
/2025.11.15/ МАН дотор үүссэн хагарлыг эвлэрүүлэх гэсэн оролдлого өчигдөр шинэ гишүүдийн мэдэгдлээр хоёр дах удаагаа боллоо. Эхнийх нь “Эвлэрлийн ажлын хэсэг” гэдгийг санаж буй биз ээ.
Гэвч өнөөдрийн бий болсон хагарал нь “Эвлэр” гэхээр эвлэчихдэг хүүхдийн тоглоом биш юм.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТ ХЭДЭН ИХ НАЯД ЯРИГДДАГИЙГ
БИД МЭДЛЭЭ
Бүх гэрээнүүдийг “төрийн нууц” гэдэг ангилалд оруулчихаад ар худрагаар нь хэрхэн хэдэн их наяд төгрөгийн хулгай хийдгийг бид мэдэж авлаа. Тиймээс Занданшатарын Засгийн газар нууцын зэрэглэлтэй байсан бүх гэрээг олон нийтэд ил тод болгов. Ил тод болсон гэрээний жагсаалтыг ЭНД ДАРЖ үзэх боломжтой. Прокурорын байгууллагаас нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой ажлын хэсэг ч байгууллаа. Ингээд 108 хүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн хэрэг үүсгээд байна. Дахиад ч шалгаагүй үлдсэн хэргүүд бий гэдгийг Прокуророос мэдээллээ.
Үүгээр зогсохгүй 424 сая коксжих нүүрсний нөөцтэй Бортээгийн ордыг хууль бусаар Адменирал гэх компанид олгосон талаар Хууль зүйн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийсэн бөгөөд прокурорын шийдвэрээр тус компанийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Гэтэл тэрхүү Адменирал гэх компани нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай холбоотой гэдгийг ньюс.мн сайтын нийтлэлээс ЭНД ДАРЖ унших боломжтой.
ТӨСВИЙН МӨНГӨӨР ТУЙЛЖ БАЙСНЫГ БИД МЭДЛЭЭ
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү найз бүсгүйдээ 20 сая төгрөгийн цүнхнээс эхлээд хэдэн арван сая төгрөгийн бэлэг илгээж байсан талаарх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд цацагдав. Ажил эрхэлдэг жирийн монгол залуу бүү хэл бизнес эрхлэгч залуус ч авч дийлэхгүй бүхнийг тэрбээр найз охиндоо авч өгч “атаархлыг нь төрүүлсэн” юм. Гэвч аав болох Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн нар амьдралдаа бизнес хийж огт үзээгүй гэх бөгөөд гагцхүү төрийн албанд ажилласан байх аж. Тэгвэл тэр бүх мөнгө хаанаас гарсан бэ?
Л.Оюун-Эрдэнийн ах Херо Баатар хувийн видео студи ажиллуулдаг бөгөөд Монгол хаан гэх жүжгээр дэлхий тойрохыг шахав. Херо Баатар болон Соёлын сайд асан Ч.Номин, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар “Бид Монгол хаан жүжигт нэг төгрөг төсвөөс гаргаагүй” хэмээн саяхныг хүртэл мэлзсэн. Гэвч Хууль зүйн сайд Б.Энхбаяр Монгол хаан жүжигт зориулж 6,5 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулж, сурталчилгаа хийсэн талаар мэдээллээ.
Мөн Go Mongolia төслийн хүрээнд Английн Fulham FC багт хувцас хэрэглэл авч өгөхөөр 23 тэрбум төгрөг төсвөөс гаргасан байсныг Батлан хамгаалахын сайд Д.Батлут ил болгов. Сонирхолтой нь, Херо Баатарын хүү Fulham FC клубын хүүхдийн академид суралцдаг байжээ.
Ердөө зах зухаас нь дурьдахад л ийм байна.
ХУЛГАЙГ НЬ ИЛ БОЛГОНО ГЭСНИЙ ТӨЛӨӨ ТӨРИЙН ЭРХИЙГ
ХУУЛЬ БУСААР АВАХЫГ ОРОЛДОВ
Дээрх бүх асуудал сүүлийн хэдхэн сарын дотор өрнөлөө. Ерөнхий сайд Г.Занданшатар энэ бүхнийг илрүүлж, цаашид ч илүү их хулгайг ил болгохыг тулд Хууль зүйн сайдаар Б.Энхбаярыг томилно гэх мэдээлэл хийснийг санаж буй биз ээ.
Энэ мэдээллийн дараа Г.Занданшатарын Засгийн газрыг хууль бусаар огцруулах оролдлогыг “амжилттай” гүйцэтгэж чадсан юм. Ингэхдээ УИХ-ын чуулганы өмнөх өдрийн ирцийг дараа өдөрт нь хууль бусаар нэмж тооцож, мөн хуулиас хассан заалтаар Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтыг явуулж, улмаар “ялсан”.
Гэвч Г.Занданшатар бууж өгөхийг хүссэнгүй.
Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандсанаар “УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн” гэх дүгнэлтийг цэцийн хуралдаанаас гаргасан юм.
Цас ханзарч, булсан бүхэн нь ил болохын цагт сандарсандаа Үндсэн хуулийг ч зөрчиж, Засгийн газрыг хууль бусаар унагаах оролдлого хийсэн ч ийнхүү бүтэлгүйтлээ.
Г.ЗАНДАНШАТАР ТӨСВИЙН ХУЛГАЙ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ
ЭВЛЭРЭХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Дээрх ил гарсан бүх хэргийг нүдээ аньж өнгөрөөгөөд “Эвлэрчих” гээд зогсож байгаа УИХ-ын гишүүдийг иргэд хэрхэн ойлгох вэ?
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар энэ бүхэнтэй эвлэрэхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Тэрбээр “Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ” гэсэн юм.
Өнөөдөр МАН-ын Их хурал болж тус нам даргаа сонгох гэж байна. МАН-ын дарга хэн байхаас үл хамаарч Засгийн газар тогтвортой ажиллаж, хулгайг илрүүлэх, улсаа таван жилд хөгжүүлэх төлөвлөгөөгөө биелүүлэх учиртай.
Мөн МАН-ын шинээр сонгогдох дарга нь ч хулгайтай эвлэрэхгүй нэгэн байж, намынхаа дотоод асуудлыг хуйвалдааны замаар бус харин зарчмаар, хуулиар шийддэг шударга нэгэн байвал Монгол Улсын цаашдын ирээдүйд тустай биз ээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.