
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо үргэлжилсээр байна. Тус хурлын үеэр Монгол Улс цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүддээ санхүүжилт босгож буйгаа ээлж дараалан зарласаар. Тодруулбал Хотын дарга Б.Пүрэвдагва 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татснаа зарласан бол БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийг 2 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.
Тэгвэл тус санхүүжилтүүд нь шууд улсын төсөвт суух уу?
Монгол Улс зохион байгуулагч орны хувьд бэлчээр, газрын доройтолтой холбоотой төслүүд нь анхаарал татаж байгаа хэдий ч эдгээр нь бүгд Монголд зориулагдсан мөнгө биш гэдгийг санах нь зүйтэй. Тодруулбал COP17-ийн үеэр зарлагдсан санхүүжилт нь төсөлд суурилсан Монгол Улс хамтран оролцох боломжтой төслүүд багтдаг. Мөн санхүүжилт олгогч байгууллага болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд нь сайтар бэлтгэсэн, өндөр шалгуур бүхий төсөл шаарддаг. Хэрэв Монгол Улс чанартай төсөл боловсруулж түүнийгээ батлуулж чадахгүй бол амласан мөнгө амлалт хэвээр үлдэж, санхүүжилт хойшлогдоно. Товчхондоо амлалт байгаа ч төсөлгүйгээр мөнгө авч чадахгүй. Энэ бол олон улсын санхүүжилтийн стандарт дүрэм.
Жишээлбэл Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 16 дугаар бага хурал буюу COP16 2024 онд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж өндөрлөсөн байдаг. Тус хурлын үеэр Дэлхий нийтээр улс орнууд 1 тэрбум гаруй га газрыг нөхөн сэргээхээр амласан боловч амласан талбайн зөвхөн 10 орчим хувь нь бодитоор нөхөн сэргээлт хийгдсэн тухай НҮБ-ын 2026 оны тайланд дурджээ. COP16-ийн үеэр цөлжилт, ган гачигтай улс орнуудын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 12.15 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт авсан. Харин тус санхүүжилт нь 2026 оны байдлаар төсөл боловсруулах шатандаа явж байгаа. Мөн 2021 оны 19 тэрбум ам.долларын амлалтаас ойролцоогоор 80 хувь нь төсөлд зориулагдсан бол 2.5 тэрбум ам.доллар орчим нь бодитоор олгогдсон байдаг байна.
Тиймээс өмнөх хурлаас гарсан амлалтын хэрэгжилт харьцангуй бага бөгөөд мөнгөн амлалтууд ч бүрэн орж байсан түүхгүй аж. Ингэхээр COP17-ийн амлалтууд ч ижил зарчмаар явах магадлалтайг харж болно. Иймд том тооны сураг сонсож хөөрцөглөх нь арай эрт байгааг санах хэрэгтэй. Товчхондоо бол дарга нарын баяр хөөртэй зарлаад байгаа олон сая, тэрбум төгрөгийн амлалтууд нь бүгд орж ирж хэрэгжинэ гэсэн үг биш.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.