/2026.2.2/ Улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл суларсаар байна. Нээлттэй нийгэм форумаас 2021 онд хийсэн “Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн зарим асуудал” судалгаанд оролцогчдын 85% нь улс төрийн намуудын нэр хүндийг дундаас доош түвшинд үнэлсэн бол 75% нь “Олон намын тогтолцоо хэрэггүй” гэж хариулсан байдаг.
“Нам шиг хэрэггүй юм алга”
Үгүй шүү. Нам бол улсын хэмжээний бодлогыг боловсруулж, дэвшүүлж улмаар тэрхүү бодлогоороо улс орныг удирддаг. Тиймээс улс төрийн намууд байхаар барахгүй, бодлого боловсруулах чухал институц байх шаардлагатай юм. Түүний тулд улс төрийн намуудын хөгжил, төлөвшлийг төрөөс дэмжиж Улс төрийн намын тухай хуулийг баталсан.
Гишүүдтэй, ардчилсан зарчмаар олонхоороо шийдэж аливаа асуудлыг боловсруулдаг, бодлоготой улс төрийн нам гэж байгаагүй бол хэрхэх бол, Та төсөөлөөд үз дээ. Хүн бүр өөрсдийнхөө үзэл бодлыг бусдад тулгахыг чармайж, тэр нь зөв буруу аль нь болохыг мэдэхгүй ч “Би л бүхнийг мэдэгч” хэмээн хашгичиж эхэлвэл энэ улс оронд юу тохиохыг таашгүй.
2000 оны эхээр "Танай дүүрэг, аймаг орон нутгийг азийн бар болгоно" гэх нь холгүй амлалтууд өгч, эцэстээ хэзээ ч үл гүйцэлдэх галзуу амлалтуудаар УИХ-ын сонгуульд оролцогчид уралдаж байсныг бид мартах учиргүй.
Хэдийгээр манай улс 1990, 2005 онуудад Улс төрийн намын тухай хуулийг баталж, өөрчилсөн ч 2023 онд баталсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь илүү нарийн заалтуудтай, төрөөс олгох санхүүгийн дэмжлэгийг тусгасан, сайн хууль болсон гэж судлаачид үздэг. Энэ хуульд зааснаар улс төрийн нам нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
- Иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг байх
- Улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн сонгуульд оролцох
- Хамтын шийдвэр гаргадаг байх
- Монгол Улсын иргэдийн сайн дурын нэгдэл байх
ИРГЭД УЛС ТӨРИЙН НАМААС ЮУ ШААРДАХ ЁСТОЙ ВЭ?
“Иргэд бидний хүсэл зоригоор улсын хэмжээнд бодлого дэвшүүлдэг юм бол ОЛИГТОЙХОН БОДЛОГО БОЛОВСРУУЛААТХ” гэдэг бол бидний нэн тэргүүнд тавих ёстой шаардлага юм.
Тэд судалгаан дээр үндэслэж, нийт иргэдийн хүсэл зоригийг хангасан бодлого боловсруулсан эсэхийг бид сонгуулиар дүгнэдэг. Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөртэй нь танилцаж, сонгох эсэхээ шийддэг.
Харамсалтай нь, монголын улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр нь бодлогын баримт бичиг гэхээсээ илүүтэй хүслийн жагсаалт байдаг гэхэд хилсдэхгүй.
МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэсгээс
Хүрэх зорилтыг мөрийн хөтөлбөрт тусгахдаа “хэрхэн, яаж, ямар арга замаар” гэдгээ огт тодорхойлдоггүй. Ингэснээр иргэдэд уншиж танилцах сэдэл өгдөггүйгээс гадна тухайн мөрийн хөтөлбөр нь бодлого болж хэрэгжихэд төвөгтэй нөхцөл байдалд хүргэдэг байж болзошгүй юм.
НАМЫН ГИШҮҮД ЮУ ШААРДАХ ЁСТОЙ ВЭ?
Намуудын дотоод ардчилал бол суурь асуудал юм. Тиймээс улс төрийн намын гишүүд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх, мэдээллийг тэгш хүртээмжтэй авдаг байх (хаана, хэзээ хурал болох, түүнд хэрхэн оролцох зэрэг), саналаа өгөх, сонгох, сонгогдох эрхээр хангагдсан байх зэргийг шаардах нь улс төрийн намын гишүүний үүрэг.
