ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
 

ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?


ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?

ШШГЕГ-ын дарга нарын “хувийн барилгын бригад” нь хоригдлууд болсон гэх мэдээлэлд хэн шалгалт хийх вэ? Хуульзүйн сайд аа?!

Хоригдол гэдэг төрийн албан тушаалтны хувийн ажилчин биш. Хорих байгууллага гэдэг даргынхаа зуслангийн хаус бариулдаг газар ч биш.
Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд ял эдэлж байгаа хүмүүсийг хувийн эзэмшлийн газартаа авчирч, хаус, хашаа бариулсан байж болзошгүй гэх мэдээлэл, бичлэг манай редакцид ирлээ.
Хэрэв энэ мэдээлэл үнэн бол нэр дурдагдсан хүмүүс зөвхөн албан тушаалын ёс зүй ярьж өнгөрөх хэмжээний асуудал биш.

ЭНЭ БОЛ ХОРИГДЛЫН ЭРХИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛСАН ЭСЭХ, ТӨРИЙН АВТОМАШИНЫГ ХУВИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАСАН ЭСЭХИЙГ ШАЛГАХ АСУУДАЛ.

Манай редакцид ирсэн мэдээллээр ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй 10 гаруй хоригдлыг 05-26 УБХ улсын дугаартай пургон автомашинаар тээвэрлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлах хувийн эзэмшлийн газартаа зуслангийн хаус, тансаг хашаа бариулсан гэх мэдээлэл байна.

Зүгээр нэг “сонссон” мэдээлэл биш. Үүнийг харуулах зураг, бичлэг редакцид ирсэн.

Мөн ШШГЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Нямгомбо, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Оростогоо, ШШГЕГ-ын 409 дүгээр хорих ангийн дарга Ч.Нэргүй, ШШГЕГ-ын Дотоод хяналт шалгалтын газрын дарга Б.Цогжаргал нар 409 дүгээр хорих ангиас хоригдлуудыг авч гарч, Налайхаас урагш Төв аймаг чиглэлийн зам дагуу байрлах өөрсдийн хаусуудад ажиллуулсан гэх мэдээлэл мөн ирлээ.

Хамгийн хоржоонтой нь хоригдлуулыг хууль зөрчин гаргасан эсэхийг хянах ёстой байгууллагын Дотоод хяналт шалгалтын газрын даргын нэр хүртэл энэ мэдээлэлд гарч ирж байна.

Тэгвэл: ХЯНАГЧ НЬ ӨӨРӨӨ ХЯНУУЛАХ ЁСТОЙ БОЛСОН БОЛ ХЭН ХЭНИЙГЭЭ ШАЛГАХ ВЭ?

ШШГЕГ бол жирийн нэг байгууллага биш. Энд төрийн нэрийн өмнөөс хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан шийдвэрийг хэрэгжүүлдэг. Тийм байгууллагын удирдлага өөрсдөө хоригдлыг хувийнхаа барилгын ажилд ашигласан гэх хардлагад өртөж байгаа нь өөрөө ноцтой.

Ял эдэлж байгаа хүнийг даргынхаа хаусны барилгачин болгож болохгүй. Хоригдлын хөдөлмөрийг “нийгэмшүүлэх” нэрийн дор хувийн тансаглалд ашиглах нь нийгэмшүүлэлт биш. Энэ бол эрх мэдлээ хувийн хэрэгцээнд ашигласан эсэх тухай асуудал.

Төрийн байгууллагын пургон бол даргын хувийн машин биш.
Төрийн байгууллагын хоригдол бол даргын хувийн ажилчин биш.
ШШГЕГ-ын албан тушаал бол хувийн хаус бариулах лиценз биш.

Тиймээс нэр дурдагдсан албан тушаалтнууд тайлбар хийх ёстой. Прокурор шалгах ёстой.
Шаардлагатай бол эрх бүхий хууль хяналтын байгууллага шалгах ёстой.

Хоригдлын бүртгэл, хөдөлгөөний бүртгэл, гаргах зөвшөөрөл, тушаал шийдвэр, автомашины GPS, замын хуудас, шатахууны зарцуулалт, газрын эзэмшил, барилгын ажил, ажилласан хүмүүсийн мэдүүлгийг тулгахад үнэн худал нь тодорхой болно.
Хэрэв худал мэдээлэл бол нэр нь дурдагдсан хүмүүс баримтаар няцаах боломжтой.

Харин үнэн бол…

ШШГЕГ-ын дарга нар хоригдлуудаар өөрсдийн хаусыг бариулсан гэхээс өөрөөр нэрлэх үг олдохгүй.
Төрийн байгууллага хүний эрхийг хамгаалах ёстой байтал,
төрийн байгууллагын дарга нь төрийн хоригдлыг хувийнхаа хаусанд ажиллуулдаг болжээ.

Энэ асуултад хэн хариулах вэ?

ШШГЕГ уу?
ХЗДХЯ уу?
Прокурор уу?
Эсвэл “дотоод хяналт” нь өөрөө юу?

Утаа, түгжрэлээ ялаад одоо суудлын төлөө ӨРСӨЛДДӨГ болох нь!
Утаа, түгжрэлээ ялаад одоо суудлын төлөө ӨРСӨЛДДӨГ болох нь!
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.