/2022.6.6/ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тал дээр намууд байр сууриа илэрхийлж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн байр суурийг сонирхлоо.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг 2019 онд буюу ердөө гуравхан жилийн өмнө хийсэн шүү дээ. Гэтэл одоо дахиад өөрчлөлт хийх гэх нь хэр зөв бэ?
-Үндсэн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу гэж яриад байна. Дүгнэлт хэлэхэд өрөөсгөл. Хэрэв боломж нь одоо олдож байгаа бол "Хүлээж бай, бид 7 жилийн дараа боломжтой болно" гэж хэлэх эрх аль ч улстөрийн хүчин, төрийн институцид байхгүй болов уу. Өмнөх 2000 оны өөрчлөлт нь иргэдийн хүлээлтэд хүрээгүй учир “Дордохын долоон өөрчлөлт” гэдэг нэр авсан. Дараа нь 2019 онд хийсэн өөрчлөлт нь олон нийтийг хамарсан хэлэлцүүлгүүд хийж, өмнөх өөрчлөлтөөсөө илүү болсон. Гэхдээ дутуу зүйлс үлдсэн. Улстөрийн үл ойлголцол, зарим улстөрчдийн ашиг сонирхлоос болоод өөрчлөлтүүд хийгддэггүй.
-Танай нам энэ асуудлыг дэмжих үү?
-Ард иргэд, улстөрийн намууд, эрдэмтэн судлаачид "Өөрчлөлт зайлшгүй" гэж үзвэл эрх баригчид бид саад болохгүй гэж хэлж байгаа юм. Бид хөгжих замын гацаа болохгүй. Үндсэн хууль судлаачдаас гаргаж байгаа шаардлагууд ч бий.
Энэ улсын тусгаар тогтнол, бие даасан байдал гэж юун дээр оршиж байна вэ? Бид өнөөдөр парламентын засаглалтай тулдаа амьсгалах агаартай байна гэж шууд хэлж болно. Гэхдээ 76 гэдэг тоо хангалттай юу? Хэчнээн гишүүнд ямар дарамт шахалт нөлөөлөл үзүүлж болох вэ гээд харвал энэ талаасаа манай парламент маш хэврэг. Цөөхөн улстөрчдөд гадаад, дотоодын хүчин зүйлийн нөлөөлөл үзүүлэхэд бидэнд бүрэн эрхэт байдлаа алдах магадлал руу явах зам ойрхон гэж харагдаж байна.
Тэгэхээр улстөрийн намуудын ярьж байгаачлан парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, холимог тогтолцоог оруулах нь парламентын ардчилсан тогтолцоогоо хадгалах боломж гэж бид харж байна.
-Яг одоо байгаа тогтолцоогоор бол танай нам 2024 болон 2028 оны сонгуульд ялна. Гэтэл энэ ялалтаасаа татгалзах шалтгаан, үндэслэл чинь юу вэ?
-Шууд татгалзаад байгаа юм ч алга л даа. Улстөрийн намууд эрх баригчдаас шаардаж байна. Нөгөө талдаа ардчилсан парламентын засаглалаа хамгаалж авч үлдэж чадах уу гэдэг цаг үед ойртож байгаа нь судалгаануудаас харагдаж байна. Энэ тогтолцоогоороо бид сонгуульд ороход асуудал алга. Гэхдээ бид намаа бодох ёстой юу, төрөө бодох ёстой юу. Манай нам дотооддоо шинэчлэл хийж байгаа цаг үе. Шинэчлэл гэдэг хүн солих асуудал биш. Бид дарга сонгож, сонгогдохын тулд 30 жил явсан. Парламентын нэр хүнд 2018 оны эхэн үеийн хэмжээнд очиж унасан байна лээ. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Парламентын нэр хүнд унасаар байвал иргэдэд “Нэг хүчтэй лидер тэнгэрээс буувал амьдралаа даатгана” гэх хүсэл сонирхол нь төрж эхэлнэ. Тэгэхээр бид хаашаа явж, юугаа хадгалж үлдэх ёстой вэ гэдгээ бодох ёстой. Сонгуульд ялж ялагдах гэдэг бол хоёр дах асуудал.
-Танай нам доторх өөрчлөлтийн талаарх уур амьсгал ямар байгаа вэ. Тухайлбал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт?
-Саяын дурьдсан хүмүүстэй чинь хамт улстөрийн шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр ч хамт шинэчлэлтийн төлөө явж байна. Нам дотор улстөрийн томоохон асуудал үүсээд, хагаралдаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ манай нам бол дотоод ардчилалтай, олон ургальч үзэл бодолтой. Одоо нэг хүний үзэл бодол, бодлогоор нам, улстөр, улс орныг удирддаг цаг үе өнгөрсөн. Тийм ч учир парламент дархлаатай болох ёстой гэдэг дээр анхаарлаа хандуулж байна. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох уу, үгүй юу гэдгийг бид маш сайн ярих хэрэгтэй. Өнгөцхөн байдлаар ҮХНӨ-ийн хэмжээнд хийгээд болчихно гэж харахад бүрэн итгэлтэй биш байна. Хууль эрхзүйн талаас нь сайтар судлах ёстой. Судлаачдыг сонсъё. Хэлбэр төдий алхмыг хийж болох боловч зохицуулалт хийх шаардлагатай олон зүйл бий. Дор хаяж 2-3 жил судалж байж хийх ёстой зүйл.
