
2026.3.4 Монгол Улс “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай” тогтоолыг санаачилсан нь НҮБ-ын 192 гишүүн орны дэмжлэгийг авч, оны өмнө батлагдсан. Энэ талаар санхүүгийн гэмт хэргийн шинжээч, судлаач Д.Тэгшбаяртай ярилцлаа. Тэрбээр уг тогтоолыг батлуулах Ажлын хэсгийн зөвлөхөөр ажилласан юм.
КОНВЕНЦЫН ГИШҮҮН ДЭЛХИЙН 192 ОРОНТОЙ ЗЭРЭГ ЗӨВШИЛЦӨНӨ
ГЭДЭГ АМАРГҮЙ АЖИЛ
-Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр Бага хурал өнгөрсөн арван хоёрдугаар сард болж манай улсаас төлөөлөгчид оролцоод ирсэн. Хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
-Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын хурал хоёр жил тутамд болдог. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Катарын нийслэл Доха болсон 11 дүгээр хурлаар улс орнуудын конвенцын хэрэгжилтийн үнэлгээний тайланг хэлэлцэж, нийтдээ 11 тогтоол баталсан. Түүнчлэн, конвенцын бүлэг тус бүрээр хамтын ажиллагаа, үр дүнгийн, эрсдэлийн, туршлага хуваалцах, гарын авлага танилцуулах гэх мэт олон жижиг арга хэмжээнүүд зохион байгуулсан.
Монгол Улс “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай” тогтоолыг санаачилж, Норвеги, Гана, Албани улстай хамтран зохиогчоор оролцсон. Энэ нь манай улсын НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээрх өргөн барьсан анхны тогтоол боллоо. Уг тогтоол хурлын хамгийн чухал ач холбогдолтой асуудлын нэг байсан.
Манай улсын санаачилсан тогтоолыг хэлэлцэх явцад Европын холбооны 27, бусад 35, нийтдээ 62 улс шууд дэмжин, НҮБ-д хамтран зохиогчоор оролцох хүсэлт тавьснаар батлагдлаа. Мөн олон улсын 168 байгууллага гарын үсэг зурж, манай тогтоолыг дэмжихийг уриаллаа шүү дээ. Энэ нь Монгол Улсын хувьд ч, мөн хурлын хувьд ч онцлох үйл явдал яах аргагүй мөн.
-Тогтоол батлуулах зохиогч улс гэхээр ямар үүрэгтэй, яаж оролцдог вэ? Манай улс хэрхэн оролцов?
-Гишүүн улс орнууд конвенцын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор тогтоол санаачилж батлуулахад тухайн улс орнуудтай маш олон удаагийн уулзалт хийж, тогтоолын төсөлдөө санал авч, лоббиддог. Энэ бүх ажил аливаа орны дипломат харилцааны, хүний нөөц, зохион байгуулалтын чадвар, улс орнуудтай хэлэлцэн зөвшилцөх, дипломат харилцааны чадавхаас ихээхэн хамаардаг. Конвенцын гишүүн дэлхийн 192 оронтой зэрэг зөвшилцөнө гэдэг амаргүй ажил. Засгийн газраас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг зохиогчийн хувиар тогтоолоо батлуулах хүртэл 33 удаагийн информал хэлэлцүүлэг, 4 удаагийн формал хэлэлцүүлэг, хэд хэдэн оронтой тусгайлсан уулзалт хийсэн нь амжилттай болсон. Тиймээс ч 62 орон шууд дэмжиж, үлдсэн орнууд санал хураахгүйгээр зөвшилцөн баталсан.
МАНАЙ УЛС АВЛИГЫН СУУРЬ АСУУДАЛ РУУГАА ОРЖ, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХЭД ТУУШТАЙ ГЭДГЭЭ ДЭЛХИЙН 192 ОРНЫ ӨМНӨ ХАРУУЛЛАА
-Ер нь НҮБ-аар батлуулах тогтоол батлуулах нь улсын нэр хүндийн хувьд ч, дэмжлэг авахад ч ач холбогдолтой байх.
