37 их наядын багтаамжтай эдийн засгийн 4 хувь нь бэлэн мөнгө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

37 их наядын багтаамжтай эдийн засгийн 4 хувь нь бэлэн мөнгө

Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэгтэй бэлэн мөнгөний эдийн засгийн ач холбогдлын талаар ярилцлаа.

-Бэлэн мөнгө, тэр дундаа том дүнтэй мөнгөн дэвсгэртийн ач холбогдлын талаарх яриагаар ярилцлагаа эхэлцгээе.

Бэлэн мөнгө, том дэвсгэрт гэхээс өмнө ер нь мөнгө гэж юу вэ, эдийн засагт ямар үүрэгтэй зүйл вэ гэдгээс эхлэх нь зүйтэй болов уу. Мөнгө нь эдийн засагт үнэ цэнээ хадгалах хадгаламжийн хэрэгсэл, аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өртгийг хэмжих төлбөр тооцооны нэгж, тэгээд мэдээж арилжаа наймаанд хүлээн зөвшөөрөгдөх солилцооны хэрэгсэл болдог. Түүхээс үзэхэд цаг үеийнхээ технологийн хөгжил дэвшил, аж ахуйн онцлогоос хамаараад улс орнуудад байгалийн чулуу, далайн дун, амьтны яс шүднээс эхлээд алтан зоос, мөнгөн ембүү гэх мэт төрөл бүрийн зүйлс мөнгөний үүргийг гүйцэтгэсэн байдаг. Орчин үед мөнгө хэлбэр дүрсээ өөрчилж цаас, пластик эсвэл цахим хэлбэрт шилжсэн байна. Банкны дансанд байгаа мөнгө гэхэд компьютерт хадгалагдаж буй дижитал тоо шүү дээ. Бэлэн мөнгөний хувьд, мэдээж тухайн улсын түүх соёл, үнэт зүйлийг загвар дизайндаа шингээснээрээ онцлогтой. Мөнгөний нэгж, тэр дундаа том дэвсгэртүүд нь мөнгөний хэрэглээг хялбарчлах үүрэгтэй юм. Тухайлбал 100 мянган төгрөгийг 20 мянгатаар задалж авч явах уу, 5000 эсвэл 500-таар задалж авч явах уу гэдэг хэрэглээний сонголтыг мөнгөний нэгж олгодог.

-Сүүлийн үед 50 мянгат, 100 мянгатын дэвсгэрт хэвлэх цаг нь болсон уу гэдэг хэлэлцүүлэг нийгмийн сүлжээнд нэлээд идэвхтэй өрнөлөө. Цахим төлбөр тооцоо хөгжсөн үед ер нь бэлэн мөнгө хэрэгтэй юу, дараагийн том дэвсгэрт гүйлгээнд гаргах шаардлага бий юу гэх зэрэг асуултууд урган гарч байна.

Нэг талаас технологийн дэвшил, төлбөр тооцооны дэд бүтэц хөгжсөнөөр цахим гүйлгээ жилээс жилд нэмэгдэж байгаа боловч эдийн засгийн хэмжээ тэлэхийн хэрээр бэлэн мөнгөний хэрэглээ ч бас өсч байгааг онцлох нь зүйтэй. Мөнгөний нийлүүлэлтийн 4% нь бэлэн мөнгө хэлбэртэй байгаа боловч мөнгөн дүнгээр энэ нь ойролцоогоор 1 их наяд төгрөг юм. Өөрөөр хэлбэл, 37 их наяд төгрөгийн хэмжээтэй эдийн засагт маань ийм хэмжээний бэлэн мөнгөний багтаамж байна, Монголчуудын өдөр тутмын амьдралд ийм хэмжээний бэлэн мөнгөний эрэлт хэрэгцээ бий гэсэн үг. Хөгжсөн улс орнуудын туршлагаас харахад бэлэн мөнгийг төгс орлох хэрэгсэл хараахан үгүй тул хэрэглээ нь бууралгүй байсаар байна.

Эдийн засаг дахь бэлэн мөнгөний эрэлтийг судалж, иргэд аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээт мөнгөн дэвсгэртийг нийлүүлэх нь Монголбанкны хуулиар ногдсон үндсэн үйл ажиллагаа байдаг. Үүний хүрээнд нэгэнт батлагдсан загварын мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах зэрэг ажлыг зохион байгуулдаг. Мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргахдаа тѳлбѳр тооцооны онцлог, элэгдэл насжилт, зардал үр ашиг, цаашдын зохистой бүтцийн талаарх тооцоо судалгааг тогтмол хийж ажилладаг. Харин дараагийн том дэвсгэрт буюу шинээр мөнгөн дэвсгэртийн хэв загварыг батлах нь хуулиар УИХ-ын бүрэн эрхийн асуудал юм.

-Мөнгөний нэгж ер нь ямар байх нь зохистой вэ? Одоогийн 20 мянгатын дэвсгэрт ард иргэдийн дунд ердийн хэрэглээ болсныг мөнгөний үүргээ сайн гүйцэтгэж байна гэж үзэх үү, эсвэл хангалтгүй гэж үзэх үү?

