/2026.1.19/ Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах, иргэд өөрсдөө хотын даргаа сонгодог болох талаарх хэлэлцүүлэг нийгэмд өрнөж байна. Энэ нь Х.Нямбаатар нь албадлагын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын компаниудтай их хэмжээний төсөвтэйгээр хамтран ажиллах болсон, иргэдтэй сошиал орчинд доромж байдлаар харьцдаг зэргээс үүдэлтэй.
ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ
ЧӨЛӨӨЛЖ, ОГЦРУУЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Товчхондоо бол тийм. Хотын даргыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж, Ерөнхий сайд томилдог. Тиймээс НИТХ болон Ерөнхий сайд Г.Занданшатар нарт Хотын даргыг огцруулах эрх мэдэл бий. Дараах тохиолдлуудад Хотын даргат хариуцлага тооцож, огцруулах үндэслэлтэй болно.
Ерөнхий сайд Хотын даргыг огцруулах үндэслэл:
- Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон;
- хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;
- Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал түүнийг огцруулах санал гаргасан;
- Засаг дарга өөрөө огцрох хүсэлтээ гаргасан;
НИТХ Хотын даргыг огцруулах үндэслэл:
- Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;
- нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;
- хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн.
- Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Хурлын даргын шийдвэрийг Хотын дарга хангалтгүй биелүүлсэн гэж үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ.
Өмнө нь, Хотын дарга асан Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгч байв. Харин Х.Нямбаатарт ийм сонирхол байхгүй нь илт. Тэрбээр 2024 оны аравдугаар сард Хотын даргаар сонгогдож байв. Хотын түүхэнд байгаагүй хамгийн өндөр төсөвтэй ажиллаж байгаа ч түүнийг тойрсон шүүмжлэл буурахгүй байна.
ХОТЫН ДАРГЫГ ӨӨРСДӨӨ ШУУД СОНГОХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Одоо хэрэгжиж байгаа хуулиудаар энэ нь боломжгүй. Монгол Улс нь төлөөллийн ардчиллыг сонгон хэрэгжүүлдэг тул Хотын даргыг бидний өмнөөс сонгож, хянаж, хариуцлага тооцож ажиллах эрхийг Орон нутгийн сонгуульд саналаа өгөх замаар, НИТХ-ын төлөөлөгчдийг үүрэгжүүлдэг.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ийм өндөр эрх мэдэлтэй учир иргэд Орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцох нь чухал. Нийслэлийн ИТХ нь нийт 45 суудалтай ч 2024 оны Орон нутгийн сонгуулиар 40 суудал нь МАН-аас, 5 нь АН-аас сонгогдсон.
Орон нутгийн сонгуульд намууд оролцохдоо “Бид орон нутгийн сонгуульд ялалт байгуулвал Хотын даргаар энэ хүнийг сонгож ажиллуулна” гэж багаар нь дэвшүүлэх болсон нь том амжилт юм. Тухайлбал, 2020 оны сонгуульд АН-аас “Бат-Үүлийг багаар нь ялуулъя” гэж байсан бол, 2024 онд ХҮН нам хотын даргад Э.Золзаяаг нэр дэвшүүлэхээ илэрхийлж байв.
Хэдийгээр улс төрийн намууд иргэдийн итгэлийг алдах болсон ч бид намаар дамжуулан бодлого хэрэгжүүлэхээс өөр гарцгүй бөгөөд энэ нь ч одоогоор байж болох хамгийн зөв арга зам юм. Тиймээс улс төрийн намын соёл, ил тод байдал, төлөвшил туйлын чухал.
Монгол Улсын хувьд нутгийн өөрөө удирдах ёс болон төрийн удирдлагын зарчмыг хослуулан хэрэглэдэг. Энэ тохиолдолд төрийн төлөөлөл нь Хотын дарга бөгөөд харин нутгийн өөрөө удирдах ёс нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Хотын даргын үйл ажиллагаанд шаардлагатай төсвийг батлах, хяналт тавих, хариуцлага тооцох үүрэгтэй.
Хэрэв Хотын даргыг иргэд шууд сонгодог болвол энэ тохиолдолд "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ" гэсэн Үндсэн хуулийн заалтад өөрчлөлт орж, энэ зарчмыг хэрхэн хадгалах вэ гэдэг асуудал үүснэ. Мөн цаашлаад Засаг захиргааны нэгжийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүснэ.
Сонирхуулахад, Засаг захиргааны нэгжийн тухай хуульд сонгуулиас нэг жилийн өмнөөс өөрчлөлт оруулахыг хориглосон байдаг.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.