
Төрийн хөрөнгө, баялгийг удирдаж, менежмент хийх үндсэн чиг үүрэгтэй "Эрдэнэс Монгол" ХХК буюу "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас хийсэн шалгалтаар анхаарал татахуйц хэд хэдэн зөрчил, үрэлгэн зардлууд ил болжээ.
Энэхүү аудитын тайланд зөвхөн "Эрдэнэс Монгол" ХХК нь 2025 онд 86.6 тэрбум төгрөгийн зардалтай ажилласнаас 57 хувь буюу 49.3 тэрбум төгрөгийг зөвхөн ерөнхий удирдлагын зардалд зарцуулжээ. Түүнчлэн нэгдлийн хэмжээнд удирдлагын зардал 2024 онд 400.7 тэрбум байсан бол 2025 онд 451 тэрбум, 2026 онд 531.5 тэрбум төгрөг болж, сүүлийн гурван жилд дараалан тасралтгүй өссөн дүн харагдаж байна. Өөрөөр хэлбэл, зардлын дийлэнх хэсэг нь үндсэн үйл ажиллагаанд бус, компаниудыг удирдаж буй аппаратын зардалд шингэжээ.
Мөн харьяа 39 компаниас ердөө 7-той нь менежментийн гэрээ байгуулж, тэдгээрээс хэвийн ажиллаж буй 3 компаниас л 55.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Харин алдагдалтай, ашиггүй ажиллаж буй үлдсэн 32 компанийг ашигтай ажиллуулах, менежментийг нь сайжруулах чиглэлд ямар нэгэн гэрээ байгуулаагүй, дорвитой алхам хийгээгүй байна.

Нэгдлийн хэмжээнд 918.7 тэрбум төгрөгийн худалдан авалтын мэдээллийг хуульд заасан хугацаанд тайлагнаагүй, хоцроож ирүүлжээ. Ийм өндөр дүнтэй худалдан авалт ил тод бус байгаа нь ашиг сонирхлын зөрчил болон дотоод хяналтын тогтолцоонд эргэлзээ төрүүлж байна.
Тус компани иргэдэд шууд борлуулах бүтээгдэхүүн, үйлчилгээ байхгүй атлаа 2025 онд 484 сая төгрөгийг хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд зарцуулсан. Мөн өөрийн чиг үүрэгт хамааралгүй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2 зөвлөх болон бусад байгууллагуудын гадаад албан томилолтод 70.8 сая төгрөг төсвөөсөө гаргасан зэрэг хэт үрэлгэн зардал гаргаж, төсвийн мөнгийг салхинд хийсгэсээр.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.