Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Catalyst Awards-2025”-ын “Шилдэг эдийн засагч” шагналыг хүртлээ
 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Catalyst Awards-2025”-ын “Шилдэг эдийн засагч” шагналыг хүртлээ

/2025.11.24/

“Bloomberg TV Mongolia”-аас 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж, улс орны эдийн засаг, бизнесийн салбарын хөгжил, бүтээмжийг түүчээлэн манлайлж буй байгууллага, хувь хүмүүсийг тодруулдаг “Catalyst Awards-2025” шагнал гардуулах ёслол энэ сарын 20-нд боллоо.

Энэ жилийн “Шилдэг эдийн засагч”-аар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шалгарав. “Bloomberg TV Mongolia” нь тус шагналын эзнээр Монголбанкны Ерөнхийлөгчийг шалгаруулахдаа дараах үндэслэлүүдийг авч үзэв.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад Засгийн газартай амжилттай хамтран ажиллав

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын агентлагууд сүүлийн хоёр жил дараалан ахиуллаа. Ингэхдээ 2024 онд “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+, цаашдын төлөвийг “Тогтвортой” хэмээн үнэлсэн бол 2025 онд Moody’s болон S&P агентлагууд тус тус зээлжих зэрэглэлийг харгалзан “B1”, “ВВ-“, төлөвийг “тогтвортой” хэмээн үнэллээ.

“Global Finance” сэтгүүлийн “Central Banker Report Cards” тайланд 2024, 2025 онуудад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь дараалан А- үнэлгээ авснаар, дэлхийн шилдэг төв банкны удирдлагуудын нэгээр шалгарав. Энэ нь Монголбанкны удирдлага, түүний хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогыг олон улсын түвшинд үнэлж, баталгаажуулсан үйл явдал болов.

Инфляцын зорилтыг оновчтой болгож, томьёоллоо

Монголбанк өөрийн зорилтыг илүү оновчтой, тодорхой томьёолох ажлыг 2021 оноос эхлүүлж, инфляцыг онилох бодлогын арга хэлбэрт шилжих суурийг амжилттай бүрдүүлэв. Энэ хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх улсын инфляцыг 6 хувийн голчтой, +-2 нэгж хувийн интервалд тогтворжуулах бодлогыг тууштай хэрэгжүүллээ. Үүний үр дүнд Ковид-19 цар тахлын үед нийлүүлэлтийн шалтгаантайгаар 16.5 хувь хүртлээ өсөж байсан инфляц сүүлийн хоёр жилд дунджаар 7.6 хувь болж буураад байна.

Банкны салбарын бизнесийн зээл олголт тэлж байна

Банкны салбарын зээлийн үйл ажиллагаа, санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, эдийн засгийн өсөлтийг тэтгэж байна. Мөн банкны салбарын тэлэлт үргэлжилж, нийт актив болон зээлийн үлдэгдэл 2025 онд өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгдэв. Зээлийн өсөлтийн дийлэнх хэсгийг бизнесийн зээлийн өсөлт бүрдүүлэв. Энэ нь Төв банкнаас хэрэгжүүлсэн бизнесийн зээлийн өсөлтийг дэмжих, хэрэглээний зээлийг тодорхой хэмжээнд хязгаарлах макро зохистой бодлогын үр дүн байв.

Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшинд хүрлээ

Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 5.9 тэрбум ам.долларт хүрлээ. Ингэснээр валютын нөөц импортын 6 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн итгэлцлийг нэмэгдүүлж байна. Мөн валютын нөөц нэмэгдсэнээр эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалахад дэмжлэг болж байна.

Төв банкны “ногоон” алсын харааг тодорхойлов

Төв банкны ногоон алсын харааг тодорхойлох стратегийн баримт бичгийг боловсруулах хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн хувилбар шинжилгээ, стресс тестийн арга зүйг  боловсруулах, туршилтын тооцоололд шаардлагатай мэдээллийг цуглуулах, уур амьсгалын ил тод тайлагналтын удирдамжийг боловсруулах, хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргах, ирэх 30 жилд уур амьсгалын өөрчлөлтийн санхүүгийн сектор, мөнгөний бодлогод үзүүлэх нөлөөг судлах зэрэг олон ажлыг эхлүүлээд байна. Мөн ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд ногоон санхүүжилтийн таксономи, замын зураг, ил тод тайлагналын стандарт, удирдамжийг баталлаа. Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр Монголын банкнууд дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах, эдийн засгийн ногоон шилжилтийг эрчимжүүлэн байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах их үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байна.

Үндэсний төлбөрийн системийн хөгжил дэлхийн түвшинд хүрлээ

Монгол Улсын бэлэн бус төлбөр тооцооны шийдэл нь дэлхийн түвшинд өрсөлдөж, үнэлэгдэхүйц түвшинд хүрлээ. Ингэснээр банк хоорондын их болон бага дүнтэй гүйлгээ түргэн шуурхай, аюулгүй дамжихын зэрэгцээ дотоодын төгрөгийн картыг олон улсын төлбөр тооцоонд ашиглах, QR болон NCF технологид суурилсан төлбөрийн хэрэгслүүд нэвтрээд байна. Мөн энэхүү технологийн дэвшилд суурилан олон улсын төлбөр тооцооны Apple Pay болон Google Pay төлбөрийн хэрэгслүүд Монголд амжилттай нэвтэрлээ.

Монголбанкн нь үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, зохицуулах байгууллагын хувьд Монгол Улсын бэлэн бус төлбөр тооцооны шийдлийг идэвхтэй дэмжин ажилласаар байна.

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХАЛДВАР, ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ БҮХ ШАТАНД САХИХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХАЛДВАР, ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ БҮХ ШАТАНД САХИХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.