаргаад байна.
Тодруулбал, ШШГЕГ-ын Албан ёсны Фэйсбүүк хуудаст “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл олон нийтийн сайтад нийтлэгдсэн. Дээр дурдсан мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна” гэсэн агуулгаар мэдэгдэл гаргажээ.
Манай редакцид ирсэн мэдээлэл нь зөвхөн сураг ажиг төдий бус хоригдлуудыг ажиллуулж байгаа зураг, бичлэгээр баталгаажаад зогсохгүй хэн гэдэг албан тушаалтнууд хууль бусаар тэдгээр хоригдлоор хувийн хаусаа бариулж байгааг баримттай мэдээлсэн билээ.
Уг нь хоригдлууд ял эдлэх хугацаандаа ажил хийж болдог ч дарга нарт үйлчилж, тэдний хувийн зарц, боол мэт хувийн байшинг нь барих ёсгүй юм. Энэ талаар Хууль зүйн сайд С.Амарсайхан анхаарал тавьж ажиллах нь зүйтэй.
Хууль бусаар ажиллаж буй хоригдлуудын нэрсийг манай редакцид ирүүлээд байна:
ШШГЕГ-ын 409 дүгээр нээлттэй ангийн дарга А.Намсамандын шууд хяналтан доор байх хоригдлуудын нэрс нь:
Ю.Энхтүвшин, Т.Чинтогтох, С.Мөнхбаатар, Б.Баярбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Лхагвасүрэн, М.Ганхүү, Д.Мандахбаяр, Б.Болдтулга, Л.Батсайхан, Ц.Хүрэлчулуун, Б.Оюунбат, Х.Баянмөнх гэсэн хоригдлууд бөгөөд тэднийг Үйлдвэр эрхэлсэн дэд дарга хошууч Б.Мөнх-Эрдэнэ, хамгаалалтын ажилтан ахлах ахлагч Ж.Жадамба нар хариуцан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлах хувийн эзэмшлийн газартаа зуслангийн хаус, тансаг хашаа бариулсан мэдээлэл байна.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.