
Орон сууц гэдэг зүгээр нэг дөрвөн ханатай хайрцаг биш. Хүний амьдралын олон жилийн хөдөлмөр, үр хүүхдийнх нь ирээдүй байдаг.
Тиймээс барилга барьж, байр зарж байгаа компанийн хамгийн том реклам нь гоё фасад биш чанар, аюулгүй байдал, хариуцлага байх ёстой.
Гэтэл “Эко констракшн”-ы нэр энэ салбарт олон жил явж ирэхдээ зөвхөн өндөр барилгатайгаа биш, барилгын чанар, аюулгүй байдал, оршин суугчдын гомдол, зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудаар ч хэвлэлүүдийн анхааралд өртөж ирсэн түүхтэй.
2012 онд “Эко констракшн”-ы захиалгаар баригдаж байсан барилгаас төмөр багана унаж, 20 настай залуу амь насаа алдаж байсан.
Өөр нэг шүүхийн хэрэгт “Эко констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Нямдаваагийн нэр холбогдсон барилгын асуудал, зураг төсөл, техникийн нөхцөл, барилгын ажлын зөвшөөрөл болон ашиглалтад хүлээн авсан актууд хүртэл шүүхийн баримтад дурдагддаг.
Тэгвэл өнөөдөр асуух ганцхан асуулт байна.
Нямдаваа захирал аа, барилга барихад ашиг нь таных. Харин асуудал гарахад хариуцлага нь хэнийх вэ?
Байрны метр квадратыг төгрөгөөр тооцож зардаг шигээ чанар, аюулгүй байдал, иргэдийн гомдлын хариуцлагыг ч хэмжиж, тайлагнадаг уу?
"Эко” гэдэг нэр нь ногоон, сайхан сонсогдож болно. Гэхдээ нэр нь ЭКО байхаас илүү үйл ажиллагаа нь ЭКО байх ёстой.
Хүний насан туршийн хөдөлмөрөөр худалдаж авсан байр бол бизнесийн тань ээлжит борлуулалт биш.
Тэнд хүн амьдардаг. Тэнд хүүхэд өсдөг.
Тэнд хүний амьдрал байдаг.
Тиймээс “Эко”-гийн Нямдаваад нэг л сануулга байна:
Барилга өндөр байх тусам хариуцлага нь ч өндөр байх ёстой.
Н.Сүрэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.