Цалин нэмбэл эдийн засаг улам дордоно, Ерөнхий сайдаа
 

Цалин нэмбэл эдийн засаг улам дордоно, Ерөнхий сайдаа

Монгол Улс инфляц өндөр, төсвийн алдагдал нэмэгдсэн, мөнгөний бодлого чангарсан үедээ байна. Ийм нөхцөлд цалин, тэтгэврийг огцом нэмэх нь иргэдийн амьдралыг бодитоор сайжруулах бус, харин үнийн өсөлтийг улам хурдасгах эрсдэлтэй.

Иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх нь мэдээж таатай шийдвэр. Өрхийн орлого нэмэгдэж, хэрэглээ сайжирч, иргэдийн амьдралд тодорхой хэмжээний дэмжлэг болно.

Гэвч эдийн засгийн хамгийн чухал асуулт нь “Цалин, тэтгэврийг нэмэх үү?” биш, “Ямар эх үүсвэрээр, ямар үед, хэдий хэмжээгээр нэмэх вэ?” гэдэгт оршиж байна.

Өнөөдөр Монголын эдийн засагт энэ асуултыг үл тоомсорлож болохгүй нөхцөл үүсээд байна.

Инфляц 13 хувьд хүрсэн үед цалин нэмэх нь ямар үр дагавартай вэ?

2026 оны долдугаар сард Монгол Улсын инфляц 13 хувьд хүрсэн талаар Монголбанкнаас мэдээлсэн. Инфляц богино хугацаанд огцом нэмэгдсэн бөгөөд мах, шатахуун зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлт гол нөлөө үзүүлсэн байна.

Үүний зэрэгцээ 2026 оны эхний хагаст эдийн засаг 7.7 хувиар өссөн ч төсөв 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа талаар мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл, эдийн засаг өсөж байгаа боловч үнийн өсөлт түүнээс дутахгүй хүчтэй байна.

Ийм үед төрөөс эдийн засагт дахин их хэмжээний мөнгө нийлүүлэх нь эрэлтийг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг улам хүчтэй болгох эрсдэлтэй.

Цалин нэмэгдэнэ, харин үнэ түүнээс хурдан өсвөл яах вэ?

Жишээ нь төрийн албан хаагчийн цалин 10 хувиар нэмэгдлээ гэж бодъё.

Иргэн эхний ээлжид:

“Миний орлого нэмэгдлээ” гэж ойлгоно.

Гэвч үүний дараа:

  • хүнсний үнэ өснө;
  • үйлчилгээний үнэ нэмэгдэнэ;
  • түрээс, орон сууцны зардал нэмэгдэнэ;
  • тээврийн зардал өснө;
  • хувийн хэвшлийн цалин дагаж нэмэгдэх шаардлагатай болно.

Ингээд цалингийн нэмэгдэл хэдхэн сарын дотор үнийн өсөлтөд “идэгдэж” болзошгүй.

Өөрөөр хэлбэл, цалин 10 хувиар нэмэгдсэн ч бодит худалдан авах чадвар 10 хувиар өсөхгүй.

Бүр эсрэгээрээ инфляц цааш нэмэгдвэл иргэдийн гар дээрх мөнгөний бодит үнэ цэнэ буурна.

Саяхан эдийн засагч, Монголбанкны судлаачдын байр суурийг иш татсан мэдээлэлд цалингийн өсөлт суурь инфляцид тодорхой дарамт үзүүлэхээр байгааг анхааруулсан бөгөөд цалин нэмэгдсэнээр суурь инфляц дунджаар 1.2 нэгж хувиар өсөх тооцоо гарсан байна.

Төр мөнгө тараах тусам төсөвт дарамт нэмэгдэнэ

Цалин, тэтгэвэр бол нэг удаагийн зардал биш. Өнөөдөр нэмсэн цалин, тэтгэврийг маргааш буцааж бууруулах боломжгүй. Тиймээс төрд жил бүр тогтмол гарах асар их хэмжээний зардал бий болно.

2026 оны төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэхээр нийт 884.1 тэрбум төгрөгийн нэмэлт зардал тусгасан талаар мэдээлж байсан.

Харин энэ мөнгөний эх үүсвэр тогтвортой биш бол яах вэ?

Уул уурхайн үнэ буурна. Нүүрсний экспорт багасна. Төсвийн орлого тасарна.

Гэхдээ цалин, тэтгэвэрт зарцуулах мөнгө хэвээрээ үлдэнэ.

Тэгвэл төр:

зардлаа танах, татвар нэмэх, зээл авах, эсвэл төсвийн алдагдлаа өсгөх

сонголтын өмнө ирнэ.

Өнөөдөр Монгол Улс яг ийм эрсдэлийг тооцох шаардлагатай байна.

Хөрөнгө оруулалтыг танаж цалин нэмэх нь зөв үү?

Энд бүр ч ноцтой асуудал бий.

Хэрэв цалин, тэтгэвэр нэмэхийн тулд зам, сургууль, эмнэлэг, дэд бүтэц зэрэг хөрөнгө оруулалтын зардлыг танавал өнөөдөр иргэдэд мөнгө өгч байгаа мэт боловч маргаашийн эдийн засгийн өсөлтийн суурийг багасгаж болзошгүй.

Учир нь эдийн засгийг урт хугацаанд өсгөх зүйл нь зөвхөн хэрэглээ биш.

Үйлдвэрлэл, бүтээмж, дэд бүтэц, бизнесийн хөрөнгө оруулалт, шинэ ажлын байр хэрэгтэй.