-Хэрвээ иргэдийн санал асуулгын дүн, эрдэмтэн судлаачид, улстөрийн намуудын шахалтаар ҮХНӨ хийх боллоо гэж бодъё. Ингээд асуудал УИХ-д очжээ. Гэтэл танай намаас тодорхой тооны гишүүд эсрэг кноп дарвал тэдгээр гишүүдтэй танай нам хариуцлага тооцох боломжтой юу?
-Намд байгаа. Төрд бол байхгүй. Намын гишүүндээ улстөрийн хариуцлагыг хүлээлгэх бүх боломж нь намд бий. Гэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхэд буюу кноп дарах эрхэд нь халдана гэдэг байж болохгүй зүйл. Гагцхүү ҮХНӨ нь үнэхээр амин чухал юм гэж үзэж байгаа бол, эх оронч хүн байгаа тохиолдолд бүгдээрээ л дэмжих ёстой байх. Хэрвээ ҮХНӨ-ийг дэмжье гээд улстөрийнхөө хувьд шийдвэр гаргасан бол улстөрийн намыг төлөөлж байгаа этгээдүүд улс орны эрх ашгийн төлөө энэ үүргээ биелүүлэх байх гэж бодож байна. Гэхдээ МАН бодно, тунгаана, улстөрийн шийдвэр нэгэнт гарчихсан бол хөнгөн хуумгай алхам хийхгүй нь тодорхой шүү дээ.
-Улстөрийн намын талаарх таны байр суурийг сонирхвол?
-Манай улс парламентын засаглалтай мөртлөө нам хэрэггүй гээд байдаг хүмүүс шүү дээ. Парламент юунаас бүрддэг вэ гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Сүүлийн 20 жилд улстөрийн намуудын шилэн байх, төрөөс санхүүжих, ил тод байх бүх боломжийг хаасан. Хандив авч болохгүй, санхүүжилт авч болохгүй гэж хаасаар байгаад улстөрийн намуудыг “далд санхүүжилт” рүү шилжүүлчихсэн. Одоо дахиад өмч хөрөнгөгүй байна гээд байгаа юм. Ардчилсан намынхан талбай тойроод баахан үл хөдлөхтэй. Зүүн талд нь нэг байртай, урд талд нэг байртай, ордны ард бас нэг байртай, ямар ч байсан талбай тойроод өмчтэй шүү. Улсаас авахдаа Ардчилсан нам гээд авчихдаг, зарах болохоороо хувь хүмүүсийн асуудал болчихдог. Энэ бол улстөрийн намын хариуцлагын асуудал юм.
Би саяхан Германд социал демократ намын урилгаар ажлын айлчлал хийгээд ирлээ. Германы улстөрийн намын санхүүжилт маш ойлгомжтой. Хоёр урсгалаар санхүүжилт орж ирдэг. Нэг нь нам босгох, нөгөөх нь намын босгосон санхүүжилтийн 1 евро тутмыг нь 0,45 центээр бодож төр нь нэмэлт санхүүжилт өгдөг. Нам өөрөө босгохдоо, нэгдүгээрт хатуу гишүүнчлэлтэй. Гишүүд нь сар бүр 2,5-1000 еврогийн татвар төлдөг. Хоёрдугаарт, хандивын хэмжээ нь 10 мянган евро авбал тайландаа тусгана, 50 мянгыг хандивлавал зарлана, түүнээс дээш бол олон нийтэд мэдээлнэ. Гуравдугаарт, сонгуульд авсан саналынхаа тоогоор жил бүр санхүүжилт авна. Дөрөвдүгээрт, Бундесдагт эзэлж байгаа суудалд хуваарилсан мөнгийг авна. Тавдугаарт, бизнесийн орлого. Жишээ нь, социал демократ нам гэхэд 40 орчим бизнест хувь эзэмшдэг юм байна. Ингээд улстөрийн намын бодлого үйл ажиллагаа олон нийтэд таалагдвал хандив дэмжлэг нь нэмэгдэнэ, тэр хэмжээ нэмэгдсэнээр улсаас өгөх дэмжлэг нь мөн нэмэгдэнэ. Хуулиараа улстөрийн нам бүр хажуудаа судалгааны хүрээлэнтэй. Тэр хүрээлэнгээ өөрсдөө дэмжиж ажиллуулдаг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр парламентын засаглалаа хөгжүүлэхийн үндсийн үндэс нь улстөрийн нам юм. Тийм ч учир Улстөрийн намын тухай хуулийг бидэнд тааруулсан хэлбэрээр биш, бидний хүрэх оргилд тааруулж хийгээч ээ л гэж байна. Улстөрийн намуудыг улстөрчид өөрсдөө муулаад байдгаа боль. Улстөрийн намын хэлэлцүүлэг дээр сууж байхад МҮАН-ын дарга Цогтгэрэл, АН-ын УИХ-ын гишүүн Батсуурь хоёр “Аймаг, сумдад намын хэрэг алга” гэж л яриад байх юм. Тэнд нам байхгүй бол бид хаашаа явах юм бэ? Өнөөдрийнхөө асуудалд орооцолдож ингэж ярихаа болих хэрэгтэй. Харин бид намуудыг анхан шатны түвшинд нь илүү хариуцлагатай болгохын тулд ажиллах ёстой юм.