Хотын дарга болох АМАРХАН, хот удирдах ХЭЦҮҮ
 

Хотын дарга болох АМАРХАН, хот удирдах ХЭЦҮҮ

Б.Пүрэвдагва дарга аа, Улаанбаатар таны PR-ийн талбар биш. Хотын даргын албан тушаал бол намын залуучуудын байгууллагыг удирдаж байснаас огт өөр ажил.

Улаанбаатарын иргэн өглөө ажилдаа гарахдаа таны намын карьер, улс төрийн ирээдүйг биш, зам нь түгжрэх үү, автобус нь ирэх үү, хүүхэд нь сургуульдаа аюулгүй очих уу, агаар нь ямар байх вэ гэдгийг л боддог. Тиймээс хотын даргын ажлыг “уулзалт хийлээ, зөвлөгөөн зохион байгууллаа, иргэдийн санал авлаа” гэдэг PR-аар хэмжих боломжгүй.

Өнөөдөр Б.Пүрэвдагва дарга хотын ажлыг авснаас хойш 100 хоногийн босго руу дөхөж байна. Өмнөх хотын даргын үед ч “100 хоног”, “эхний 100 өдөр” гэх мэтээр тайлагнадаг улс төрийн уламжлал бий. Харин иргэдэд хэрэгтэй нь тайлангийн гоё слайд биш, амьдралд мэдрэгдсэн өөрчлөлт. Тэгвэл асуулт энгийн. Юу өөрчлөгдөв?

Түгжрэл багассан уу?
Нийтийн тээвэр сайжирсан уу?
Замын чанар дээр бодит ахиц гарсан уу?
Орчны бохирдол буурсан уу?
Сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн үү?
Иргэдийн өдөр тутмын дарамт багассан уу?
Эсвэл бид дахиад л нэг шинэ даргын шинэ эхлэлийг хараад сууж байна уу?

Б.Пүрэвдагва бол улстөрийн болон төрийн гүйцэтгэх ажлын туршлагаараа хотын даргын сандалд суусан хүн биш. Түүний өмнөх карьерын гол хэсэг нь Улсын их хурлын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн ажлын алба зэрэг байгууллагын улс төр, захиргааны чиглэлийн ажилд төвлөрч байсныг албан материалд нь дурдсан байдаг.

Тиймээс түүнд нэг том давуу тал бий. Шалтаг хэлэх хугацаа бага. Хотын дарга болчихсон л бол одоо “би танилцаж байна”, “багтайгаа ажиллаж байна”, “судалж байна” гэдэг үе дуусах ёстой. Улаанбаатар бол туршилтын лаборатори биш. 3.5 сая хүний хот ч биш. Харин 1.8 сая хүний өдөр тутмын амьдралын талбар. Иргэдэд гоё үг биш, үр дүн хэрэгтэй. Хотын дарга гэдэг албан тушаалыг авахад улс төр хэрэгтэй байж болно. Харин хадгалахад чадвар хэрэгтэй.

Тиймээс Б.Пүрэвдагва даргад өнөөдөр тавих хамгийн шударга асуулт бол, "Та хотын дарга болсноор Улаанбаатар хотын иргэдийн амьдралд яг юу өөрчлөгдөв?”
Хэрэв хариулт нь тодорхой байвал харуул. Хэрэв үр дүн байгаа бол тоогоор ярь. Хэрэв хийсэн ажил байгаа бол иргэдэд мэдрүүл. Харин байхгүй бол PR-аар нөхөх гэж бүү оролд. Учир нь Улаанбаатарын иргэд аль хэдийн хангалттай олон даргын “шинэ эрин”-ийг үзсэн.

Одоо даргын PR биш, үр дүн хэрэгтэй.

Төр 30 хувиар ТУРСАН УУ, эсвэл нэрээ сольсон уу? 
Төр 30 хувиар ТУРСАН УУ, эсвэл нэрээ сольсон уу? 
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.