Харин төрийн урсгал зардал байнга өсөөд, хөрөнгө оруулалт хумигдвал эдийн засаг хэрэглээнд түшиглэсэн, бүтээмж багатай бүтэц рүү улам хэлбийх эрсдэлтэй. Хувийн хэвшилд ч цохилт өгнө

Төрийн байгууллагын цалин огцом нэмэгдэхэд хувийн хэвшил ч дагаж цалингаа нэмэх дарамтад орно. Компаниудын хувьд цалин бол зардал. Тиймээс төрийн уг шийдвэрийн дараа хувийн хэвшил цалин өсгөх шаардлага үүсч, үүнийг дагаад компанийн дотоод зардал, бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нэмж өсөх хандлагатай байдаг. Энэ бол эдийн засагт төрөөс хиймлээр бий болгосон зохиомол үнийн хөөрөгдөл бүхий дам нөлөө юм.

Харамсалтай нь арай ядан хөл дээрээ дэнжигнэж буй зарим жижиг, дунд бизнес эрхлэгч ААН-үүд цалингаа нэмэх боломжгүй бол ажилтныхаа тоог цөөлөх, үйл ажиллагаагаа хумих эсвэл бизнесээ зогсоох эрсдэл ч бий. Ингэснээр төрийн цалингийн өсөлт хувийн хэвшлийн хөдөлмөрийн зах зээлд хүртэл дарамт үүсгэнэ. Нэгэнт хөөрөгдсөн нэмэлт үнийн өсөлт Монголбанканд бодлогын хүүгээ бууруулахад хүндрэл үүсгэдэг. Ингээд төгрөг улам суларч, эдийн засаг улам агших анхны эфектүүд нийгэмд бий болж эхэлнэ.

Инфляц өндөр байх тусам Монголбанк үнийн өсөлтийг хазаарлахын тулд мөнгөний бодлогоо чангаруулах шаардлагатай болдог.

2026 оны наймдугаар сарын байдлаар инфляц 13 хувьд хүрсэн үед Монголбанк бодлогын хүүгээ 12.5 хувьд хүргэв

Бодлогын хүү өндөр байна гэдэг нь бизнес, иргэдийн зээлийн өртөг өндөр байна гэсэн үг. Мах, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн дарамтанд сөхөрч дуусч буй хувийн хэвшлүүдэд өдрөөс өдөрт амь зуухад хүндрэлтэй болж байна.

Зээлийн хүү өндөр болж бизнесийн зээл цөөрч, хөрөнгө оруулалт буурч, шинэ ажлын байрны эрэлт улам агшиж буй нь эдийн засгийн өсөлт тэр хэрээр саарч буй хэмжүүр гэлтэй.

Тиймээс нэг талаас төр цалин нэмэгдүүлж эдийн засагт эрэлт нэмэх, нөгөө талаас Монголбанк инфляц дарахын тулд мөнгөний бодлогыг чангаруулах гэсэн хоорондоо зөрчилдсөн бодлого үүсч болзошгүй. Уг нь арифметик тоон утгаараа цалин нэмэх нь буруу биш мэт сонсогдовч үүний өмнө эдийн засгийн бодит боломжоо тооцох шаардлагатай юм.

Хэрэв улсын бүтээмж өсөж, бизнесүүдийн орлого нэмэгдэж, төсвийн орлого тогтвортой өсөж байвал цалин нэмэгдэх нь эрүүл үзэгдэл.

Ерөнхий сайд аа, өнөөдрийн популизмаас илүү маргаашийн эдийн засгаа бодох хэрэгтэй

Иргэдэд мөнгө өгөх нь улс төрийн хувьд хамгийн амархан шийдвэр байж болно. Гэхдээ эдийн засгийн хувьд хамгийн зөв шийдвэр байх албагүй. Иргэдийн цалинг 100 мянгаар нэмээд хүнсний үнэ 150 мянгаар өсвөл хэн хожих вэ?

Тэтгэврийг нэмээд эм, хүнс, үйлчилгээний үнэ түүнээс хурдан өсвөл ахмадуудын амьдрал үнэхээр сайжрах уу?

Төрийн албан хаагчдын цалинг нэмэхийн тулд хөрөнгө оруулалтаа танавал ирээдүйн ажлын байр, үйлдвэрлэл хаанаас бий болох вэ?

Энэ бол өнөөдөр Засгийн газар өөрөөсөө асуух ёстой асуулт.

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар иргэдэд таалагдах шийдвэр гаргахаас илүү эдийн засагт зөв шийдвэр гаргах үүрэгтэй.

Монголын эдийн засагт өнөөдөр хамгийн хэрэгтэй зүйл бол зах зээлд улам их мөнгө цацах бус, инфляцыг тогтворжуулах, төсвийн сахилга батыг сайжруулах, хувийн хэвшлээ дэмжих, үйлдвэрлэл болон бүтээмжийг өсгөх бодлого юм. Учир нь цалин нэмэгдсэн ч үнэ түүнээс хурдан өсвөл иргэд улам л хүндрэлтэй цаг үетэй нүүр тулна. Ердөө л арай илүү их хэвлэсэн мөнгөтэй ядуу улс болно гэсэн үг.

Тиймээс цалин, тэтгэврийг нэмэхээсээ өмнө Монголын эдийн засаг энэ нэмэгдлийг даах чадвартай эсэхийг бодох ёстой. Энэ бол түр зуурын популизм биш. Урт хугацаандаа эдийн засгаа тогтоон барих, өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэх хэлц үг санаанд орж байна.

Өнөөдөр түр зуурын улс төрийн оноо авахын оронд маргаашийн эдийн засгийг аврах шийдвэр хэрэгтэй байна.

Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ
Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.