
Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барьснаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, төсвийн тодотгол хэлэлцэж буй. УИХ-ын өргөдлийн байнгын хороо өчигдөр боловсролын салбарт зарцуулах төсвийг хэлэлцэх үеэр хэд хэдэн анхаарал хандуулах зүйл ажиглагдав.
Засгийн газрын есөн шийдвэрийн хүрээнд зургаан бүсэд кэмбрижийн хөтөлбөртэй 2 сургууль барихаар төлөвлөсөн байдаг. Энэхүү төсөв нь боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хангах зорилготой гэж Ерөнхий сайд хамгаалж байгаа. Харин начир дээрээ тус төсөвт хувийн сургуульд зориулсан 7 тэрбум төгрөгийг тусгасан нь хачирхалтай.
УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал гишүүн тус асуудлыг сөхсөн. Тэрбээр “Нэгдүгээрт төрөлжсөн ахлах сургуулийг тоног төхөөрөмжтэй болгоно гээд байгаа дотор чинь хоёр хувийн сургууль байна. Уг нь бол улсын сургуулиудыг тоног төхөөрөмжтэй болгох гэж байгаа гэж харж байна бусад сургуулийг нь харахад. Гэтэл энэ хоёр хувийн сургуулийг тоног төхөөрөмжтэй болгоно гэнэ энэ болох юмуу, Хоёрдугаарт зөвхөн Хан-Уул дүүрэг яагаад сонгогдсон байгаа вэ? Ачааллыг харах юм бол Хан-Уул дүүргээс гадна Баянзүрх дүүрэг, Чингэлтэй, Сонгино хайрхан дүүрэг гээд маш өндөр ачаалалтай сургууль байгаа шүү дээ” гэв. Мөн "2.3 тэрбум төгрөгийг хувийн сургуульд сургах 1000 хүүхдийн хувьсах зардал, 3 тэрбум төгрөг Хан-Уул дүүрэгт байрлах нэр бүхий гурван хувийн сургуулийн тоног төхөөрөмжийн зардал гэж оруулсан байна" гэжээ.
7 тэрбум төгрөгийг тус бүрт нь задалж харвал 2.3 тэрбум төгрөгийг хувийн сургуульд сургах 1000 хүүхдийн хувьсах зардал, 3 тэрбум төгрөг Хан-Уул дүүрэгт байрлах нэр бүхий гурван хувийн сургуулийн тоног төхөөрөмжийн зардал гэж оруулсан байгаа аж.
Үүнээс үзвэл Ерөнхий сайдын хоёр кэмбрижийн хөтөлбөртэй сургууль хөрсөнд буухдаа хувийн сургуулиудын “нууц” дэмжлэг болж очиж буй бололтой. Баян айлын хүүхэд биш, бүх хүүхдийн боловсрол төрийн зорилго байх ёстой атал цөөнхийн бүлэгт зориулсан үнэтэй боловсролын системийг “өөрсдийнхөө” үр хүүхдэд төсвийн мөнгөөр худалдаж авч өгч байгаа юм биш биз.
Яг үнэндээ Кэмбрижийн сургууль байгуулна гэдэг сайхан сонсогдоно. Гэхдээ улсын сургууль гэдэг бол цөөн хүүхдэд зориулсан “онцгой сургууль” байгуулах төсөл биш.
Кэмбриж барихын өмнө төр боловсролынхоо суурийг засах ёстой гэж үеэс үед, цаг тутам, хүн бүр амны уншлага болтол хэлж, ярьж буй. Монгол Улс боловсролын салбарт мөнгө зарцуулах гэж байгаад хэн ч буруутгахгүй. Харин ямар сургууль барих вэ, хэний төлөө барих вэ, хамгийн түрүүнд юунд хөрөнгө оруулах вэ гэдэг дээр төрийн бодлогын жинхэнэ чанар харагдана. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралын үед Кэмбрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль барихаар төлөвлөж байгаа энэ үед төрийн боловсролын хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлд хамгийн их анхаарах хэрэгтэйг сануулж байна. Учир нь боловсролын бодлого гэдэг нэг удаагийн барилгын төсөл биш, хэдэн арван жилийн хүний капиталын бодлого гэдгийг бодож үзээрэй Ерөнхий сайд аа!
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.