С.Амарсайхан явсны дараа 30-ийн бүлэг яах вэ?
 

С.Амарсайхан явсны дараа 30-ийн бүлэг яах вэ?

Монголын улс төрд өчигдрөөс өнөөдөр хүртэл ердөө 24 цагийн дотор маш хурдан эргэсэн үйл явдал боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон ХЗДХЯ-ны харъяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр нэгэн зэрэг ажлаас нь чөлөөлөв. Ерөнхий сайд үүнийг төрийн тусгай чиг үүрэг бүхий салбарын хэвийн ажиллагаа алдагдсан, яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоох хүртэл хамтран ажиллах боломжгүй болсон гэж тайлбарласан. Гэхдээ улс төрийн хамгийн сонирхолтой асуулт эндээс эхэлж байна.

Яагаад яг одоо?

Есдүгээр сарын 14-нд ШШГЕГ-ын дарга А.Намсаманд ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг харьяа байгууллагын томилгоонд хууль бусаар оролцсон хэмээн буруутгаж, улмаар асуудлыг олон нийтэд гаргасан. Харин маргааш нь С.Амарсайхан сайд хариу мэдэгдэл хийж, А.Намсаманд болон хуулийн байгууллагын зарим удирдлагатай холбоотой илүү ноцтой асуудлуудыг дэлгэсэн. Тэрбээр бүр “төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон” гэх мэт маш хатуу мэдэгдэл хийсэн. Ингээд маргааш нь С.Амарсайхан ажлаа өглөө. А.Намсаманд тэргүүтэй ШШГЕГ-ын удирдлагууд ч мөн албан тушаалаасаа чөлөөлөгдлөө.

Энэ бол зүгээр нэг салбарын сайд солигдсон үйл явдал уу? Эсвэл ХЗДХЯ, ШШГЕГ, ЦЕГ зэрэг хүчний байгууллагуудын доторх зөрчлийг нэг дор таслах гэсэн Н.Учралын улс төрийн шийдэл байв уу гэдэг нь удахгүй харагдана.

Бас нэг сонирхолтой өнцөг бий. УИХ дахь МАН-ын 30-ын бүлэгт С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Ж.Алдаржавхлан, Ч.Номин зэрэг улс төрчид багтдаг. Тэгэхээр өнөөдрийн шийдвэр зөвхөн нэг сайд С. Амарсайханы асуудлаар дуусахгүй байх. Тэгэхээр 30-ын бүлгийн Засгийн газар дахь байр суурийг бүхэлд нь дахин шинэчлэх болох уу.

С.Амарсайхан ганцаараа явсан уу? Эсвэл түүний араас Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Ж.Алдаржавхлан нарын 30-ын бүлгийн сайдын суудалд улс төрийн дарамт ирэх үү? Эсвэл Өөрсдөө өргөдлөө өгөх үү? Хэрэв тэд үлдвэл ямар тохиролцоогоор үлдэх вэ? Хэрэв гарвал 30-ын бүлгийн дараагийн улс төрийн алхам юу байх вэ зэрэг олон үйл явдлууд хүлээгдэж байна.

Хамгийн анхаарал татаж буй нь ШШГЕГ-ын удирдлагууд С.Амарсайхантай мөргөлдсөнөөс хойш ердөө хоёр хоногийн дараа энэ хоёр талын гол дүрүүдийг зэрэг авч хаясан явдал. Эндээс “тохироо байсан” гэж шууд дүгнэх баримт одоогоор ил болоогүй. Гэхдээ улс төрд заримдаа хэн хэнийг халсан бэ гэдгээс илүү, хэнийг хэнтэй нь хамт халсан бэ гэдэг нь илүү ихийг хэлдэг.

Өнөөдрийн ЕС-ын шийдвэрийн цаадах хамгийн том асуулт:

С.Амарсайхан дуусаад өнгөрөх үү? Эсвэл 30-ын бүлгийн улс төрийн шинэ үе эхэлж байна уу?

Н.СҮРЭН

Ерөнхий сайд Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханг ЧӨЛӨӨЛЛӨӨ
Ерөнхий сайд Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханг ЧӨЛӨӨЛЛӨӨ
 
Б.Оюутболд: С.Амарсайханыг шүүхэд өгнө
Б.Оюутболд: С.Амарсайханыг шүүхэд өгнө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.