
Монгол Улсын иргэд 3 их наяд төгрөгийн ногдол ашиг хүртэх гээд Ерөнхий сайд бөөн хөөр баяр. Яг үнэндээ Оюутолгойн ногдол ашиг иргэдэд хүртээмжтэй байж чадах уу. Эсвэл бас л нэг Ерөнхий сайдын ээлжит “ам пи-ар уу” гэдгийг анхаарах чухал. Монгол Улс өнөөдөр анх удаа Оюутолгой ХХК-аас ногдол ашиг авахаа зарлаад буй энэ цаг үед холбогдох мэдээллүүдийг тооцож үзье.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлсэн байдаг.
Төсвийн хүрээний мэдэгдэлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 41.3 их наяд төгрөг, зарлагынг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Ерөнхий сайд энэ талаар хэлэхдээ, "Засгийн газар энэхүү төсвийн хүрээнд есөн шийдвэр гаргалаа. Байгалийн баялгийн үр өгөөжөө иргэддээ тэгш хүртээнэ. Жижиг дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлээ дэмжиж, эдийн засгаа сэргээхэд чиглэж байна. Оюутолгой төслөөс Монгол Улс анх удаа ногдол ашиг авах гэж байна. Үүнийг түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулахад зарцуулна” гэв.
Өөрөөр хэлбэл, Дулааны 3 дугаар цахилгаан станцын дэргэд 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны 6 дугаар цахилгаан станц барьж байгуулах, 10 аймагт дулааны цахилгаан станц байгуулах ажлыг дуусгана. Хуримтлалын санд мөн төвлөрүүлж, иргэдийн эрүүл мэнд, орон сууцанд зарцуулахаар төлөвлсөн гэж мэдэгдсэн.
ОТ ногдол ашиг+ Гурван их наяд+Хуримтлалын сан
Сангийн сайд З.Мэндсайхан есдүгээр сарын 1-ний өдөр ““Рио Тинто” групптэй хэлэлцээр хийсний үр дүнд “Оюу толгой” компаниас авах ногдол ашгийг 2027 оны улсын төсөвт тусгаж оруулсан. Ногдол ашгийн хэмжээг хамгийн багаар буюу 3 их наяд төгрөг байхаар төсөвлөсөн. Үүнээс 2 их наяд төгрөгийг нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах, 1 их наяд төгрөгийг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдэд хүртээж, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн зээлд зарцуулахаар хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан” гэв.
Үүнээс харахад иргэдэд ирэх ёстой 3 их наяд төгрөгийн 2 их наяд төгрөгөөр төр бүтээн байгуулалт хийнэ гэв. Мэдээж хэрэг төрийн хийж буй бүтээн байгуулалт хэрхдэг гэдгийг түмэн андахгүй биз. Энэ нь дээр дурдсанчлан “Дулааны 6 дугаар цахилгаан станц, малын эм вакцин, арьс ширний үйлдвэр, зургаан бүс тус бүрд Кэмбрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль барихад” зориулахаар төлөвлөсөн гэх. Харин 1 их наяд төгрөгийг хуримтлалын санд байршуулж, түүнээсээ тухайн иргэн зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн зээлдээ зарцуулах боломжтой гэжээ. Ингэснээр Оюутолгойн ногдол ашиг мөн л “толгой дээгүүр” эргэлдсээр өнгөрнө гэсэн үг. Харин өнөөдөр Ерөнхий сайд Оюутолгойн ногдол ашиг иргэнд зориулсан шийдвэр гэх сүртэй нэртэй мэдэгдлийг ээлж дараалан, өдөр алгасалгүй хийсээр л байгаа. Харин бодит байдал дээр иргэдэд хүртэх нэг ч төгрөг байхгүй нь тоо баримт өөрөө хэлж өгч байна.
Үндэсний баялгийн санг хэзээ ашиглаж эхлэх вэ?
Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрөлжсөн сангаас бүрдэхээр зохицуулсан. Үүнээс Хуримтлалын сан нь уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогыг төвлөрүүлж, иргэн бүрийн нэрийн дансанд байршуулдаг.
Энэхүү Хуримтлалын сангийн иргэн бүрд ногдож буй хөрөнгө одоогийн байдлаар 306,174 төгрөг байгаа юм. Гэвч энэ нь зөвхөн Эрдэнэс Таван толгой ХХК-ийн 2025 оны ногдол ашиг гэдгийг ойлгох нь зүйтэй.
Энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд ЭТТ-ийн ногдол ашиг гэж нэгж хувьцаанд 65.55 төгрөг хуваарилсан ба 1072 хувьцаатай иргэнд татварын өмнөх дүнгээр 70,270 төгрөг, татварын дараах дүнгээр 63,000 төгрөг олгогдсон байдаг.
2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хуримтлалын санд нийт 1,396.7 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 388.5 сая ам.доллар хуримтлагдаад байна. 2027 онд 1,468.0 тэрбум төгрөгийг /408 сая ам.доллар/ уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудын ногдол ашгаас төвлөрүүлэхээр тооцож байгаа аж. Үүний 1 их наяд төгрөг нь /835 сая ам.доллар/ “Оюу толгой” компанийн ногдол ашиг байх юм байна.
Хууль зөрчиж ногдол ашигт “шунасан” төр
Үндэсний баялаг сангийн тухай хуулийн “12 дугаар зүйлийн 12.2-т Баялгийн сангийн хөрөнгийг энэ хуульд зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно гэж заасан ба тус хуулийн 12.8.-т энэ хуулийн 12.4, 12.6-д заасан хуулийн этгээд нь дүрэмд заасан үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, санхүүжүүлэхийг хориглоно” гэж заасан байна. Тухайлбал, хуульд зааснаар төрийн өмчийн оролцоотой байгууллагууд тус санд хуримтлагдсан мөнгийг захиран зарцуулж, санхүүжүүлэх хориотой гэсэн үг. Ингэснээр төрийн бүтээн байгуулахаар төлөвлөөд буй энэ олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Оюутолгойн ногдол ашиг зарцуулагдах нь буруу, хууль зөрчсөн үйлдэл гэж дүгнэхэд хилсдэхгүй. Оюутолгойн ногдол ашиг болох 2 их наяд төгрөгөөр хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, төслүүдийг төсөвт суулгаж зарцуулах боломжтой. Тэгэхээр Ерөнхий сайд хууль зөрчиж эдгээр том амлалтуудаа биелүүлнэ гэсэн үг.
Уг нь Засгийн газар улс орныхоо бодлогын хүрээнд юу нь чухал вэ гэдэг сонголтоо хийх ёстой. Тиймээс дөрвөн жил тутам УИХ-ын сонгууль явуулдаг. Үнэндээ цахилгаан станц бол хэрэгтэй хэдий ч үүнийг ТӨР-ийн оролцоотой барих нь зөв үү.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.