
/2026.2.3/ Эпштэйний файлууд дэлхийг донсолгож, улс төрийн хүрээний томоохон албан тушаалтнуудтай холбоотой хүний наймаа, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргүүдтэй холбоотой материалуудыг ил болгож эхэллээ.
Материалуудыг АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгож байгаа бөгөөд Эпштэйн нь маш хөрөнгөлөг, холбоо сүлжээ өндөртэй санхүүч нэгэн байжээ. Тэрээр насанд хүрээгүй охидтой бэлгийн харьцаанд орсон нь ил болж, 2019 онд шоронд ял эдэлж байхдаа амиа хорлосон нэгэн юм. Гэвч түүний үхлийг зохион байгуулсан ч гэх яриа байдаг.
Эпштэйнтэй холбоотой маш олон алдартнууд, улс орнуудын төрийн эрх баригчидтай мэйлээр харилцаж байсан нь хүртэл ил болоод байна. Сэтгүүлчид хэрэгт холбоотой бүх хүнд хариуцлага тооцохыг, мэдээллийг нээлттэй ил тод байлгахыг дэлхий даяар шаардаж байна.
Гэвч ил болж байгаа материалууд нь тухайн нэр холбогдогчдыг шууд гэмт хэрэгт холбоотой гэх ямар ч эх сурвалж болохгүй, ямар нэгэн баттай баримтыг орлохгүй болохыг анхааруулж байна.
Бид Эпштэйний файлыг ил болгосон вэбсайт руу нэвтэрч монголын улстөрчидтэй холбоотой мэдээлэл байгаа эсэхийг шалгасан юм. Ингэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой имэйл 81 (давхардсан файлууд олон илэрсэн) илэрсэн бол, мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой имэйл 51 (давхардсан), Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой 4 имэйл илэрлээ.
Х.БАТТУЛГАТАЙ ХОЛБООТОЙ ИМЭЙЛҮҮД ЯМАР УЧИРТАЙ ВЭ?
Дахин хэлэхэд, дэлхий даяар ил болгоод эдгээр материалууд нь тухайн хүнийг ямар нэгэн гэмт хэрэгт холбоотой гэж үзэх боломжгүй гэдгийг анхааруулж байна.
Мэйлийг Чулуунхүүгийн Ганбат гэх хүн илгээж байжээ. Тэрбээр төмөр замын хэргээр авлигатай газар шалгуулж байсан талаар ikon.mn мэдээлж байсныг ЭНД ДАРЖ унших боломжтой. Мөн түүнийг тухайн үед интерполоор эрэн сурвалжилж байсан талаар ч мэдээлж байжээ.
2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг Эпштэйн рүү тасралтгүй мэйлдэж байжээ. Х.Баттулгыг имэйлдээ талууд “Манай залуу” гэж тодорхойлсон байна. Мөн өрсөлдөгч С.Ганбаатар өөр улс орноос мөнгөн хандив авсан тул найдваргүй болсон гэх мэтээр сонгуулийн үеэрх бүх мэдээллийг хүргэсэн байна.