/2026.1.20/ CSIS (Center for Strategic & International Studies) төвөөс 2026 оны нэгдүгээр сард “Итгэл үнэмшил, геополитик мөргөлдөх цагт” нэртэй Далай ламын хойд дүрийг тодруулах болон Төвөдийн асуудлаар тун сонирхолтой судалгааны тайлан, зөвлөмжийг нийтэллээ.
CSIS (Center for Strategic & International Studies) нь дэлхий дахины өмнө тулгамдаж буй асуудлуудыг судалж, зөвлөмж хүргүүлдэг ашгийн бус, Вашингтонд байрлах, америкийн тинк танк байгууллага. 1962 онд John J. Hamre-ийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан.
2025 оны долоодугаар сарын 2-нд XIV Далай ламын 90 насны төрсөн өдөр болж, тэрбээр өөрийн байгуулсан институцээс дараагийн төрлийг нь тодруулах үйл ажиллагааг хариуцан явуулах болно гэдгийг зарласан юм.
Судалгаанд Хятад улс Төвөдийн асуудлыг “хүний эрх” гэх хүрээгээр хязгаарладаг, хэрэв олон улс энэ хүрээнээс давж харахгүй бол Далай ламын хойд дүр тодрох үед нөхцөл байдал илүү хүндрэх магадлалтайг дурьджээ.
“Далай ламын хойд дүрийг тодруулах хугацаа ойртож буйтай холбоотойгоор геополитикийн, эдийн засгийн, хүрээлэн буй орчны болон хүмүүнлэгийн томоохон сорилтуудад бэлтгэх шаардлагатай байна. Хималайн бүс нутгийн хурцадмал байдал, усны аюулгүй байдал, чухал ашигт малтмалууд, хил дамнасан худалдаа, үндэстний хэлмэгдүүлэлт төдийгүй Хятадын дотоодод ч урьдчилж мэдэх боломжгүй хүндрэлүүд үүснэ” гэжээ.
Усны аюулгүй байдал дурдагдах шалтгаан нь Инд, Брахмапутра, Меконг, Сатлеж, Салуин, Шар мөрөн, Хөх мөрөн зэрэг Азийн томоохон гол мөрөн Төвөдөөс эхтэй юм. Хятадын цэнгэг усны 30 хувь Төвөдөөс эх аван урсдаг гол мөрнүүдэд оногддог.
Төвөд үргэлж хятадын нэг хэсэг байсан уу гэвэл мэдээж үгүй. VII-VIII зууны үед Төвөд хамгийн их газар нутгийг эрхшээлдээ байлгаж байсан бөгөөд одоогийн Шиньжанаас Энэтхэгийн хойд хэсгийг хүртэл үргэлжилж байв.
Төвөд, Хятад, Энэтхэгийн маргаантай асуудалд Их Британи томоохон үүрэг гүйцэтгэсэн. 1904, 1907 онуудад хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурцгаасан юм. 1914 онд Хятад, Төвөд, Их Британи нар хэлэлцээ хийж Төвөд-Энэтхэгийн хилийн заагийг тохиров. Үүнийг түүхэнд “Макмахоны шугам” гэж нэрлэдэг. Энэ нь Хималайн зүүн хэсгээр 890 км үргэлжлэх Энэтхэг, Хятадыг хуваасан хилийн шугам юм.

Гэвч Хятадын тал гарын үсэг зурахаас татгалзав. Харин Энэтхэг энэ шугамыг хүлээн зөвшөөрснөөр Хятад-Энэтхэгийн хилийн маргаантай асуудал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
1950 онд Ардын чөлөөлөх арми Төвөдийг эзлэн авч, шинээр байгуулагдсан (1949 онд) БНХАУ-д нэгтгэв. 1642 оноос хойш үе үеийн Далай лам нар Төвөдийн автономит байдлыг хамгаалахын төлөө ажиллаж байна. XIV Далай лам 1959 онд Энэтхэг рүү дүрвэсэн ч, түүний нөлөөлөл Хятадын Засгийн газарт томоохон сорилт хэвээр байгаа юм.
Хятадын Засгийн газар “Далай ламын хойд дүрийг тодруулах үйл явц нь Хятадын хууль дүрэмд захирагдах бөгөөд хайх болон тодруулах үйл явц Хятад улсын нутаг дэвсгэрт явагдах ёстой” гэж шаарддаг. Харин Далай лам өөрийнх нь хойд дүрийг Хятадаас биш өөр эрх чөлөөт улс оронд дахин төрнө гэж үзэж, Бээжингийн байр суурийг хатуу няцаасаар иржээ.
