/2026.5.13/
Олон улсын төсвийн түншлэл (www.internationalbudget.org) байгууллага хоёр жил тутамд эрхлэн гаргадаг “Төсвийн нээлттэй байдал” олон улсын судалгааныхаа 2025 оны дүнг энэ оны 5 дугаар сарын 7-нд дэлхий даяар танилцуулсан билээ. Энэхүү судалгааны дүнгээс харахад Монгол Улсын Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал хангалтгүй хэвээр байна. Тухайлбал, нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 64 авсан бол олон нийтийн оролцоогоор 35 оноо авчээ. Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлт 74 оноогоор үнэлэгдсэн байна.

Судалгааны нэгдсэн дүнг өнөөдөр Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам танилцуулж, хэвлэлийн хурал хийлээ. Манай улс 2006 оноос энэхүү судалгаанд нэгдсэн бөгөөд Нээлттэй Нийгэм Форум нь Олон улсын төсвийн түншлэл байгууллагын түншээр ажиллаж өөрийн орны судалгааг хийж гүйцэтгэн, дүнг олон нийтэд танилцуулж ирсэн юм. Төсвийн нээлттэй байдлын судалгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгууруудыг ашигладаг бөгөөд хараат бус, харьцуулсан болон нотлох баримтад суурилдаг. Тухайлбал, Засгийн газрын төсвийн мэдээллийг олон нийт авах боломж, улсын төсвийн үйл явцад олон нийтийн зүгээс оролцох албан ёсны боломжит сувгууд, мөн хууль тогтоох болон аудитын байгууллага зэрэг төсвийн хяналтын институциуд төсвийн үйл явцыг хянахад гүйцэтгэж буй үүргийг үнэлэх шалгууруудад тулгуурлан хийгддэг. Төсвийн нээлттэй байдлын 10 дахь удаагийн судалгаанд дэлхийн 83 орон хамрагдсан байна.
Төсвийн ил тод байдал
Монгол Улсын төсвийн ил тод байдал 2019 оноос хойш тогтмол дээшилж байна. Тухайлбал, төсвийн ил тод байдлаар Монгол Улс 2021 онд 60 оноо, 2023 онд 62 оноо тус тус авч байсан бол 2025 оны үнэлгээгээр 64 оноо авчээ.

Төсвийн ил тод байдлын 61 болон түүнээс дээш оноо нь тухайн улсын иргэд төсвийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнд мэдээлэлтэйгээр оролцоход хангалттай мэдээллийг Засгийн газрын зүгээс нийтэлж буйг илтгэнэ хэмээн Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас үздэг байна. Төсвийн ил тод байдлыг үнэлэхдээ улсын төсвийн үндсэн 8 баримт бичиг цахим хэлбэрээр, цаг хугацаандаа нийтлэгддэг, иж бүрэн эсэхийг судалдаг. Манай улсын хувьд эдгээр баримт бичгийг нь бүгдийг нь ил болгосон боловч баримт бичиг дэх мэдээллийн агуулгыг сайжруулах шаардлагатай байна.

Төсвийн баримт бичгийн агуулгын иж бүрдлийн хувьд нэгдсэн төсвийн хагас жилийн тайлан 100 онооноос дөнгөж 26 авсан бол УИХ-аас баталсан төсвийн тухай хууль 39 оноо авчээ. Энэ нь эдгээр баримт бичгийн агуулгыг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Харин төсвийн явцын болон гүйцэтгэлийн тайлангийн агуулга 80-аас дээш оноогоор үнэлэгдлээ.
Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоо
Засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй бөгөөд төсвийн нээлттэй байдлын дүнд гарах эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах хэрэгтэй юм. Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны хувьд Монгол Улс 100 онооноос 35 авсан нь Засгийн газрын зүгээс төсвийн үйл явцад олон нийтийг оролцуулах тал дээр анхаарах шаардлагатайг харуулж байна.

Энэхүү судалгааны хүрээнд УИХ, Засгийн газар болон төрийн аудитын байгууллагын зүгээс төсвийн үйл явцад иргэд оролцох албан ёсны боломжийг бий болгосон эсэхийг үнэлдэг.

Төсөв боловсруулах шатанд олон нийт оролцох боломжийг манай улсын Засгийн газрын зүгээс олгож эхэлснээр энэ үзүүлэлтээр 2025 оны судалгаагаар 100 онооноос 33 оноо авч дэвшил гараад байна. Дараа оны төсвийн төсвийн хуулийг батлах шатанд УИХ-аас иргэдийн оролцоог хангах үзүүлэлтээр 45 оноо, төсвийн хэрэгжилтийн шатанд иргэд оролцох боломжийг Засгийн газрын зүгээс олгож буй түвшнээр 34 оноогоор тус тус үнэлэгдлээ. Цаашилбал, төрийн аудитын байгууллагын зүгээс аудит хийх шатанд иргэд оролцох албан ёсны механизмын үзүүлэлтээр 33 оноо авчээ. Төсвийн үйл явцад олон нийт оролцох боломжийг гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон аудитын дээд байгууллагын зүгээс төсвийн мөчлөгийн бүхий л шатанд олгох нь зүйтэй юм.

