
Монгол Ардын нам дотор албан бусаар дараагийн Ерөнхий сайдын марафон эхэлсэн тухай улс төрийн хүрээнд яригдаж байна. Булганы Уран тогоод “гомдсон” талын 30 гишүүн цаашид нам дотроо болон их хуралд ямар стратеги баримтлахаа ярилцаж уулзсан гэх мэдээлэл тарахтай зэрэгцэн нөгөө талын 38-ын бүлгийн гал тогооноос ч чимээ дуулдлаа. Юу гэвэл одоогийн Засгийн газар он солигдохоос өмнө огцрох нь тодорхой болсон тухай улс төрийн хүрээнд санал нэгдээд зогсохгүй дараагийн Ерөнхий сайдын нэрс “ялсан” 38-ын дунд марафоны хэмжээнд хүртлээ яригдаж байна.
Намын генсек Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Батцэцэг тэргүүтэй 38-ын бүлэг шинэ Ерөнхий сайдын сонголтонд дотроо 3 хуваагдсан бололтой. Одоогийн Ерөнхий сайд Н.Учрал ч гудамжинд гарч ирэнгүүтээ сонгуулийн юм шиг задгай “цагаан” амлалтууд ар араас нь цувуулаад эхэллээ. Энэ бол ордон доторх түгжээтэй хаалганд улс төрийн өөр өрөг тавигдаж байгаагийн содон үнэр байх талтай.
Найдвартай нь дээр буюу Б.Жавхлан
Сангийн сайдын албыг Засаг дамнан барьсан Б.Жавхлан гишүүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, түүний төрсөн дүү У.Отгонбаяр нарын итгэлт анд. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг дотроос нь унагах акцыг мань эрхэм тун соргог зохион байгуулалцаж чадсан. Төрийн тооны машин барьсан “муур” хоч зүүсэн тэрээр У.Отгонбаяр гишүүний ойрын хамаатан гэдгийг улс төрийн тогоонд андахгүй. Тиймээс У.Отгонбаяр түүнийг дараагийн Ерөнхий сайд болгохоор хүч дэмжлэг хайн явж байх талтай.
Ж.Энхбаярын үнэнч нөхөд
Тэгвэл 38 бүлгийн нөлөөтэй эрхмүүдийн нэг МАН-ын генсек Я.Содбаатар, Гадаад Хэргийн сайд Б.Батцэцэг нарын тэргүүлсэн мини фракцийнхан дотны анд, үнэнч нөхөр Ж.Энхбаярт Ерөнхий сайдын чухал албыг өгөх ёстой гэсэн байр сууринд хатуу байгаа гэнэ. Энэ байр суурь нь бүр ноцтой хэмжээнд хүрч У.Отгонбаяр, Я.Содбаатар хоёр хувийн нэр дэвшигчдээ рингний хажуугаас дасгалжуулахын сацуу хоорондоо толхилцоод авсан сурагтай.
“Гал унтраагч” С.Бямбацогт
Гурав, дөрвөн бичил фракц болон хуваагдсан 38-ын бүлгээс ээлжит нэр дэвшигч нь саяхан УИХ-ын дарга болсон С.Бямбацогт. Түүнийг хуучны кадрууд болох Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан гэсэн нөхөд зүтгүүлж буй тухай шуум тараад байна. Ингэсэн тохиолдолд С.Бямбацогтын Засгийн газарт дээрх эрхмүүд баталгаатай сайдын суудалтай орж ирэх нь тодорхой.
Н.Номтойбаяр нөгөө талдаа орж, Хэрэг эрхлэхийн дарга огцрох тухай ам алдав
Булганы Хутаг-Өндөрт болсон МАН-ын 30 буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан талын гишүүдийн уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдийн сэдэв болов. Тэд удахгүй огцрох өдрөө хүлээж байгаа Н.Учралыг алгасч, дараагийн улс төрөө зурсан төдийгүй шинээр байгуулагдах Засгийн газарт нэлээн нөлөөтэй орж ирэх, барьцаа ахиулах тохироонууд ярьсан гэх.
Мөн тухайн уулзалтанд одоогийн Шадар сайд Н.Номтойбаяр юуны учир очсон нь анхаарал татна. Хэрэв Н.Учралын Засгийн газар унавал Үндэсний эвсэл шинэ Засагт мөн л суудал горилох нь гарцаагүй.
Энэ үйл явдлуудтай зэрэгцэн Засгийн гал тогоо барьж яваа Хэрэг эрхлэхийн дарга Б.Энхбаяр “Би ажлаа өгөхөд бэлэн” гэх утгатай мэдэгдэл хийсэн нь хоосон үг биш. Үнэхээр ч энэ Засгийн газар Ардчилсан намын гуя дагуулсан акцтай зэрэгцэн огцрох дөхсөний эхний “сэрүүлэг” гэлтэй.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.