Далай ламын хойд дүрийг тодруулах нь тийм ч хурдан үйл явц биш. Далай ламыг таалал төгссөний дараа 49 хоног лам нар мөргөл үйлдэж гашуудал зарладаг. Улмаар Далай ламын хойд дүрийг тодруулах хорооныхон зөн билгийн тэмдгүүдэд тулгуурлаж, судар, шүтээн бүхий газруудыг тодорхойлж хойд дүр байж болзошгүй нэр дэвшигчдийг тодруулах хүрээг хумина. Энэ бүх үйл явц 2-3 жилийн турш үргэлжилдэг. Далай ламын хойд дүрүүд ихэвчлэн бага насны хүүхдүүд байх бөгөөд хорооныхон түүний зан байдлаас өмнөх Далай ламтай холбоотой байж болох эсэхийг ажиглана. Ингээд тодруулсны дараа хүүхдийг шашны сургуульд сургаж, боловсрол эзэмшүүлснээр Далай ламаар зарладаг.
Бээжин Далай ламын хойд дүрийг тодруулах үйлд олон жил бэлтгэжээ. Хятадын тал өөрийн намаас зөвшөөрөгдсөн Далай ламыг өөрсдөө тодруулах үйл ажиллагааг зохион байгуулах нь гарцаагүй. Тэд Төвөдүүд өөрсдийн Далай ламаа зарлахаас өмнө ийнхүү баталгаажуулж болзошгүй. Тиймээс Далай лам гэж зарласан хэн ч Хятадын Коммунист намын бүрэн мэдэлд байх магадлалтай гэдгийг судалгаанд дурьдсан байна.
Хятадын коммунист намаас орон нутгийн бүлгүүд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагуудыг дайчлан Далай ламын нэр хүндийг унагах, Төвөдийн нийгэмлэг дотор хагарал үүсгэх ажлыг хэдийнээ эхлүүлээд явуулж байгаа талаар дурьдсан байна. Мөн энэ үйл ажиллагаанд буддын шашны нэг урсгал болох, Хятадын Коммунист Намын Нэгдсэн фронтын ажлын газраас хүчтэй дэмжлэг авдаг Шүгдэнг ашиглаж, Далай лам хэрэв өөр газраас тодорвол түүнийг үгүйсгэх ажлыг Шүгдэнгийнхнээр дамжуулан хийлгэж болзошгүй гэжээ.
Судалгаанд энэ асуудалд Энэтхэг, Хятад, АНУ, Монгол зэрэг орнууд оролцох талаар дурьдаад, Монголын хувьд Х Богдыг тодруулахад хятад хэрхэн оролцсоныг өгүүлжээ.
“Монгол Улс Төвөдтэй эрт үеэс шашин болон бусад байдлаар холбогдож ирсэн. 2016 онд Далай лам монголд айлчилсанд Хятадын тал дургүйцэж, хилээ хаах, гаалийн татвараа нэмэх, харилцаагаа зогсоож байв. Монгол Улс “Дахин Далай лам манай улсад айлчлахгүй” гэдэг амлалт өгч, уучлалт гуйсны дараа хэвийн байдалд орж байлаа. 2023 онд Далай лам 300 жилийн тэртээ тодорч байсан анхдугаар Богдын хойд дүр Х Богдыг танилцуулав. Х Богд монгол болон америкийн иргэншилтэй. Бээжингээс Х Богдыг Далай ламтай ойрын харилцаатай болохоос сэрэмжилж, Далай лам хүүгийн шашны боловсролд их үүрэг гүйцэтгэх вий гэхээс эмээж байна. Хэрэв тэгвэл монголын буддын шашинтнуудын дундах Төвөдийн нөлөөллийг нэмэгдүүлж, монгол дах Бээжингийн нөлөөллийг бууруулж, дэлхийн бурханы шашинтнуудын дунд нөлөөллөө тогтоох гэсэн Хятадын хүчин чармайлтыг үгүй хийх магадлалтай. Мөн Х Богдын америкийн иргэншил нь ч санаа зовоож буй. Учир нь асуудалд АНУ оролцох боломжийг нэмнэ. Хятадын дарамтанд бууж өгсөн Монголын эрх баригчид Х Богдын гэрт нэгжлэг хийж, гэр бүлийнх нь уурхайн бизнест авлигын хэргийн мөрдөн шалгалт хийж, дансыг нь царцааж байв” гэжээ.
Эх сурвалж: CSIS
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.