
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн өрөг аль хэдийн тавигдаж эхэлсэн гэх яриа МАН-ын хүрээнд идэвхжиж байна.
МАН доторх нөлөө, улс төрийн жин, төрийн албан тушаал, нутаг усны түшиц, намын бүтэц зэргийг нь харвал ирэх сонгуулийн суудлыг онилогч дөрвөн өөр төрлийн дивиз хүчээ үзэхээр байрлалаа эзэлж эхэлсэн мэт.
НЭГДҮГЭЭР ДИВИЗ “ЯВГАН ЦЭРЭГ”

Намын өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт, гүйцэтгэл дээр ажилладаг “явган цэрэг”.
Энэ эгнээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Янгуг Содбаатар, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Жадамбын Энхбаяр, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Тогтмолын Мөнхсайхан, Сангийн сайд Загджавын Мэндсайхан нарыг нэрлэж болохоор байна.
Энэ дивизийн гол давуу тал нь нам, төрийн бүтэц доторх зохион байгуулалт, ажил хэрэг, гүйцэтгэл.
ХОЁРДУГААР ДИВИЗ “ЖАЛГА ДОВНЫ ЦЭРЭГ"
Өөрийн тойрог, нутаг ус, сонгогчдын бааз, улс төрийн сууриа түшсэн тоглогчид.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Болдын Жавхлан, Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Батмөнхийн Батцэцэг, УИХ-ын гишүүн Ухнаагийн Отгонбаяр, УИХ-ын гишүүн асан Ганбатын Ганибал, УИХ-ын гишүүн Жамбалын Батсуурь нар энэ “жалга довны” дивизэд багтаж болохоор харагдана.
Эдний гол зэвсэг нь өөрийн улс төрийн тойрог, орон нутгийн дэмжлэг, танил сүлжээ.
ГУРАВДУГААР ДИВИЗ “ИХ БУУНЫ ЦЭРЭГ”
Энд аль хэдийн улс төрийн жин, албан тушаал, туршлагаараа өөр түвшинд тоглодог “хүнд артиллер”-ууд бий.
УИХ-ын дарга Сандагийн Бямбацогт, Эрчим хүчний сайд асан, УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Боловсролын сайд, УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нарын нэр энэ эгнээнд яригдаж болохоор.
Энэ дивизийн давуу тал нь улс төрийн туршлага, төрийн өндөр албан тушаал, шийдвэр гаргах түвшний нөлөө.
ДӨРӨВДҮГЭЭР ДИВИЗ “ПУУЖИНГИЙН ЦЭРЭГ”
Харин энэ ангилалд одоогоор нэг нэр хамгийн тод харагдана.
Гомбожавын Занданшатар.
Шууд утгаараа “пуужин” шиг холын тусгалтай, өөрийн улс төрийн замнал, төрийн өндөр түвшний туршлага, гадаад дотоод харилцааны өргөн хүрээтэй тоглогч.
Гэхдээ энэ дивиз ганц хүнтэй үлдэх үү, эсвэл цаашид шинэ “пуужингууд” нэмэгдэх үү гэдэг нь хамгийн сонирхолтой хэсэг.
Ингээд харвал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-ын дотор хэн хэнийхээ ард зогсох, хэн ямар улс төрийн бааз бүрдүүлэх, хэн намын бүтцэд түшиглэх, хэн өөрийн жингээр тоглох вэ гэдэг өрсөлдөөн аажмаар тодорч эхэлж байна.
Мэдээж эдгээрийг албан ёсны фракц, эвсэл гэж нэрлэхэд эрт. Харин улс төрийн хүрээнд яригдаж буй байрлал, нөлөөний зураглалаар харвал дөрвөн өөр “дивиз” аль хэдийн харагдаж байна.
Харин 2027 оны жинхэнэ тулааны талбарт эдгээрээс аль дивиз үлдэх вэ?
Тэгээд хамгийн гол нь пуужин хөөрөх үү, их буу дуугарах уу, эсвэл явган цэрэг талбайг эзлэх үү?
Г.ХОНГОР
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.