/2025.12.19/ Улс төрийн намын нэр хүнд иргэдийн дунд унаснаас зарим хүн “Энэ муу намуудаар яадаг юм, бүгдийг нь тараа” гэх мэтээр ярьдаг. Гэвч нам бол иргэдийн үзэл бодлыг нэгтгэн хамгаалж, судалгаан дээр үндэслэсэн бодлогынхоо үндсэн дээр улс орныг удирдан залдаг томоохон институц юм. Хэрэв намгүй бол яах билээ? Нэг нэгээрээ гараад хэрхэн улс орныг удирдах талаар өөрсдийн бодлыг ярих гэж үү?
Гагцхүү намын төлөвшил, институцчилал, дотоод ардчиллыг хэрхэн сайжруулах вэ хэмээн ярих нь өнөөдрийн зорилт юм. Намуудын дотоод асуудал намд л хамаатай гэж бодож байвал бас л эндүүрэл. Учир нь улс төрийн намын туйлын зорилго нь төрийн эрхийг авч, нийгмийн бүхий л түвшинд бүх нийтээр даган биелүүлэх шийдвэр, дүрэм журмыг гаргана. Тиймээс намуудын төлөвшил, дотоод ардчилал хэр байгааг иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл хянаж, шаардаж байх нь туйлын чухал. Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам байна. Улс төрийн 22 намын тайлангаар авч үзвэл 600 гаруй мянган иргэн аль нэг намын гишүүн ажээ. Насанд хүрэгсдийн бараг тал нь гэсэн үг. Ингээд харвал улс төрийн намын асуудал иргэдэд тун ч хамаатай байх нь.
Улс төрийн намын талаарх ойлголт эртнээс улбаатай ч 1600-аад оны үед баруун европт ноёдын бүлэглэлүүд улс төрийн намын хэв шинжийг олон, хөгжиж эхэлсэн түүхтэй. Үүний дараа онцлох он бол 1900 оны эхэн үе. Дэлхийн баруун хэсэгт олон намын системийг, харин Зөвлөлт болон түүний холбоотон улсуудын хувьд нэг намын системийг сонгон хөгжлийн замдаа орцгоосон юм. Гэвч нэг зуун ч хүрэхгүй хугацаанд социалист систем дампуурч улмаар нэг намын засаглалтай Зөвлөлт улс задран унав. Манай Монгол орон ч нэг намын системээс татгалзаж олон намын системийг хожуу ч гэсэн сонгон 1990 онд Улс төрийн намын тухай хуулийг баталсан. Дараа нь 2005 онд шинэчилж, түүний хойноос дахин шинэчлэхээр таван удаа оролдсон ч бүтэлгүйтэж, улмаар 2023 онд Улс төрийн намын тухай хуулийн Шинэчилсэн найруулгыг баталсан билээ.
Гэвч 2024 оны сонгуулийг тооцож үзсэнгүй. УИХ болон Орон нутгийн сонгуулийг даван гарах намууд хэрхэн шинэ хуулийн хэрэгжилтийг хангах билээ гэдэг асуудал тулгарсан учир хуулийн хэрэгжилтийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулсан юм.
Энэ удаагийн хуулийн шинэчлэлт нь өнөөдрийг хүрсэн намуудын завхралыг засаж сайжруулах боломжийг бий болгосон. Тухайлбал, нам гэх атлаа тамгаа халаасалсан нэг хүн байх нь олонх. Хэзээ ч буудаггүй намын даргатай, 20 жил ч их хурлаа хийгээгүй, хурал хийх ч гишүүнгүй нам олон байна. Гэвч тэд сонгуулийн үеэр амилж, тамгаа арилжиж, хүчтэй сөрөг хүчин бүхнийг нухчин дарахад гар бие оролцож монголын ардчиллыг “олон намын систем” гэх цаасан малгайгаар дарж харлуулсаар уджээ.
Улс төрийн намын тухай хуулиар 2005 оноос хойш парламентад суудалтай намууд жил бүр төсвөөс санхүүжилт авч ирсэн. Харин шинэ хуулиар нийт сонгогчдын 1% ба түүнээс дээш хувийн санал авсан бол төсвөөс санхүүжилт авахаар тусгасан юм. 2024 оны сонгуульд гэхэд 1,4 сая хүн оролцсон. Тэгэхээр 14 мянгаас дээш хүний санал авсан нам төрийн санхүүжилт авах боломжтой гэсэн үг. Ингээд дараах 6 нам төрөөс санхүүжилт авсныг харуулж байна.
|
№ |
Нам, эвслийн нэр |
2025 онд авсан санхүүжилт |
|
1 |
Монгол Ардын нам |
2,8 тэрбум |
|
2 |
Ардчилсан нам |
2,1 тэрбум |
|
3 |
ХҮН нам |
993 сая |
|
4 |
Үндэсний эвсэл |
446 сая |
|
5 |
Иргэний зориг Ногоон нам |
455 сая |
|
6 |
Шинэ нэгдсэн эвсэл |
312 сая |
Энэ жилийн хувьд Үнэн ба Зөв нам төрөөс 250 сая төгрөгийн санхүүжилт авах байсан ч чадаагүй. Учир нь, Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн нам нь дараах 4 төрлийн орлоготой байх ёстой.
- намын гишүүний татвар,
- сонгуульт гишүүний татвар,
- иргэний өгсөн хандив,
- хуулийн этгээдийн өгсөн хандив
Гэвч Үнэн ба Зөв нам энэ төрлийн орлогогүй тул төрийн санхүүжилт авах болзлыг хангасангүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам зөвхөн төрийн санхүүжилт, дэмжлэгээр үйл ажиллагаа явуулаад байж болохгүй, өөрийн зохих дэмжигчидтэй, албан ёсны гишүүдтэй байх ёстой гэсэн санаа юм. Эс бөгөөс 14 мянгаас дээш санал аваад 250 сая төгрөгийг төрөөс авчихдаг бол би ч гэсэн нам байгуулмаар санагдана.
Үүнээс гадна намууд зүгээр мөнгөө аваад алга болохгүй, төрийн санхүүжилтээ дараах байдлаар зарцуулна гэдгийг хуульчилсан. Үүнд:
- 20-иос доошгүй хувийг эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, залуу зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэх
- 15-аас доошгүй хувийг намын гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах
- 15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд
- Намын бодлогын судалгааны үйл ажиллагаанд зарцуулна гэж заасан.
Дээрх зааснаас өөрөөр санхүүжилтийг зарцуулахыг хуулиар хориглосон. Хэрэв өөр зүйлд зарцуулсан бол зарцуулсан хөрөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх, эсхүл дараагийн жилийн санхүүжилтээс хасаж тооцохоор зохицуулсан юм. Харин үлдсэн 50 хувийг нам дотоод үйл ажиллагаандаа зарцуулна.
2005 оноос хойш намууд, ялангуяа МАН, АН тэрбум тэрбумаар нь төсвөөс санхүүжилт авсан боловч эргээд дээрх дөрвөн зүйлд мөнгөө зарцуулсан гэдгээ тайлагнаж байсан удаагүй. Тэгвэл намуудын санхүүгийн зарцуулалтын тайлан, орлогын тайлан туйлын чухал болохыг бид харж байна.
Хуульд намууд ил тод байдлаа хангахыг заасан. Тэгвэл улс төрийн 37 нам гишүүддээ болон олон нийтэд мэдээллээ хүргэдэг албан ёсны вэбсайттай эсэхийг шалгахад намуудын ердөө 11 нь вэбсайттай байна. Эдгээрийн 8 нь шинэ мэдээлэл тавьсан, 3 нь мэдээлэлгүй. Санхүүгийн тайлангаа шинэчилж тавьсан нь ХҮН болон МАН бол намуудын 5 нь 2024 оны сонгуулиас хойш санхүүгийн тайлангаа тавиагүй, үлдсэн 5 нь огт тайлангүй байна.
МАН-ын 2025 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаас:

