Гарааш буулгасан газруудад дөрвөн төрлийн тохижилт хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гарааш буулгасан газруудад дөрвөн төрлийн тохижилт хийнэ

/2022.06.03/: УИХ-ын Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүд, нийслэлийн удирдлагууд өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-д хуралдлаа. Тус хуралдаанаар нийслэлд хийж, хэрэгжүүлэх ажлыг олон талаас нь хэлэлцэж, саналаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэхүү хуульд хэд хэдэн шинэ зохицуулалт оруулж өгсөн. Тухайлбал, хүн ам олноороо суурьшиж буй, нягтаршил өндөртэй бүсэд нийгмийн дэд бүтцээс бусдаар газар олгохыг хориглосон. Гэтэл хотын төвийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хороодод газар олгосноос болж иргэдийн эрх ашиг хохирч байна. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг барья гэхэд газар олдохгүй хэр нь бусад зориулалтаар барилга барьж байна. Нийслэлийн хэмжээнд маш олон гарааш буулгаж, газар чөлөөлж байгаа. Тэдгээр газруудад ногоон байгууламж байгуулах гээд байна уу, боломжтой газруудад цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьж болох уу?

Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж:

-Нийслэлд гарааш буулган газар чөлөөлж буй 188 байршил байгаа. Эдгээр байршилд дөрвөн чиглэлийн төлөвлөлтийн шийдэл гаргасан. Нэгдүгээрт, ногоон байгууламж барина. Хоёрдугаарт, тухайн газар гараашгүй болгочихоор оршин суугчид хороолол дундах зам дээр машинаа тавихад хүрч байгаа. Тиймээс хоёр байршилд олон давхар гарааш, 16 байршилд дээрээ тохижилттой газар доорх гарааш барихаар төлөвлөсөн. Зарим байршлыг зам болгох, заримд нь сургууль, цэцэрлэгийн талбайг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Харин сургууль, цэцэрлэг барих хэмжээний стандартад нийцсэн том газар гарч ирэхгүй байгаа. Хотын төвд барьж байгаа барилгуудын тухайд шинээр газрын зөвшөөрөл огт олгоогүй. ҮСАХ-гийн тухайд нийтийг хамарсан тоглоомын талбай хийхгүй, моджуулсан талбай л байгуулах юм. Гэр бүлээрээ алхах, зугаалах боломжтой орчин бүрдүүлнэ.

“ДАВХАР АВТОБУСААР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ”

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай холбоотойгоор хот маань дүрэмтэй болж байгаа. Нийслэлийн зүгээс томоохон олон шинэлэг ажлыг хийж байгаа. Нийслэлийн Засаг даргын зүгээс 74 нэр төрлийн худалдаа, үйлчилгээг зөвшөөрлөөс чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор гудамжны хоолны үйлчилгээ нэмэгдэж байна. Тиймээс аюулгүй байдал талаас анхаарах учиртай. Улаанбаатар хотын төвд Гэрэлт гудамж байгуулж байсан. Одоо тэр утгаараа ажиллахгүйд хүрсэн. Энэ мэт орхигдсон зүйлсийг ч сэргээж хотоо хөгжүүлэхэд анхаараасай гэж хүсэх байна. Сонгинохайрхан захын дүүрэг учраас аливаа зүйлсээс хоцроод байдаг талтай. Тиймээс үүнд анхаараасай. Өчигдрөөс манай хотод явж эхэлсэн давхар автобусанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй байгаа. Энэ боломжийг хэзээ олгох вэ?

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Сая парк шинэчлэлээр оруулж ирсэн автобусаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой. Тэргэнцэртэй хүн орох үед хаалганы харалдаа шалыг буулгаж оруулж байгаа. Ирэх намраас оруулж ирэх автобуснуудыг нам шалтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байхаар ярилцаж байна. Үнийн хувьд зөрүүтэй ч иргэдэд ээлтэй байдлыг эрхэмлэнэ.

ЗАЙСАНГИЙН ШАВАР ТАГЗЫГ НУРААСАН НЬ ИРГЭДИЙН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭСЭН

УИХ-ын гишүүн П.Анужин:

-Санал хэлье. Хэдхэн хоногийн өмнө Зайсангийн аман дахь 49 шавар тагзыг нураасан. Энэ нь иргэд, олон нийт, ээжүүдийн талархлыг хүлээсэн ажил болсон. Үүний дараа хувийн хэвшлийнхэн бидэнд мэдэгдэлгүй нураалаа гэж гомдоллосон. Иргэд, аж ахуйн нэгжүүд тухайн үедээ хууль, журамд нийцүүлэн авсан байж таарна. Тиймээс газрыг чөлөөлж, буцааж авахдаа иргэд, хувийн хэвшлийн эрх ашгийг анхаарч байгаасай гэж хүсье. Хотын дарга Паркийн газрыг орон сууцны хороолол болгоогүйд баярлалаа гэж хэлж байна. Энэ чинь ёс зүй. Хувиараа хөдөлмөрлөгчид, бүтээн байгуулагчдыг буруутгах үзлийг дэлгэрүүлж боломгүй, бүтээн байгуулалтын төлөө эрсдэл хүлээж ирсэн хувийн хэвшлийнхнээ бас бодолцож байгаарай гэсэн юм.

Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг эрхэлсэн Түр хороо байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээ анх удаа задгай талбайд хийсэн юм. Өнөөдрийн хэлэлцүүлэг үр дүнтэй боллоо гэж УИХ-ын гишүүд дүгнэж байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотыг хөгжүүлэх асуудалд сэтгэлээ зориулан ажилладаг УИХ-ын дарга, гишүүддээ НИТХ, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Өнөөдрийг хүртэл дэлхий нийтээрээ өргөн зам, өндөр байшингаар бүтээн байгуулалт, хөгжлийг дүгнэж байсан бол өдгөө орон зай, тайван аюулгүй байдлаар харж байна. Өнөөдөр ард иргэд тайван алхах, дугуйгаар явах, үр хүүхдээ салхилуулах орон зайг хүсэж, хөгжлийн суурь болгож байна. Улаанбаатар хотын төвд байрлах 60 жилийн түүхтэй “өргөө”-нд УИХ-ын гишүүд хүрэлцэн ирж, асуудлыг хэлэлцэж байгаа нь сайшаалтай юм. Улаанбаатар хотын бүтээн байгуулалт бол үе үед ажиллаж, амьдарч байсан иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор бий болсон. Иргэдийн оролцоо, татварын дэмжлэгээр хөгжих ёстой. Энэ цэгээс ногоон хөгжлийг эхлүүлье” хэмээсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ

Гэр хорооллуудыг цэцэрлэгт хүрээлэнтэй болгоно
Гэр хорооллуудыг цэцэрлэгт хүрээлэнтэй болгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.