У.Отгонбаяр тэргүүтэй “ардчилалд заналхийлэгч” УИХ-ын гишүүд
 

У.Отгонбаяр тэргүүтэй “ардчилалд заналхийлэгч” УИХ-ын гишүүд

Гэрэл зургийг parliament сайтаас авч, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн зургийн хамт эвлүүлэв.

/2026.1.12/ Ухнаагийн Отгонбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (цаашид ЗЗНДНТУТ гэх) хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьжээ. Хуулийн төсөл ердөө нэг заалттай. Энэ нь:

38.6. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно."

Хуулийн төслийн үндэслэл хэсэгтээ:

  • Одоо хэрэгжиж буй хуульд “Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэж заасан нь Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг алдагдуулж байна.

Хуулийн практик шаардлагатаа:

  • Аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульд оролцох хүн байхгүй, ажиллах хүчний хомсдолд орсон гэжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлал болон танилцуулгын хэсгийн текстүүд ижил байна. Харин хуулийн төслийн “Тандан судалсан тайлан”-г сонирхон үзвэл үнэндээ тэнд судалгаа гэх зүйл үгүй болохыг та бүхэн ЭНД ДАРЖ унших боломжтой.

ШУУД ХЭЛЬЕ, ИЙМ ХУУЛЬ БАЙЖ БОЛОХГҮЙ!

Тун товчоор агуулгаа илэрхийлвэл, дээрх хуулийн төсөл нь Монгол Улсын төлөөллийн байгууллагын бие даасан байдалд шууд халдаж, эрх мэдлийг ард түмний гараас төр рүү шууд шилжүүлж буй хэлбэр юм. Энэ байдлаар нь энэ хуулийн төслийг санаачлагчдыг “Ардчилалд заналхийлэгч” гэж нэрлэж болно.

Аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 50% нь төрийн захиргааны албан хаагч байж болох хуулийн төслийг МАН-аас сонгогдсон У.Отгонбаяр, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Э.Болормаа нар болон Ардчилсан намаас сонгогдсон Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу нар, мөн ХҮН намын Б.Найдалаа, М.Нарантуяа-Нара (ИЗНН) нарын УИХ-ын гишүүд өргөн барьжээ. Бид Үндсэн хуулиараа “... иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно” хэмээн тунхагласан.

Гэвч ардчиллын гол багана болох төлөөллийн байгууллагын бие даасан байдлыг үгүй хийж, засаглалд аюул учруулж байгаа хуулийн төслийг өргөн баригчдын дунд АН-ын гишүүн Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу нар байгаа нь намынхаа үзэл баримтлалыг ойлгодоггүй юм болов уу гэх бодлыг төрүүлнэ.

Хууль санаачлагчид "Үндсэн хуулийн тэгш байдлын зарчим алдагдана" гэжээ. Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчим нь энэ хүмүүсийн яриад байгаа хуулийн төслийн агуулгаас тэс өөр зүйл болохыг юун түрүүнд өгүүлье. "Өмнөх Үндсэн хуулиуд төрийн эрх мэдлийг хэлбэрийн хувьд Хурлуудад, хэрэг дээрээ нэг намын гарт төвлөрүүлж, нэгдмэл төвлөрсөн “босоо” удирдлагатай байсан нь төрийг иргэний нийгмийн хяналтаас гаргаж, хүний эрхийг зөрчихөд хүргэсэн" гэсэн зохиогчийн үзэл санааг зөвшөөрч, энэхүү түүхэн сургамжийг давтахгүй байхыг анхаарах шаардлагатай" гэж Үндсэн хуулийн Үзэл баримтлалын хураангуй бүтээлдээ МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор, профессор Х.Сэлэнгэ өгүүлснээс харж болно. Энэ өгүүлэлд засаглалыг хольж хутгахгүй байх талаар ч сайтар дурьдсан байдаг.

Хуулийн төсөл санаачлагчид “Аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-д нэр дэвших, сонгогдон ажиллах хүн олддоггүй” гэжээ.

Нийслэлийн ИТХ-аар жишээ авч үзье.

Нийслэлд 1,5 сая хүн амьдардаг. Харин Нийслэлийн ИТХ нь 45 гишүүнтэй. Нийслэлийн ИТХ нь улиралд нэг удаа, эс бөгөөс дэгийн дагуу сард 1 удаа нэмэлтээр хуралдах боломжтой байдаг. Төслийг санаачлагчдын өгүүлж байгаачлан 1,5 сая хүнээс энэ хуралд сонгогдох 45 хүн олдохгүй байна гэж үү?

Өөр нэг жишээ. Өмнөговь аймгийн ИТХ-д 33 төлөөлөгч сонгогдсон. Тус аймаг 70 гаруй мянган хүн амтай ч ИТХ-д сонгогдож ажиллах 33 хүн олддоггүй гэж үү?

Зөвхөн 2024 оны Орон нутгийн сонгуульд нийслэлд 1,992 хүн 45 суудлын төлөө, сум, дүүрэгт нийт 15,283 нэр дэвшигч ИТХ-д нэр дэвшиж байжээ. Ингээд харвал, хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн “ИТХ-д нэр дэвших, ажиллах хүн олддоггүй” гэдэг нь худал шалтаг.

Одоо үйлчилж буй ЗЗНДНТУТ хуульд “сумын ИТХ-ын 30% хүртэлх төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно” гэж заасан нь сумын хүн ам, тэдгээрээс ажил эрхлэх насныхан, түүн дотроо идэвхтэй иргэдийн тоо харьцангуй цөөн байдагтай холбоотой юм. Харин сая гаруй хүн дотроо 45 хүнийг сонгохтой огт адилгүй болно.

Харин энэ хязгаарыг 50%-д элдэв худал шалтаг тоочин хүргэхээр зэхэж буй нь хяналтын тэнцвэрийг зориудаар эвдэх оролдлого.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 50% НЬ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БАЙХ НЬ
ИРГЭДИЙН ХЯНАЛТЫГ НУРААНА!

Энэ заалт нь орон нутгийн өөрөө удирдах ёсны мөн чанарыг хөндөж буй юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурал юу хийдэг вэ гэвэл товчхондоо, Засаг даргын үйл ажиллагааг хянах, төсөв батлах, бодлогын шийдвэр гаргах эрхтэй.

Эдгээр шийдвэр нь төрийн албан хаагчдын ажлын байр, бүтэц, санхүүжилттэй шууд холбоотой. Ийм нөхцөлд захиргааны албан хаагч олонх болж шийдвэр гаргана гэдэг нь эрх ашгийн зөрчлийг системийн хэмжээнд бий болгоно.

Хуулийн төсөл санаачлагчид нь намын бодлогын “даалгавар биелүүлэгчид” байж болох юм. Ийнхүү хардах болсон шалтгаан нь МАН төр барьж буй сүүлийн жилүүдэд иргэдийн засаглалд оролцох оролцоо эрс буурсан.

Хуулийн төслийг баталвал МАН 2028 он хүртэл орон нутагт өөрийн ноёрхлыг бүрэн тогтоож, УИХ-ын сонгуульд бат суурь бүхий “хөлтэйгээр” орох бэлтгэл ажил нь гэж ойлгож болох нь.

Гэтэл хуулийн төслийг санаачлагчдын дунд бусад намууд нь орчихсон байгааг харвал монголын улс төрийг ойлгох аргагүй.

Моксватаймс:  2026 онд “Дайн, өсөлтгүй эдийн засаг, өндөр татвар”
Моксватаймс: 2026 онд “Дайн, өсөлтгүй эдийн засаг, өндөр татвар”
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.