Хэдийгээр 2028 оноос УИХ-д нэр дэвших хүйсийн квотыг 40%-д хүргэхээр хуульд тусгасан ч улс төрийн намуудын дотоод зохион байгуулалт нь цөөнхөд хатуу байвал хуулийг биелүүлэхэд саад тотгор учрахаар байна. Тиймээс Улс төрийн намын тухай хуульд заасанчлан “Намын төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна” гэсэн заалтыг шахаж шаардах нь гишүүдийн үүрэг юм.
Тухайлбал, аливаа намын шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахын тулд их хэмжээний мөнгө санхүү шаардлагатай байдаг, эмэгтэй гишүүдийн онцлогийг харгалзахгүйгээр үйл ажиллагаагаа төлөвлөдөг зэрэг нь жендэрийн мэдрэмжгүй бөгөөд энэ талаар гишүүд, ялангуяа эмэгтэй гишүүд нь санал шүүмжлэлээ илэрхийлэх эрхгүй байх, илэрхийлсэн тохиолдолд дарамт шахалтад өртдөг бол тухайн намыг дотоод ардчилалтай гэж хэлэхэд туйлын хэцүү.
Тиймээс улс төрийн намын гишүүд санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх, намууд аливаа үйл ажиллагаагаа ил тод нээлттэй хийдэг байх нь намыг дотоод ардчиллын хувьд сайжруулах эхний алхам болох юм.
СЭТГҮҮЛЧИД УЛС ТӨРИЙН НАМААС ЮУ ШААРДАХ ВЭ?
Улс төрийн намууд ил тод байх нь ардчиллын гол тулгуур болох юм. Тиймээс Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намууд нь гишүүдээ болон нийт иргэдийг мэдээллээр хангадаг байхыг шаардах нь нэн тэргүүний шаардлага. Улс төрийн намууд нь мөрийн хөтөлбөрөө ямар шалгуураар, ямар судалгаан дээр суурилж боловсруулсныг шаардаж болно.
Мөн улс төрийн намын үйл ажиллагаатай холбоотойгоор хуульд заасан дараах шаардлагуудыг сэтгүүлчид намд тавьж болох юм. Үүнд:
- Намын болон харъяа байгууллагын санхүүгийн тайлан
- Аудит хийлгэсэн нам жилийн эцсийн санхүүгийн тайланг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан цахим хуудсандаа нээлттэй байршуулах
- Намын үйл ажиллагааны товч тайлан болон харьцуулсан товч мэдээлэл
Дээрх мэдээллээс гадна Сонгуулийн ерөнхий хороо өөрийн цахим хуудсандаа дараах мэдээллийг тавих ёстойг сэтгүүлчдэд сануулж байна.
|
СЕХ-ы цахим хуудсанд байрших мэдээлэл |
Хуулийн шаардлага |
Цахим хуудсанд байршуулах |
|
Намуудын орлого, зарлага, хөрөнгийн байдлын талаар харьцуулсан товч мэдээлэл |
Жил бүрийн 5 дугаар сард багтаан |
Цахим хуудсанд байршуулж, тухай бүрд эмхэтгэж нийтэлнэ |
|
Намын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайлан, харьцуулсан товч мэдээллийг нийтэлнэ |
Цахим хуудсанд бүхэлд нь татаж авах, хайлт хийх боломжтойгоор байршуулна |
Хандивлагч иргэний ургийн овог, эцэг, эх, өөрийн нэр. Эсхүл хуулийн этгээдийн нэр, хаяг |
|
Нам хандивыг СЕХ-ноос баталсан бүртгэлийн маягтын дагуу цаасаар болон цахимаар бүртгээгүйтэй холбоотой алдаа зөрчлийг арилгасан тайлан |
Бүхэлд нь эсхүл хэсэгчлэн |
Цахим хуудсанд ил тод байршуулна |
Эдгээрээс гадна төрөөс санхүүгийн дэмжлэг авсан улс төрийн намууд зориулалтынх нь дагуу зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардах эрхийг сэтгүүлчид эдэллнэ.
Эцэст нь, хуулийн заалтыг биелүүлээгүй намуудад авч буй арга хэмжээ ч олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстойг хэлүүлэх юун.
Мэдээллийн эх сурвалж:
- Улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтын хөгжил: Онол, практик, 2023 он, С.Мөнхбат, МУИС-ын Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор.
- Улс төрийн намын тухай хуулийн хэрэглээ, 2024 он, Бодлогод залуусын хяналт ТББ-ын боловсруулсан гарын авлага
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.