
/2026.4.27/ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Эдгээрт:
- Монгол Ардын нам (МАН),
- Ардчилсан нам (АН),
- ХҮН нам,
- Их нам (ИХН)
- Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)
Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэн, хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд 2025 оны 4 дүгээр сарын 22-оос өмнө ирүүлэх, тухайн шатны сонгуулийн хороо тав хоногт багтаан бүртгэх эсэх шийдвэр гаргахаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т заасан.
Орон нутгийн Хурлын нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг 2026 оны тавдугаар сарын 7-оос 13-ыг дуустал үргэлжлүүлнэ. Нэр дэвшүүлсэн ажиллагаа дууссан өдрөөс хойш 3 хоногт багтаан (2026.05.16-ны дотор) баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.
Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүргэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм. Улмаар нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.