Бэлэн мөнгө нь солилцооны хэрэгсэл гэдэг утгаараа нэн түрүүнд хэрэглэхэд хялбар нэгжид задардаг байх ёстой. Түүхийн явцад мөнгө өөрөө чулуу эсвэл металлаас цаас, цахим болж өөрчлөгдсөн шиг, мөнгөн дэвсгэртийн нэгж ч бас цаг хугацааны явцад хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг дагаад өөрчлөгдөх нь зүй ёсны хэрэг юм. Тухайлбал, 20 мянган төгрөгийг гүйлгээнд анх гаргасан 2006 онтой харьцуулахад өрхийн дундаж орлого 200 мянгаас 1.5 сая төгрөг болж 7 дахин нэмэгджээ. Энэ хугацаанд өргөн хэрэглээний үнэ ойролцоогоор 3 дахин өссөн тул одоогийн 20 мянгатын дэвсгэрт 2006 оны үнээр 6000 орчим төгрөгтэй тэнцэнэ гэсэн тооцоолыг хийж болно. 20 мянгатын дэвсгэрт маань одоо гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 70 орчим хувийг бүрдүүлэх болсон тул олон улсын жишгээр өндөр ачаалалтай, дараагийн дэвсгэртийг гүйлгээнд гаргах болсныг илэрхийлдэг. Энэ нь эдийн засаг тэлж, өрхийн дундаж орлого нь зардлаасаа хурдтай өсч амьжиргааны түвшин сайжирсны үр дүн учраас том дэвсгэртийн хэрэгцээ шаардлага ийнхүү нэмэгдсэн нь сөрөг үзэгдэл биш юм.

-Төгрөгийн хамгийн том дэвсгэртийг бусад улс орнуудын мөнгөн тэмдэгттэй харьцуулахад ямар байна вэ? Дараагийн том дэвсгэртийг гаргах нь зөв үү?

Орлого ѳндѳртэй хѳгжсѳн улс орнуудад иргэдийн худалдан авах чадвар, төлбөр тооцооны хэмжээнээс хамаараад хамгийн том дэвсгэрт нь нэлээд ѳндѳр мөнгөн дүнтэй байдаг. Монгол тѳгрѳгийн хувьд 20 мянгатын дэвсгэрт маань 7 ам.доллар орчимтой тэнцэж байгаа нь харьцангуй бага мөнгөн дүн юм. Дундаж цалинг 20 мянгатаар олговол 50 гаруй дэвсгэрт болно. Манайхтай орлогын түвшнээр ойролцоо хөгжиж буй улс орнуудад хамгийн том мѳнгѳн дэвсгэрт нь 40 ам.доллар, дундаж цалингаа хамгийн том дэвсгэртээрээ олговол 10 дотор багтах нь түгээмэл байна. Цаашид манай эдийн засаг томорч, иргэдийн орлого өсөхийн хэрээр илүү том дэвсгэртийн хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэх төсөөлөлтэй. Иймд олон улстай харьцуулсан ч, дотоодын хэрэгцээ шаардлагаа тооцож үзсэн ч Монголд дараагийн том мөнгөн дэвсгэрт гаргах цаг нь болсон гэж үздэг.

-Ер том дүнтэй мөнгөн дэвсгэртийг сөрөг өнцгөөр харах үзэгдэл түгээмэл байдаг. Мөнгөний үнэ цэнэд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол, бүр гиперинфляц үүсч маш том мөнгөн дэвсгэрт хэвлэсэн улс орнуудын дүр зураг санаанд ордог шүү дээ.

Мөнгө маш олон хүний цалин орлого, амьжиргаатай холбоотой зүйл учраас ингэж санаа зовох нь аргагүй. Инфляц буюу үнийн өсөлт нь мөнгөний нэгж гэхээсээ мөнгөний нийт нийлүүлэлтээс хамаардгийг онцлох нь зүйтэй. Мөнгөний нийт хэмжээ болон эдийн засаг дахь бараа үйлчилгээ хоорондоо дүйцэж байгаа эсэхтэй холбоотой гэсэн үг. Иймд төв банкууд инфляцын зорилттой нийцтэйгээр мөнгөний нийлүүлэлтийг удирдах бодлого хэрэгжүүлдэг бөгөөд мөнгийг тогтвортой үнэ цэнэтэй хуримтлалын хэрэгсэл байлгахад онцгой анхаардаг. Харин ямар төрлийн мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргахаа зах зээл дээрх бодит хэрэгцээ шаардлагатай уялдуулах нь зүйтэй бөгөөд энэ нь мөнгөний үнэ цэнэд мэдээж нөлөөгүй. Гиперинфляц үүссэн орнуудын тухайд гэвэл мѳнгѳний үнэ цэнэ хурдтай унасан гол шалтгаан нь том дэвсгэрт гүйлгээнд гаргаснаас болоогүй, харин мөнгөний нийлүүлэлтийг хяналтгүй нэмснээс үүдэлтэй юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт хэт их хэмжээтэй болсон мѳнгийг хэмжих хэрэгсэл нь том дэвсгэртүүд байсан гэж дүгнэдэг.

