Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
 

Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!

/2026,2,27/ Хуульд ч үл захирагддаг УИХ-ын гишүүн нэгэн эмэгтэй намын жагсаалтаар парламентад сонгогдсон. Түүнийг УИХ-ын гишүүний ёс зүйтэй байх дүрмээ сахихыг, хувийн ашиг сонирхлоор хэн нэг хүн, хэсэг бүлэг хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихийг хориглоно гэсэн заалтаа даган мөрдөхийг иргэд олноороо гуйж, шаардсан ч тусыг эс олов.

Энэ гишүүн иргэдийг сошл хуудсаараа дамжуулан хамгийн бүдүүлэг үгсээр хараан зүхэж, доромжлон гутааснаар “Ерөөсөө эднийг буцаан татахгүй бол арай дэндүү юм” гэх эсэргүүцэл олон нийтийн сүлжээгээр өрнөсөн юм.

Харин үр дүнд нь “Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг буцаан татах хуулийн төслийг санаачиллаа” хэмээн алга нижигнүүлэн ташлаа. Бүдүүлэг эмэгтэйг буцаан татах нь бидэнд таалагдаж байна, гэхдээ цаашдаа яах билээ?

АРДЧИЛСАН НИЙГЭМД ХАРИУЦЛАГЫН ДҮНГ СОНГОГЧ ИРГЭД ТАВЬДАГ

Парламентад “хэцүү хүмүүс” сонгогддог. Намын жагсаалтаар ч гарч ирж болно. “Хэцүү гишүүн” гэдэг нь хууль огт санаачлахгүй байх, хуралдаа суухгүй байх, хэлсэн үг нь иргэдэд таалагдахгүй байх гэх мэт.

Гэвч олон улсын парламентын соёл, ёс зүйн жишигтэй харьцуулахад иргэдээ ил тод доромжилж, хамгийн аймшигтай хараалын үг тогтмол ашиглан, үүний зэрэгцээ элдвийн бараа бүтээгдэхүүн сошиал орчинд сурталчилдаг парламентын гишүүний тохиолдлыг одоогоор миний хувьд олж мэдээгүй байна.

Тэгвэл “Хэцүү гишүүн”-ийг хэрхэх вэ?

Иргэд болон тухайн улс төрийн нам нь түүнийг “улс төрийн үхдэл” болгодог. Дахин тухайн хүнийг сонгохгүй байх, улс төрийн орчинд хүлээн зөвшөөрөхгүй байх, жагсаалтдаа багтаасан бол намыг дугуйлахгүй байх гэх мэт.

Өөрөөр хэлбэл, сонгууль бол түүний авах дүн юм. Гэтэл иргэдийн хариуцлага тооцох ардчиллын амин судас болсон сонгуулийн механизмыг Ерөнхийлөгч тас цохив.

УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ СОНГУУЛИАС ӨӨРӨӨР БУЦААН ТАТАЖ
ОГТ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ?

Болно оо. Үүнийг УИХ-ын тухай хуулиар зохицуулсан бөгөөд хэрэв эрүүгийн хэрэг үүсгэсэн бол Улсын ерөнхий прокуророос санал оруулж, УИХ-ын олонхын шийдвэрээр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.

Мөн тухайн гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзах боломжтой.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗААЛТ БҮРЭЭР НЬ
ЗАДЛААД ҮЗЭХ ҮҮ?

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд дараах тохиолдлуудад УИХ-ын гишүүнийг буцаан татахаар тусгажээ. Үүнд:

  • Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
  • Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
  • Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ.

Эдгээрийг заалт тус бүрээр нь авч үзэцгээе.

  • Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх:

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэж бий. Энэ дүрэмд зааснаар ёс зүйн дүрмийг сахин биелүүлээгүй тохиолдолд УИХ-ын гишүүнд:

  • сануулга өгөх;
  • уучлал гуйхыг үүрэг болгох;
  • албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах хариуцлагыг ноогдуулдаг.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлагыг одоогоор хүлээлгэж байна гэсэн үг. Харин “хуулийн хариуцлага” хүлээлгэхийн тулд тухайн гишүүн хууль зөрчсөн болохыг нотлох бөгөөд энэ талаар Улсын Их Хурлын тухай хуульд дэлгэрэнгүй заасан.

  • Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах:

Энэ заалтад Үндсэн хуулийн цэцийн эрх мэдлийг хяналтын институц байсныг парламентын гишүүний бүрэн эрхэд шууд нөлөөлөх хэмжээнд тэлэхээр тусгажээ.

Цэц нь нийт 9 гишүүнтэй байдаг. Эдгээрийн 3-ыг Ерөнхийлөгч, 3-ыг УИХ, 3-ыг Дээд шүүх санал болгосноор томилдог. Юун түрүүнд, Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг буцаан татах эсэх шийдвэрийг өөрийн томилсон гишүүдээрээ шийдүүлэх боломжтой болох уу гэх асуулт урган гарч байна.

Нөгөөтэйгүүр, Цэц нь УИХ болон бусад төрийн өндөр дээд байгууллагаас гаргасан шийдвэр нь Үндсэн хуулийг нийцсэн эсэхийг хянадаг, гаргасан шийдвэрээ УИХ-аар хянуулдаг. Харин шийдвэрийг авч хэлэлцэж, хяналтын үүргийг гүйцэтгэдэг болохоос тухайн УИХ-ын гишүүнийг өөрийг нь авч хэлэлцдэггүй. Энэ нь засаглалын тэнцвэрийн нэг хэсэг юм. Харин Ерөнхийлөгчийн хуулийн төсөл нь энэ тэнцлийг үгүй хийх магадлалтай.

Сонирхуулахад, Үндсэн хуулийн цэцийн нэг үүрэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа эсэх”-ийг хянах нь өөрөө бас багтдаг. Гэвч сануулахад энэ нь хяналт болохоос гишүүний бүрэн эрхэд шууд нөлөөлж, түүнийг эргүүлэн татах улс төрийн шийдвэр болдоггүй.

  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл:

Өмнө өгүүлсэнчлэн, энэ заалт нь Улсын Их хурлын тухай хуульд заагдсан, одоо үйлчилж байгаа.

  • Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ.

УИХ-ын гишүүнийг улс төрийн нам дэвшүүлдэг ч, түүнийг УИХ-ын гишүүн болгох эсэхийг иргэд шийддэг. Жагсаалтаар ч бай!

Жагсаалтад намууд “хамгийн сайн” гэж бодсон хүмүүсийнхээ нэрсийг гаргаж, тэдгээрээр дамжуулан намдаа санал авахыг хичээнэ. Тухайн жагсаалтад нэр нь бичигдсэн хүмүүс тойрогт улстөрчидтэй өрсөлдвөл ялах магадлал бага бөгөөд энэ нь нөлөөлөл, эдийн засгийн боломж зэргээс хамаардаг гэсэн үг.

Харин Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд тусгагдсан энэ заалтаар бол УИХ-ын гишүүн иргэдийн мэдлээс гарч намын мэдэлд шууд очих эрсдэлтэй. “Хэрэв чи намын даргын шийдвэрийг биелүүлэхгүй бол чамайг гишүүнээс чинь буцаан татна” гэх эрсдэл үүсэж болзошгүй юм.

Улс төрийн хариуцлагыг иргэд сонгуулиар тооцдог нь ардчиллын үндсэн зарчим. Үүнийг ямар ч өндөр албан тушаалтан үгүй хийж болохгүй юм. УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох нь:

  • Хууль зөрчсөн бол шүүхээр
  • Улс төрийн хариуцлагыг бол иргэд сонгуулиар тооцно.

УИХ-ын гишүүд иргэддээ үйлчилнэ гэж тангараг өргөдөг болохоос "намдаа үйлчилнэ" гэж өргөдөггүй.

ЕРӨНХИЙЛӨГЧ ИЙМ ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХТЭЙ ЮУ?

Товчхондоо бол үгүй.

Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хуульд хориг тавих эрхийг маш тодорхой зааж өгсөн. Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээ хязгаарыг тогтоохдоо “4/гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах” гэж заажээ.

Эцэст нь хэлэхэд, парламентын засаглалтай Монгол Улсын хувьд нэг засаглал нь өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг зохицуулах хуулийн төслийг өргөн барьж буй нь ГАЖУУДАЛ юм.

Улс төрийн намуудын 2025 оны тайлан олон нийтэд ил боллоо
Улс төрийн намуудын 2025 оны тайлан олон нийтэд ил боллоо
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.