25 байгууллага татан буугдаж, нэгтгэгдэнэ. 2,162 ажилтан хамрагдана. 73.2 тэрбумын цалингийн сантай. Харин төсөвт үлдэх хэмнэлт нь 30 тэрбум.
Засгийн газар өнөөдөр төрийн өмчит үйлдвэрийн газруудынхаа 30 хувийг “цэгцэллээ”. Сайхан сонсогдоно.
Төр данхайсан байна, төрийн байгууллага хэт олон байна, давхардсан бүтэцтэй байна гэдгийг олон жил ярьсан. Тиймээс татан буулгах, нэгтгэх, өөрчлөн байгуулах шийдвэр гарч байгаа нь зарчмын хувьд буруу алхам биш. Гэхдээ энд нэг жижигхэн асуулт байна.
Үнэхээр төр 30 хувиар турж байна уу?
Эсвэл төрийн байгууллагуудынхаа нэрийг сольж, нэг даргын өрөөнд хоёр ширээ болгож, гурван байгууллагыг нэг байгууллага болгосноо “реформ” гэж нэрлэж байна уу?
Тоонуудыг харъя.
2025 оны байдлаар Монгол Улсад 65 төрийн өмчит үйлдвэрийн газар 7,030 ажилтантай ажиллаж байжээ. Үүнээс ердөө 26 нь үйл ажиллагааныхаа орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлдэг.
Харин 39 байгууллага нь улсын төсвөөс нийт 153.1 тэрбум төгрөгийн татаас авчээ. Өөрөөр хэлбэл төрийн өмчит байгууллагын асуудал нь зөвхөн “олон байгууллага байна” гэдэгт биш. Мөнгө олдоггүй, харин мөнгө иддэг бүтэц хэр олон байна вэ гэдэгт асуудал нь байна.
Одоо Засгийн газар 25 байгууллагыг нэгтгэх, татан буулгах замаар төсвөөс гаргана гэж байна. Эдгээр байгууллага 2025 онд 2,162 ажилтантай, 73.2 тэрбум төгрөгийн жилийн цалингийн сантай байжээ. Гэхдээ Засгийн газрын урьдчилсан тооцоогоор цалин болон бусад урсгал зардлаас жилд 30 тэрбум төгрөг хэмнэнэ.
Эндээс хамгийн сонирхолтой тоо гарч ирнэ. 73.2 тэрбумын цалингийн сантай бүтцээс 30 тэрбумын хэмнэлт гарна. Тэгвэл үлдсэн зардал нь яах вэ? Хэдэн хүн ажлаасаа гарах вэ? Хэд нь өөр байгууллага руу шилжих вэ? Хэдэн захирал үнэхээр байхгүй болох вэ? Хэдэн ТУЗ татан буугдах вэ? Хэдэн жолооч, нярав, хүний нөөц, нягтлан, худалдан авалт, хууль, мэдээллийн технологийн орон тоо давхардахаа болих вэ? Энэ бүхний хариу нь “30 хувь” гэдэг ганц тоон дотор алга.
Засгийн газар удирдлага, захиргаа, үйлчилгээний давхардсан чиг үүргийг нэгтгэж, байр, тээвэр, бичиг хэрэг, худалдан авалт, мэдээллийн технологийн үйлчилгээг төвлөрүүлснээр зардал буурна гэж тайлбарлаж байна. Энэ бол зөв. Гэхдээ жинхэнэ реформ эндээс л эхэлнэ. Учир нь Монголд байгууллага татан буулгах хамгийн хялбар. Харин орон тоог бодитоор бууруулах нь хэцүү. Нэрийг нь өөрчлөх хамгийн хялбар. Харин даргын орон тоог байхгүй болгох нь хэцүү. Хуулийн этгээдийг нэгтгэх амархан. Харин хуучин хоёр байгууллагын хоёр удирдлагын тогтолцоог нэг болгох нь хэцүү.
Бид өмнө нь ийм “шинэчлэл”-ийг олон удаа харсан. Байгууллага татан буугдана. Дараа нь чиг үүрэг нь өөр нэртэй байгууллагад очно. Хуучин ажилтан нь шинэ байгууллагад шилжинэ. Хуучин дарга нь зөвлөх болно. ТУЗ өөрчлөгдөнө. Гэхдээ төсөв үргэлжилнэ. Тэгээд хэдэн жилийн дараа шинэ байгууллага дахин байгуулагдана.
Монголын төрийн хамгийн том асуудал нь байгууллагын тоо биш. Төрийн өмчийг “ажлын байр” гэж хардаг сэтгэлгээ.
Өнгөрсөн жил ч Засгийн газар төрийн болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгох боломжтой гэж мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн бүтцийн шинэчлэл бол өнөөдөр гэнэт гарч ирсэн санаа биш. Мөн төрийн өмчит зарим компанийн хувьцааг олон нийтэд санал болгох, заримыг бүхэлд нь худалдах, заримыг нь нэгтгэх төлөвлөгөө өмнө нь ч яригдсан.
Тэгэхээр өнөөдрийн асуулт бол:
"Хэдэн байгууллага татан буулгасан бэ?” биш. Харин:
"Хэдэн төгрөгийн бодит зардал алга болсон бэ?”
"Хэдэн удирдлагын орон тоо байхгүй болсон бэ?”
"Төсвөөс хэдэн төгрөгийн татаас цаашид гарахгүй вэ?”
"Татан буугдсан байгууллагын хөрөнгө, өр төлбөр, ажилтнууд хаашаа шилжсэн бэ?" гэдэг асуулт юм.
Төрийн өмчит байгууллагуудын 30 хувийг цомхотгосон гэхээс илүү төрийн мөнгөөр амьдардаг бүтцийн 30 хувийг үнэхээр өөрөө мөнгө олдог, өөрөө зардлаа даадаг болтол нь шинэчилж чадсан эсэх нь илүү чухал. Хэрэв энэ удаагийн шийдвэр үнэхээр давхардсан бүтэц, илүүдэл орон тоо, үр ашиггүй зардлыг арилгаж чадвал Монголын төрд хэрэгтэй реформ болно.
Харин 25 байгууллагын нэрийг өөрчилж, ажилтнуудыг өөр байгууллагад шилжүүлээд, дарга нарыг өөр албан тушаалд суулгасан төдий бол… Тэр цомхотгол биш.
Төрийн байгууллагын “нүүлгэлт” л болно. Эцсийн дүндээ иргэн нэг л зүйлийг мэдэхийг хүснэ. Төр надаас авах мөнгөө багасгасан уу? Үгүй бол төр 30 хувиар турсан тухай мэдээ биш. Зүгээр л толинд хараад турсан мэт харагдах гэж гэрлээ өөрчилсөн хэрэг.
Н.СҮРЭН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.