
Яг одоо МАН-ын бүлгийн албан бус уулзалт Их Тэнгэрийн аманд өрнөж байна. Энэ уулзалтаар МАН-ын лидерүүд Ардчилсан намын зүгээс тавьж буй улс төрийн шахалтыг хэрхэх талаар зөвлөлдөж, тэр дундаа Н.Учралын Засгийн газрыг огцруулах эсвэл зарим сайдыг солих тухай яриа өрнөж байж болзошгүй гэнэ.
Н.Учралын хувьд Засгаа толгойлоод удаагүй бөгөөд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын “Гучийн бүлэг”-ээс цөөнгүй сайд томилж түр “гал зогсоосон” ч МАН-ын дотоод хагарал эдгээгүй бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын дотоод асуудалд Төрийн тэргүүн оролцож, Л.Оюун-Эрдэнийн шахааны зарим сайдыг Засгаас мултлахыг шаардах болсноор улс төр дахин бужигнаж эхэлсэн бололтой.
Тодруулбал, Хууль зүйн сайдаар томилогдсон С.Амарсайхан, Байгаль орчны сайд Ц.Сандаг-Очир нарыг явуулах шахалт аж. Хэрэв энэ хоёрыг Засгаас гаргах гэж үзвэл “Гучийн бүлэг” Ардчилсан намын Засгийн Газрыг огцруулах бичигт төвөггүй гарын үсэг зурна хэмээн сүрдүүлэх, сануулахын завсар байгаа гэнэ. Харин Н.Учралын хувьд кабинетаа бүрэн бүрэлдэхүүнээр нь ядаж Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл авч үлдэх сонирхолтой байгааг ойрын эх сурвалжаас авсан мэдээлэлд дурдсан байна.
Нэг нам уу, хоёр фракц уу?
Түүхэндээ битүү хатуу, дээшээ тогтолцоотой эвдрэл хагарал багатай байдаг гэх имижтэй Монгол Ардын нам сүүлийн 4 жилийн дотор ихээхэн зөрчилдөх болсон. Ийм нөхцөл байдал нь яг л 2016 оны Ардчилсан намынх шиг олон фракц доторх эрх мэдлийн төлөөх зодооныг санагдуулах бөгөөд МАН дангаар засаглаад даруй 12 жил болж, тэр хэрээр хагар хуваагдал эрчимжих болсны нэг хэлбэр мөн.
Үнэндээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унаснаас хойш Г.Занданшатар “гал унтраах” байдлаар Ерөнхий сайдын албыг авсан. Харин одоогийн Засгийн тэргүүн Н.Учрал “Нөгөө талын фракц”-ын ялсан талын дүрээр Ерөнхий сайдын сэнтийд сууж, танхимын зүүн жигүүрт суух хэдтэйгээ сайн түнжингүй хэвээр байна. Гэхдээ хоёр хуваагдаад байгаа МАН тэр чигтээ буруу хараагүй. Н.Учрал засгаа байгуулахдаа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн талын гэгдэх С.Амарсайханыг Хууль зүйн сайдаар томилсон нь тэр хавийн бяцхан тохироо гэлтэй. Гэвч иймэрхүү тохироо нь удаан насгүй байсан нь МАН доторх “Нүүрсний” гэх зодооны дараа илэрхий байв. Одоо Н.Учрал үнэхээр “дээрээс” томилгоотой ЕС уу эсвэл намаа нэгтгэх шинэ цагийн залуу лидер болох уу гэдгийг Их тэнгэрт болж буй албан бус бүлгийн уулзалтын дараа харагдах биз ээ.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.