ХҮН намын 2025 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан:

Харин Ардчилсан намын санхүүгийн тайлан вэб сайтад нь байсангүй.

Намын албан ёсны вэбсайтгүй ч цаг үеэ дагаа сошиал хуудастай байж болох юм. Гэтэл намуудын 40% нь фэйсбүүк орчинд пэйжгүй байна.
Мөн ердөө 12 нь шинэ мэдээлэлтэй, үлдсэн нь 2024 оны сонгуулиас хойш “амилсангүй”.
Ирэх жилээс улс төрийн намууд хуулийнхаа дагуу ил тод байдлаа илүү сайжруулна хэмээн найдаж байна.
Хуульд намуудын дотоод зохион байгуулалт, төлөөллийн төв байгууллага тэдгээрийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа, ил тод байдал, тайлагнал зэргийг хуульчлан зааж өгснөөр намууд идэвхтэй үйл ажиллагаа явуулах, эс бөгөөс идэвхгүй намд тооцогдох, татан буугдах зэрэг нөхцлийг бий болгожээ. Тухайлбал дараах тохиолдлуудад намыг идэвхгүйд тооцно гэж заасан. Үүнд:
- Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй;
- Хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй;
- Намын удирдах дээд байгууллагыг, эсхүл төлөөллийн төв байгууллагыг таван жилийн хугацаанд хуралдуулаагүй
Намыг идэвхгүйд тооцсон бол тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох бөгөөд зөрчлийг арилгах хүртэл нам бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болох юм.