-Том дүнтэй мѳнгѳн дэвсгэрт далд эдийн засаг, мөнгө угаалт, авлигын гэмт хэргийг өөгшүүлэх вий гэсэн болгоомжлол бий. АНУ-д 1000 ам.долларыг гүйлгээнээс татсан, Европт 500 еврог нийлүүлэхээ больсон зэрэг том дэвсгэртээс татгалзсан тохиолдол ч бий шүү дээ. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

Мөнгө бол зѳвхѳн нэг төрлийн хэрэгсэл, дээрх зүйлсийн шалтгаан биш гэдгийг энд онцлох шаардлагатай. Бусад хэрэгслүүдийн нэгэн адилаар бэлэн мөнгийг хуулийн дагуу ашиглах боломж ч бий, эсвэл хуулиас гадуур ашиглах эрсдэл ч мөн байна. Тэглээ гээд хэрэглэхгүй байх, эсвэл хэрэглэхэд хялбар биш байх ёстой гэвэл мэдээж оновчгүй. Хурдтай компьютер эсвэл хүчтэй машин эрсдэлтэй тул үйлдвэрлэхээ больё гэдэггүй шүү дээ. Иймд мѳнгѳтэй холбоотой эрсдэлийг зѳв үнэлж, болзошгүй эрсдэлийг оновчтой удирдах нь чухал болохоос “бэлэн бол муу, цахим бол сайн”, эсвэл “том дэвсгэрт буруу, жижиг нь зөв” гэж туйлширвал ѳрѳѳсгѳл болно. Цахим гүйлгээ гэхэд түргэн шуурхай, зардал хэмнэх хэдий ч кибер халдлагад ѳртѳх эрсдэл байдгийг мартаж болохгүй. Бэлнээр хийх төлбөр тооцоонд дээд хязгаар тогтоох, цахим аюулгүй байдлыг сайжруулах зэргээр мөнгөний хэлбэр дүрс, хэмжээнээс үл хамаараад хэрэглээнд үүсч болох эрсдэлийг удирдаад, хэрэгцээ шаардлагадаа тохируулж ашиглах нь чухал. Бэлэн мөнгөний хувьд, өмнө хэлсэнчлэн олон улсад ч хэрэглээ нь байсаар байна. Монголын газар нутгийн хэмжээ, дэд бүтцийн онцлог эсвэл Цагаан сар зэрэг уламжлалт соёлыг харгалзаж үзвэл бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага байх тул эрсдэлийг нь удирдаад хэрэгцээ шаардлагадаа тохируулан хэрэглэх нь зүйтэй болов уу.

-Шинэ том дэвсгэрт нэмснээс зарим улс орон шиг 2-3 тэг хасаад цөөн оронтой тоотой болговол хялбар болох, эсвэл ашиглагддаггүй дэвсгэртүүдийг гүйлгээнээс хасвал зардал хэмнэхгүй юу?

Төгрөгийн хувьд 1-ээс 20 мянгатын 11 төрлийн цаасан дэвсгэрт албан ёсоор гүйлгээнд байгаа. Эдгээр мѳнгѳн дэвсгэртүүд бүгд ѳнѳѳгийн хэрэгцээ шаардлагад нийцэж байна уу, зардал үр ашиг нь оновчтой юу, дараагийн том дэвсгэртийн хэрэгцээ шаардлага бий болсон уу зэрэг асуулт тавигддаг. Хэдий тийм ч тѳгрѳгийн ихэнх дэвсгэртүүд эдийн засагт гүйцэтгэх үүргээ сайн биелүүлж байгаа тул мөнгөн дэвсгэртийн цогц реформ хийх цаг хараахан болоогүй гэж үзэж байна. Таны хэлдгээр тэг хасах буюу мѳнгѳн тэмдэгтийн орон ѳѳрчлѳх нь бүх мѳнгѳн дэвсгэртүүдээ солих цогц реформ хийнэ гэсэн үг болно. Мѳнгѳний нэгж ѳѳрчлѳгдсѳнѳѳр зѳвхѳн тѳлбѳр тооцоо бус, статистик тоо баримт, ня-бо бүртгэл гээд бүх зүйл дагаад ѳѳрчлѳгдөх болдог. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд 90-ээд онд мѳнгѳний цогц реформ хийж одоогийн шинэ дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргаж байсан. Ийм шинэчлэлийг эдийн засгийг хамарсан цогц реформ зайлшгүй үед л хийдэг, харин ердийн үед хийхэд хэт ѳндѳр зардалтай юм.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага согтуу жолоочийн тоотой тэнцүү
Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага согтуу жолоочийн тоотой тэнцүү
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.