СЕХ: Улс төрийн 6 намыг идэвхгүйд тооцуулах асуудлаар Дээд шүүхэд мэдээлэл хүргүүлнэ
 

СЕХ: Улс төрийн 6 намыг идэвхгүйд тооцуулах асуудлаар Дээд шүүхэд мэдээлэл хүргүүлнэ

/2026.2.11/ Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 29 нь 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүллээ.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлэхээр хуульчилсан. Тодруулбал, дээрх намуудын тайланг Аудитын тухай хуульд заасан шаардлага хангасан аудитын хуулийн этгээд хянаж 3 дугаар сарын 15-ны дотор дүгнэлт гаргана. Аудитын хуулийн этгээдийн дүгнэлт бүхий тайланг Сонгуулийн ерөнхий хороо хянаж 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. Үндэсний аудитын газар намд олгох төрийн санхүүжилт, түүний зарцуулалт, тайлагналд Төсвийн тухай хуульд заасан цаглаврын дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт зааснаар хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол Улсын дээд шүүх сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг гаргахаар хуульчилсан.

2024 оны санхүүгийн тайлангаа дараах намууд ирүүлээгүй байна. Эдгээрт:

  1. Монголын либерал нам,
  2. Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам,
  3. Хамуг Монголын хөдөлмөрийн нам,
  4. Тусгаар тогтнол,
  5. Эв нэгдлийн нам,
  6. Монгол шинэчлэлт нам,
  7. Зүй ёс нам,
  8. Ардчилал шинэчлэлийн нам,
  9. Монгол консерватив нам,
  10. Монголын хүний төлөө нам

2025 оны санхүүгийн тайлангаа ирүүлээгүй намуудад:

  1. Эх орончдын нэгдсэн нам,
  2. Монголын ардчилсан хөдөлгөөний нам,
  3. Монголын либерал нам,
  4. Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам,
  5. Хамуг Монголын хөдөлмөрийн нам,
  6. Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам,
  7. Ардчилал шинэчлэлийн нам,

Тодруулбал, 2024, 2025 оны санхүүгийн тайлангаа ирүүлээгүй намуудыг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан намыг идэвхгүйд тооцуулах талаарх мэдээллийг Хорооны хуралдаанд танилцуулж, Улсын дээд шүүхэд хүргүүлнэ гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ. Өөрөөр хэлбэл, идэвхгүйд тооцогдох "болзлыг" дараах 6 нам хангажээ.

  1. Монголын либерал нам,
  2. Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам,
  3. Хамуг Монголын хөдөлмөрийн нам,
  4. Монгол шинэчлэлт нам,
  5. Зүй ёс нам,
  6. Ардчилал шинэчлэлийн нам

Улс төрийн намын хөтөлбөр, үйл ажиллагааны товч тайлан, дүрэм, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон санхүүгийн тайлан Сонгуулийн ерөнхий хорооны https://m-election.mn/ цахим сайтын “Улс төрийн нам” цэс (https://m-election.mn/politicalcoalition)-д байршдаг.

НАМЫГ ИДЭВХГҮЙД ТООЦОХ:

Намыг идэвхгүйд тооцсон бол тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох бөгөөд зөрчлийг арилгах хүртэл нам бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болно. Энэ хугацаанд намын гишүүнийг аливаа сонгуульд бие даан нэр дэвших эрхийг үл хязгаарлана.

Идэвхгүйд тооцогдсон бол зөрчлөө арилгасан гэдэг нотлох баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргэж, сонгуулийн төв байгууллага хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Харин Улсын дээд шүүх хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянан үзэж, намыг идэвхтэйд тооцох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Нам санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор өөрийн цахим хуудсанд байршуулж, цахим хуудасгүй нам өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулах үүрэгтэй.

Мөн нам хандивын талаарх мэдээллийг цахим хуудсандаа хайлт хийх боломжтойгоор улирал тутам байршуулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр хуульчилсан. Уг хандивын талаарх мэдээлэл Сонгуулийн ерөнхий хорооны https://m-election.mn/ цахим сайтын “Улс төрийн нам” цэс (https://m-election.mn/politicalcoalition)-ийн “Хандив” (https://m-election.mn/handiv) хэсэгт нээлттэй байршиж байгаа.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Эпштэйний файлууд: Х.Баттулгатай холбоотой имэйлийн илэрцүүд олдлоо
Эпштэйний файлууд: Х.Баттулгатай холбоотой имэйлийн илэрцүүд олдлоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.