-НҮБ-ын тогтоол санаачлах нь олон давуу талтай. Олон улсын байгууллагуудын төлөвлөгөөнд батлагдсан тогтоолыг хэрэгжүүлэхэд үзүүлэх дэмжлэг, санхүүжилт, техникийн туслалцаа нэмэгдэх бол эхний үр дүн. Тогтоолыг бүх гишүүн улс хэрэгжүүлэх ба санаачлагчаар улсын нэр тэр бүрд дурдагдаж явна гэсэн үг. Энэ бол авлигын эсрэг асуудлаарх манай улсын манлайллыг олон улсад таниулах арга хэмжээ.
-Тогтоолыг батлуулахад өргөн хүрээтэй судалгаа хийдэг байх. Судлахад, манай улсад болон олон улсын түвшинд нам, нэр дэвшигчдийн санхүүжилт нь авлигатай ямар хамааралтай байсан бол?
-Манай улсын талаар олон улсын хэвлэлээр сайн, муу олон мэдээ гардаг ч уул уурхай, гуравдагч хөршийн бодлого болон авлига гэсэн 3 сэдэв олон улсын анхаарлыг тогтмол татдаг. Шударгаар хэлэхэд, уул уурхайн салбарт сайн гэхээсээ саар мэдээтэй, гуравдагч хөршийн бодлогод их болгоомжтой ханддаг. Авлигын хэргийн талаар ч дэлхийн анхаарлыг татсаар байна. Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон авлигын гэмт хэрэг ар араасаа гарч, авлигатай үндсээр нь тэмцэнэ гэж байсан улстөрчид ч саяхан авлигын хэрэгт холбогдчихлоо. Энэ нь олон улсад “сонирхолтой” мэдээ бол манай улсад “муу” мэдээ болж байдаг. Авлигын үндэс суурь нь cronyism буюу албан тушаалын шударга бус томилгооноос үүдэлтэй авлигын хэлбэр буюу төрийн, төрийн өмчит аж ахуйн нэгжийн шийдвэр гаргах эрх мэдэлд хүрэхээр улс төрийн намыг санхүүжүүлдэг гэдэгт олон улсын судлаачид, судалгаанууд санал нийлдэг. Транспаренси интернэшнл байгууллагаас Авлигын төсөөллийн индексийг зарлах бүрдээ Монгол Улсад тусгайлан үүнийг анхааруулж ирсэн. Одоо сайн мэдээ гэвэл, манай улс авлигын суурь асуудал руугаа орж байна, авлигатай тэмцэхэд тууштай гэдгээ дэлхийн 192 орны өмнө энэ тогтоолыг санаачлан, батлуулж манлайлан харууллаа. Энэ бол төрийн бодлого. Бусад хамтран зохиогч орнууд өөр өөрийн онцлогтой.
-Энэ тогтоолын агуулгын талаар товч яриач, хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын улс төрийн намын санхүүжилттэй холбоотой 7.3-д заасан ганцхан заалтыг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг энэ тогтоолын агуулгаар баталлаа гэж ойлгож болно. Нийт 6 чиглэлээрх 22 заалтаар улс төрийн нам, нэр дэвшигч, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг сонгуулийн үе, сонгуулийн бус үе гэж ялгахгүйгээр ил тод болгох, улс төрийн нам, нэр дэвшигчдийг хариуцлагатай, хяналттай байлгах, мэдээллийг өгөгдөл болгоход чиглэгдсэн нарийн заалтыг тусгасан. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны цахим хуудаст тавигдсан даруйд хэрэгжиж эхэлнэ.
АВЛИГЫН АСУУДЛААР МАНЛАЙЛАЛ ҮЗҮҮЛЧХЭЭД ОЛИГТОЙ АЖИЛ ХИЙХГҮЙ БОЛ
БИД ӨӨРСДӨӨ ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРНО
-НҮБ-ын тогтоолыг дагалдуулж манай улсад эрх зүйн баримт батлагдах уу?
