Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ хувьсгал айсуй. Хотын дарга Б.Пүрэвдагва автобусны суудаг суудлыг урьдчилж захиалдаг систем нэвтрүүлэхээ мэдэгджээ. Онгоцны суудал захиалдаг байсныг ойлгож байна. Галт тэрэгний тасалбар захиалдагийг ч ойлгож байна. Харин одоо өглөө ажилдаа явах автобусныхаа суудлыг урьд орой нь захиалдаг болно гэнэ.
Улаанбаатарчуудын олон жил хүссэн мөрөөдөл биеллээ! Автобус нь ирэх эсэх нь тодорхойгүй. Ирсэн ч багтах эсэх нь тодорхойгүй. Багтсан ч түгжрэлд хэдэн цаг зогсох нь тодорхойгүй.
Гэхдээ нэг зүйл тодорхой болно.
СУУДАЛ ТАНЬ ТОДОРХОЙ.
Өглөө автобусны буудал дээр 50 хүн зогсож байхад:
- Та суудал захиалсан уу?
- Захиалсан.
- Би ч бас.
- Тэгвэл яагаад бүгдээрээ энд зогсоод байгаа юм?
- Яагаад гэвэл автобус нь ирээгүй.
Энд нэг жижигхэн асуудал байна.
Нийтийн тээврийн гол асуудал нь иргэд суудаг суудлаа олж чадахгүй байгаа юм биш. Автобус олдохгүйд байгаа юм.
Автобус цөөхөн. Давтамж муу. Хүлээлт их. Түгжрэлтэй. Ачаалал хэт өндөр.
Тэгээд энэ бүхний шийдэл нь…
СУУДАЛ ЗАХИАЛАХ.
Яг л усанд живж байгаа хүнд аврах завь өгөхийн оронд “та аврах завин дээр суух суудлаа урьдчилж захиалаарай” гэж хэлж байгаа мэт.
Хотын дарга аа,
Эхлээд автобусныхаа давтамжийг сайжруулчих.
Тэгээд зам дээр автобусаа ТҮГЖРЭЛГҮЙ явуулчих.
Тэгээд хүмүүс үнэхээр суудал булаацалдаад байвал дараагийн шатанд суудал захиалга ярьж болно. Одоохондоо Улаанбаатарчуудын хүсэж байгаа зүйл маш энгийн, Суудал захиалах биш автобус ирэх. Суудал баталгаажуулах биш ажилдаа цагтаа очих!
Нийтийн тээврийг онгоц шиг болгох гэж яарахаасаа өмнө, нийтийн тээвэр шиг нь ажиллуулчихвал болох нь тэр.
Н.СҮРЭН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.