
- Улс төрийн орчны ил тод байдалд тэмүүлсэн Монголын манлайлал, Перу, Болив улсуудад учирч буй эрсдлүүд зэрэг шинэ асуудлууд улс төрийн нээлттэй, ил тод байдал ардчилалд ямар амин чухал болохыг харуулж байна -
/2026.2.11/ Трансперэнси Интернэшнл байгууллагаас 2025 оны авлигын индексийг зарлаж, Монгол Улс 10 байраар ухарч, 124-т жагссан талаар мэдээлэв. Энэ бол тун таагүй зүйл.
Энэ индексийг гаргахдаа өмнөх жилийнх нь эхний хагас дээр суурилдаг буюу 2025 оны эхний зургаан сарын мэдээлэл дээр ажилласан гэсэн үг. Ингээд харвал 2026 оны авлигын индексэд манай улс “шат ахих” магадлалтай. Яагаад?
Нэгдүгээрт, монголын залуус 2025 оны зургаадугаар сард эсэргүүцлийн жагсаалаар Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийг огцруулж, шинэ Засгийн газар байгуулагдсан. Энэ нь манай улсад ардчилал үйл хэрэг болдгийн нэг илрэл болов.
Хоёрдугаарт, Трансперэнси Интернэшнл байгууллагаас авлигын индексийг зөвхөн тоогоор илэрхийлдэггүй, түүний агуулгыг нийтлэл хэлбэрээр хүргэдэг. Энэ удаагийн нийтлэлдээ Монгол Улсыг бүсийн хэмжээний үлгэр жишээ улс хэмээн онцлов.
Тухайлбал “Ил тод байдлыг бэхжүүлэх Монголын эрмэлзлэлээс эхлээд Перу, Боливид тулгараад буй эрсдэл хүртэлх шинэ судалгааны үр дүн нь улс төрийн санхүүжилтийн мэдээллийг нээлттэй, дижитал хэлбэрээр ил тод болгох нь ардчилалд яагаад амин чухал болохыг харуулж байна” хэмээн нийтлэлээ эхлүүлсэн юм.
Монголын эрмэлзлэл гэдэг нь Сонгуулийн Ерөнхий хорооны явуулж буй улс төрийн намуудын мэдээллийг олон нийтэд цахимаар хүргэж буй үйл ажиллагааг сайшаасан илэрхийлэл юм. Ингэхдээ Катар Улсын Доха хотноо 2025 оны 12 дугаар сард болсон Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр бага хурлыг онцолжээ.
Тус бага хурлаар Монгол Улс, Норвеги, Гана, Албани улсуудын хамтран санаачилсан “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай” НҮБ-ын тогтоолыг нийт 192 гишүүн орны дэмжлэгийг авч батлуулсан юм.
“Улс төрд хэн мөнгө төлдөг вэ буюу мөнгөний мөрийг цахимаар мөшгих нь” нийтлэлд дурьдсанчлан улс төрийн намын санхүүжилтийг ил тод байлгах нь нэн чухал. Монгол Улсын хувьд асуудлынхаа гол руу ийнхүү шургалсан нь системийн хувьд эерэг өөрчлөлтийг цаг хугацааны явцад бий болгох магадлалтай.
Бид суурь асуудал болох улс төрийн намын санхүүжилтийг ил тод байлгахыг Сонгуулийн ерөнхий хороо тэргүүтэй байгууллагуудаас ийнхүү эхлүүлсэн нь сайшаалтай. Өөрөөр хэлбэл, улс төрийн санхүүжилтийг ил болгосноор авлигын төсөөллийн индексийг тодруулахад ашиглагддаг гол үнэлгээнүүд болох Ардчиллын үнэлгээ, Хуулийн засаглалын үнэлгээнүүдэд эерэг нөлөөлөл бий болгоно хэмээн найдаж байна.
Нөгөөтэйгүүр, монголын хувьд улс төрийн намуудын санхүүжилт нь төрийн өмчийн компани, төрийн сангуудтай холбоотойгоор худалдан авалт, ханган нийлүүлэлт, тендэрт оролцогчдын зүгээс ихэнхдээ байна.
Тэгвэл одоо төрийн байгууллага болон төрийн өмчит компанийн зохих албан тушаалуудад очиж байгаа шалгуурыг ил тод болгох, хууль зөрчиж томилгоо хийгдсэн бол түүнд зохих хуулийн хариуцлагыг оноодог болох, хариуцлага хүлээлгэж буй байдал нь ил тод байх удаах нөхцлийг бий болговол манай улс олон зовлонгийн эх үүсвэрийг таслах боломжтой.
“Албан тушаалын томилгоонууд ил тод болгох” гэхээр “хэн албан тушаал дээр очиж байгаа нь ил тод л байдаг шүү дээ” гэж та бодох биз. Гэвч тухайн албан тушаалд ажиллах хүнд ямар шалгуур тавьсан, шалгуурын дагуу хэчнээн хүн өөрийгөө болзол хангаж байна хэмээн материалаа илгээсэн, тэдгээрээс ямар шалгуураар тухайн этгээдийг сонгосон зэрэг нь ил тод байхыг хэлж буй хэрэг. Одоогоор энэ нь ил тод биш бөгөөд шалгаруулалт явуулахаасаа өмнө эзэн нь тодорхой болчихсон байх, эсвэл хэн нэгэн этгээд яагаад ч юм бэ аль нэг албан тушаалд хэдийнээ оччихсон болохыг бид мэддэг зэрэг нь түүний ард “наймаа” явагдах нөхцлийг бий болгож байна.
Дүгнээд хэлэхэд, улс төрийн намын санхүүжилтийг ил тод байлгах, Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлаа Сонгуулийн ерөнхий хороо сайн хийж байна. Харин одоо улс төрд оршсоор байгаа дагалдах “наймаануудыг” шилэн болгохгүйгээр бид олон улсын индексүүдэд эерэг үнэлгээ авахад төвөгтэй. Тиймээс эхлүүлсэн давалгааг олигтойхон түрээд өгье гэж УИХ болон Засгийн газарт уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.