-2023 онд Улс төрийн намын тухай хууль батлагдсанаар манай улс уг тогтоолын нэлээд олон заалтыг аль хэдийн хэрэгжүүлчихсэн байсан. Гэхдээ сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан зарцуулсан зардлыг бууруулах, санал худалдан авах гэмт хэргийг Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт хамааруулахад чиглэгдсэн судалгаа, Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах болон төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ажил бий. Тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, Засгийн газарт өргөн барьж, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны техникийн тусламжийн талаар ярилцсан нь мөн дэлхийн бусад орноос анхдагч болоод байна. Төлөвлөгөөний дагуу зарим хуульд өөрчлөлт орох шаардлага бий. Бид энэ ажлыг манлайлсны хувьд 2027 оны 12 дугаар сард зохион байгуулагдах Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын оролцогч талуудын 12 дугаар хурлаар тайлангаа тавих ёстой. Тиймээс төлөвлөгөөг хэрэгжүүлэх үндсэндээ 20-оод сарын хугацаа үлдээд байна.
-Тогтоолыг хэрэгжүүлэгч улсууд ямар үүрэг хүлээх бол?
-Ганц манай улсад биш, дэлхийн бусад улс оронд ч улс төрийн намыг дагасан авлигын асуудал нь төрийн эрх мэдэлд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн. Тийм учраас уг тогтоол улс орнуудад шаардлагатай арга хэмжээг, дотоодын эрх зүйн орчиндоо тохируулан хэрэгжүүлэх гарын авлага болох юм. Зарим улс орнуудад энэ чиглэлийн зохицуулалт дутагддаг ч төр нь хөдлөхгүй тохиолдол олон байна. Тийм улс орнуудад иргэний нийгмийн байгууллагууд идэвх зүтгэл гарган, шахалт үзүүлсэн ч үр дүнд хүрдэггүй байсан бол одоо тогтоолын хүрээнд конвенцын гишүүн орон бол хөдөлж эхэлнэ гэсэн үг. Заавал хэрэгжүүлэх дарамт шахалтыг НҮБ-аас үзүүлэхгүй ч Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн үнэлгээгээр асуудал болгоод гаргаад ирнэ. Дэлхий нийтийн чиг хандлага энэ зүг рүү явна гэдгийг, яваандаа эдгээр заалт нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, олон улсын бусад байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөр дамжин хэрэгжүүлэх шаардлагатай болж, тусламж, дэмжлэг, санхүүжилт, хамтын ажиллагаа энэ чиглэлд чиглэнэ гэж ойлгож болно.
Олон улсын анхаарлыг ингэж их татсан авлигын асуудлаар манлайлал үзүүлчхээд олигтой юм хийхгүй, үр дүнгүй байвал бид өөрсдөө харин хэцүү байдалд орно. Гэхдээ тогтоолын төсөл дээр ажиллаж байхад манай улс бусад дийлэнх улс оронтой харьцуулахад нэлээд олон заалтыг хэрэгжүүлчихсэн байсан. Улс төрийн намын тухай хууль 2024 оноос хэрэгжиж эхэлснээс хойш олон улсын байгууллагаар үнэлгээ хийлгүүлээд зөвлөмж авчихсан, улс төрийн намын санхүүжилтийг ил болгох, судалгаа хийх, өгөгдөл гаргах, чадавх бэхжүүлэх, гомдол шийдвэрлэх сонгуулийн зардлын хяналт хэрэгжүүлэх программ бий болгохоор манай Сонгуулийн ерөнхий хороо ажиллаад эхэлчихсэн, санхүүжилт нь шийдэгдчихсэн зэрэг багагүй ажил хийчихсэн байна. Үүгээрээ манай улс олон улсад өөрсдийн туршлагаасаа хуваалцах хэмжээний жишээ болж болохоор байна гэж харсан. Хэрэгжилт үр дүнтэй байвал авлигын суурь нөхцөлийг эрүүлжүүлэхэд ч тодорхой хэмжээнд ахиц гаргана.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ БУЙГ
НОТЛОХ ҮНДСЭН ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ БАЙНА
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар улс төрийн намууд санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж, олон нийтэд ил болгож байгаа. Мөн нам, нэр дэвшигчид сонгуульд оролцохдоо Үндэсний аудитын газарт тайлангаа хүргэдэг. Энэ тогтоол батлагдсанаар эдгээр процесс ажиллагааг нарийвчилна гэсэн үг үү?
