
Улсын Их Хурал гэж юу вэ? Энэ бол Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага. Хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрхтэй гэсэн үг. УИХ нь Засгийн Газраа томилж, төсөв оруулж ирэхийг даалгана. Ингээд шаардлагатай улсын төсвөө барьж орж ирсэн Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдтайгаа зэрэгцэж суугаад УИХ-ын гишүүдийн асуултад хариулах ёстой. Болно, болохгүй, хэрэгтэй, хэрэггүй, шаардлагатай эсэхийг гагцхүү УИХ шийдэж, ирэх жилийн төсвийг гишүүдийн олонхийн саналаар батална. Энэ бол манай тогтолцооны онцлог, бид 35 жил ийм л замаар явж ирэв.
Гэтэл сүүлийн жилүүдэд ажлаа тайлагнах ёстой УИХ-ынхаа дээр нь гарч суусан Засгийн газрууд мэр сэр бий болов. Нэг үгээр бол том намын “атаманууд” засагтаа чихээд орчихдог болж. Тогтолцооны гажуудал гэхэд хэцүү ч үндсэндээ эрх барьж буй намын хамаг л том лидерүүд Засагтаа орсноор эрх мэдлийн тэнцвэр Гүйцэтгэх шатны буюу Засгийн газартаа илүүтэй жин дарлаа. Ингээд хууль ёсоор асуулт асууж, ямар учиртайг нь лавласан УИХ-ын гишүүд эцэстээ “Түгжилмаа” нэр цол авахдаа тулжээ. Ийм байж хэрхэвч болохгүй. Сангийн яам, Боловсролын яам, түүний доорх агентлаг, төрийн аппарат их хуралд тэр дундаа Байнгын хороонд илгээсэн саналаа өөрсдөө бэлддэг. Аль ч хэсгээс нь дурын “эксел”, “ворд” файлаа сугалж гаргаж ирээд асуух л болно. Улс төр байна уу? Энгийн асуудал ч байна уу хамаагүй гэсэн үг. УИХ-д суугаа хэн ч Засгийн газрын оруулж ирсэн ажлын файлуудтай танилцаж дурын хэсгээ сонгож тайлбар мэдээлэл авах эрхтэй. Бүр хуульчлагдсан.
Л.Энх-Амгалан өөрөө хаана байв
Улаан хамгаалагчийн дүрээр гарч ирсэн Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн байр суурь мэл гайхуулж, цэл хөхрүүлэв. Өөрийнх нь яам, бүр өөрийнх нь хамаарах ёстой газар. Тэгээд Засгийн газрын өөрсдийн өргөн барьсан төсөв. Түүнээс нь асуух ёстойгоо асуусан УИХ-ын гишүүнийг “түгжил” гэж доромжлох нь эрх мэдлийн шат дараалал улс төрийн нам руу хэлбийсний тод жишээ.
Энэ бол УИХ-ын бүрэн эрхэнд халдсан маш тодорхой үйлдэл бөгөөд ажлын файлын талаар ярьсныхаа төлөө “Улстөржсөн”, “Түгжилдсэн” гэх зэргээр хэлүүлэх нь төрийн эрх мэдлийн бүтцийн утга учир алдагдатлаа нэг намын улстөржилт галзуурсны илрэл юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.