Хууль тогтоох хийгээд аудитын дээд байгууллагууд улсын төсвийг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаагаар Монгол Улсын эдгээр байгууллагын зүгээс төсөвт тавих хяналтын тогтолцоо хангалттай байгаа нь харагдлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын хувьд 67 оноо, Төрийн аудитын байгууллагын хувьд 89 оноо тус тус авчээ.
ЗӨВЛӨМЖ
Судалгааны дүнд тулгуурлан Монгол Улсын Засгийн газар, УИХ болон төрийн аудитын байгууллагад хандан дараах зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:
Төсвийн ил тод байдлыг дээшлүүлэх чиглэлээр
Төсвийн ил тод байдлыг сайжруулахын тулд Монгол Улс дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна:
- Засгийн газрын зүгээс боловсруулсан төсвийн төсөлд олон жилийн илүү цогц төсөөлөл (төсвийн жилээс хойш наад зах нь хоёр жилийн тооцоог багтаасан) болон макро эдийн засгийн урьдчилсан байдлын мэдээллийг тусгах бөгөөд үүний тулд мэдрэмжийн шинжилгээний дэлгэрэнгүй мэдээлэл, олон жилийн зарлагын төсөөлөл, олон жилийн орлогын төсөөлөл, мөн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлын талаарх мэдээллийн ил тод байдлыг дээшлүүлэх.
- Батлагдсан төсвийг өргөжүүлж, орлогын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг тусгах бөгөөд үүний тулд орлогын ангиллыг (татварын болон татварын бус) тодорхой харуулж, тус бүрийн орлогын эх үүсвэрийн задаргаатай мэдээллийг танилцуулах.
- Батлагдсан төсвийн баримт бичигт зардлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иж бүрэн эдийн засгийн ангилал болон зориулалтын ангиллаар тусгах.
- Жилийн эцсийн тайланд макро эдийн засгийн урьдчилсан мэдээллийн илүү цогц өгөгдөл болон өрийн мэдээллийг тусгах бөгөөд үүний тулд анхны макро эдийн засгийн урьдчилсан таамаглал болон бодит үр дүнгийн хоорондох харьцуулалт, мөн зээлийн урьдчилсан тооцоо болон бодит үр дүнгийн хоорондох харьцуулалтын ил тод байдлыг сайжруулах.
- Төсвийн хагас жилийн тайлангийн иж бүрэн байдлыг сайжруулах бөгөөд үүний тулд хөтөлбөрийн түвшний зардлын дэлгэрэнгүй мэдээлэл, зардлын ангиллын дэлгэрэнгүй мэдээлэл, орлогын ангиллын (татварын болон татварын бус) мэдээлэл, мөн орлогын тус бүрийн эх үүсвэрийн талаарх ил тод байдлыг дээшлүүлэх.
Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоог сайжруулах чиглэлээр
Сангийн яам төсөвт иргэдийн оролцоог цаашид улам бэхжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх нь зүйтэй байна:
- Төсвийн үйл явцад оролцохыг хүссэн иргэний нийгмийн байгууллага болон олон нийтийн аль ч гишүүнийг хамруулах үүднээс төсөв боловсруулах үе шат дахь оролцооны механизмуудыг өргөжүүлэх;
- Төлөөлөл багатай нийгмийн бүлгүүдтэй шууд буюу тэдгээрийг төлөөлж буй иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан идэвхтэй хамтран ажиллах;
- Төсөв боловсруулах болон гүйцэтгэх үе шатанд хүлээн авсан олон нийтийн саналуудын дэлгэрэнгүй баримт бичгийг боловсруулж нийтэд нээлттэй болгох бөгөөд үүнд ирүүлсэн санал хүсэлтийн хураангуй болон уг оролцоог шийдвэр гаргах үйл явцад хэрхэн харгалзан үзсэн буюу ашигласан талаарх тайлбарыг тусгаж, ил тод байдлыг нэмэгдүүлж, олон нийтийн оролцооны үр нөлөөг харуулах.
Улсын Их Хурал дараах арга хэмжээг чухалчлан хэрэгжүүлэх нь зүйтэй байна:
- Төсөв батлагдахаас өмнөх хэлэлцүүлгийн үеэр олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч сонсголд оролцож мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх;
- Төсвийн гүйцэтгэлийн аудитын тайлангийн хэлэлцүүлгийн үеэр олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч сонсголд оролцож мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх.
Үндэсний аудитын газар төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авах шаардлагатай:
- Холбогдох аудитад иргэд оролцох албан ёсны механизмыг бий болгох.
Төсвийн хяналтыг сайжруулах чиглэлээр
УИХ төсвийн төлөвлөлтийн үед хангалттай түвшний хяналт тавьдаг хэдий ч төсвийн гүйцэтгэлийн үе шат дахь хяналт хязгаарлагдмал байна. Хяналтыг цаашид сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг чухалчлан авч үзэх шаардлагатай:
- УИХ-ын Төсвийн байнгын хорооноос төсвийн гүйцэтгэлийн жилийн явцын тайланг хэлэлцэж, гарсан дүгнэлтийг цахимаар нийтэлж байх.
- Төсвийн жилийн дундуур Засгийн газрын зүгээс төсвийн хөрөнгийг захиргааны нэгжүүдийн хооронд шилжүүлэх тохиолдолд УИХ-тай зайлшгүй зөвшилцдөг байх.
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.