
/2026.4.27/ Өнөөдөр НИТХ-ын ээлжит VII болох байв. Гэвч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүлсэн юм.
АН-ын бүлгийн шаардлагад Ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буйг онцлоод, “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон нийтийн зөрчилд хөнгөн хандаж, яаравчлан хэлэлцэх, тодорхой шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бүрдсэн. Иргэдийн эрх ашиг, байгаль орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Туул голын экосистемийг хамгаалах, Туулын хурдны замтай холбоотой асуудал нийслэлийн хэмжээнд бус, улсын бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой тул Засгийн газар, УИХ болон холбогдох байгууллагуудын нэгдсэн байр суурь гараагүй нөхцөлд НИТХ-аар яаравчлан хэлэлцэх нь зохисгүй гэжээ.
Улмаар НИТХ-ын дарга А.Баяр ээлжит хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан юм.
Гэвч удалгүй НИТХ-ын дарга А.Баярын зөвшөөрөлгүйгээр НИТХ-ын төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаж, НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа. Хуралдаанд нийт 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь дэмжсэн байна.
Ээлжит бус хурал завсарласны дараа томилгооны асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг томиллоо.
Томилгооны дараа НИТХ-ын дарга А.Баяр энэ томилгоог "хууль бус" хэмээн үзэж буйгаа илэрхийлж, маргааш албан ёсны мэдэгдэл гаргана гэв.
Сонирхуулахад, НИТХ-д 45 төлөөлөгч байдаг бөгөөд эдгээрийн 40 нь МАН-ынх бол АН-ын 5 төлөөлөгчтэй. Эдгээр төлөөлөгчид нь бүгдээрээ Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт алба хашдаг болохыг ЭНД ДАРЖ унших боломжтой. Өөрөөр хэлбэл, төрийн төлөөлөл болсон Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой ИТХ-ын төлөөлөгчид нь өөрсдөө сайн дураараа "ажилтан" нь болсон дүр зураг энэ буюу.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.