-Сонгуулийн үеэр Сонгуулийн төв байгууллага нь хариуцаад явж болохоор зарим асуудлыг хуульд өөр төрийн байгууллагад хариуцуулсан, үүнээс улбаалж иргэдэд хүргэх мэдээлэл удаашрах зэрэг асуудлууд гарахаас гадна давхардал, хийдэлтэй эсхүл зохицуулалт орхигдсон хууль тогтоомж бий. Тиймээс улс төрийн санхүүжилтийн нөхцөл байдалд суурь үнэлгээ боловсруулах, харьцуулалт хийж байж ямар нэмэлт, өөрчлөлт шаардлагатайг тодорхойлно гэж найдаж байна.
-Тогтоол батлуулахад Сонгуулийн ерөнхий хорооны оролцоо ямар байсан бэ. Мөн хэрэгжүүлэхэд ямар үүрэг хүлээх вэ?
-Тогтоолыг батлахад Сонгуулийн ерөнхий хороо ажлын хэсэгт албан ёсоор орж, саналаа өгч оролцсон. Хэдийгээр төрийн яамд, агентлагуудын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа чухал ч Сонгуулийн ерөнхий хороо тогтоолын хэрэгжилтийг хангаж буйг нотлох үндсэн үүрэг хүлээж байна. Ирэх хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дийлэнх ажил Сонгуулийн ерөнхий хороонд оногдож байгаа. Үүнээс гадна сонгуулийн төв байгууллагын чадавхи, бие даасан байдлыг бэхжүүлэх, түүнд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх зэргээр Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулж батлуулах шаардлага тогтоол батлагдсанаар үүссэн. Төлөвлөгөө батлагдсанаар түүний дагуу хийх ажлууд бий.
-Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гэдгийг тодруулаач?
-Сонгуулийн төв байгууллагын тухай хууль батлагдаад даруй 20 жил болсон байна. Өнгөрсөн хугацаанд тус хуульд бага сага нэмэлт, өөрчлөлт оруулж ирсэн ч эрх зүйн байдал нь ерөнхий. Зөвхөн тогтоол батлагдсан учраас ч биш, ер нь нийгэм, эдийн засаг, мэдээлэл технологи, мөн системийн холболт зэрэгт олон өөрчлөлтийг харгалзан хууль маань сайжрах шаардлагатай байсан. Хамгийн гол нь энэ байгууллагад улс төрийн болон бусад хөндлөнгийн нөлөөллийг бүр мөсөн үгүй болгох, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, сонгогчид болон улс төрийн нам, эвслийн чадавхийг бэхжүүлэх материаллаг нөөцийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах, хууль тогтоомжид байгаа чиг үүргийн давхардлыг арилгаж тодорхой болгох шаардлагатай байна. Энэ нь цаг үеийн шаардлагаар бий болсон, сонгуулийн ардчиллыг хамгаалах чухал хөшүүрэг болно.
-Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлийн Сорилтод улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах амлалаар нэгдэн ажиллаж байгаа. Энэ ажил тогтоолын хэрэгжилттэй холбогдох уу?
-Энэ тогтоолыг санаачлах санаа нь анх Транспаренси интернэшнл байгууллагын экспертүүдийн бүлгээс гарсан юм. Тухайн үед тогтоолыг НҮБ-д өргөн барих талаар улс орнууд ярилцаад эхэлчихсэн, манай улс ч дотооддоо эрчимтэй хэлэлцэж байсан. 2025 онд Нээлттэй засгийн түншлэлийн чуулга уулзалтаар Монгол Улс улс төрийн санхүүжилтээ ил тод болгох амлалт авсан нь НҮБ-ын баталсан энэ тогтоолтой яваандаа холбогдсон байдаг. Уг санаачилгыг Монгол Улс дэмжин 2025 онд 2 ч Засгийн газраас тус тусдаа тогтоол баталж тогтоолын зохиогчоор ажиллахаар шийдвэрлэсэн байдаг. Олон улсын санаачилгууд хоорондоо уялдаатай. Ялангуяа, төсөл, хөтөлбөр, санхүүжилт, дэмжлэг нь уялдаатай хэрэгждэг. Тиймээс уг тогтоол батлагдсанаар олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа энэ чиглэлээр тусгайлан, хамтран ажиллахаар төлөвлөгдөхөөр байна.
-Санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх гэдэгт олон нийт тайлантай танилцах, мэдээлэл авах, судалгаа хийхэд хялбар, энгийн, ойлгомжтой байхыг шаардах нь гарцаагүй. Энэ шаардлагыг хангах цахим систем ч юм уу арга замыг олон улсууд хэрхэн зөвлөж байна. Сайн туршлага нэрлэвэл?
-Олон улсын экспертүүд нь ашиглагдахуйц өгөгдөлтэй, судалгаа, дүн шинжилгээ, чадавх бэхжүүлэхэд тохиромжтой, өөрийн орны нөхцөл байдал, эрх зүйн орчны онцлогийг харгалзсан, дотоодын хууль тогтоомжид нийцсэн, олон улсын туршлагыг харгалзсан сонгуулийн зардлын хяналт хэрэгжүүлэх программ хангамжийг нэвтрүүлэхийг зөвлөдөг. Улс орнуудаас цөөн орон энэ төрлийн системийг нэвтрүүлж эхлээд байна. Манай улс энэ цөөн хэдэн орны нэг. Сайн туршлага гэдэг сайжруулж болох л туршлагыг хэлээд байгаа ч ихэвчлэн программ хангамжиндаа биш төрийн албан хаагчдын чадавхи, санаачлагаас хамаарч өөр өөр байна. Тиймээс бид цаашдаа олон улсын туршлагаас юу сурах ёстой вэ гэвэл бид өөрсдийгөө, төрийн албан хаагчдыг, улс төрийн намуудыг, дата аналистууд, судлаачдыг бэлтгэх, дагнаж мэргэшүүлэх нь илүү оновчтой. Жишээ нь Эстонид сайн хэрэгжсэн туршлага заавал манайд бас сайн жишээ болох нь ховор. Дотоодын онцлогоо, хөгжлийн үе шатаа тооцоолсон өөрсдийн туршлагатай болох нь бидэнд л хэрэгтэй.
-Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд манай улсын хувьд нам эвсэл болон төр, иргэний нийгмийн байгууллага, тэдгээрийн хүний нөөц бэлэн болов уу?
-Холбогдох сургалтыг үе шаттай явуулахаар төлөвлөгөөнд тусгасан. Бүх талыг чадавхжуулах, программ ашиглахад шаардлагатай мэдээлэл, сургалтыг олгох, ялангуяа улс төрийн намуудад мэдээлэл оруулах, мэдээллээ засах, нэмэх, хавсаргах, мэдээлэл авах зэргээр шаардлагатай чадавхыг олгох тусгайлсан сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулах шаардлагатай.
-Манай улс энэ тогтоолыг батлуулахад зохиогчоор багагүй үүрэг хүлээсэн. Хэрэгжилтийг сайн хангаснаар олон улсын өмнө зохиогчийн байр сууриа хадгалах, авлигын индексээр байр урагшлах ч юм уу ач холбогдолтой биз?
-Авлигын төсөөллийн индексийн төрөлжсөн олон эх сурвалжийн заримаар улс төрийн цэвэр байдал, нам, нэр дэвшигчдийн санхүүжилтийн ил тод байдал, хариуцлага зэрэг үзүүлэлтүүд үнэлэгддэг. Жишээ нь Ардчиллын индексээр үнэлнэ. Гэхдээ дан ганц улс төрийн нам, сонгуулийн санхүүжилтийг ил тод болгосноор индексэд шууд нөлөө үзүүлэхгүй ч дам байдлаар нийгэмд авлигыг бууруулахад ихээхэн дэмтэй. Төрөөс авлигын эрсдэлийг оновчтой онилж, эрсдэлийг хөгжөөдөг бусад асуудлыг зэрэг шийдэж чадвал индексэд эерэг нөлөө үзүүлнэ.
Эх сурвалж: Сонгуулийн боловсрол сэтгүүл 2026 №1
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.