Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар оросын арми Украины нутаг дэвсгэрт түрэмгийлэн дайрсан билээ.
Өнөөдрийг хүртэл 15 хоног өнгөрөөд байна. Энэ хугацаанд Украины 2000-4000 цэрэг болон 541 энгийн иргэн амиа алджээ. Амиа алдсан энгийн иргэдийн дотор 41 хүүхэд байна гэж CNBC мэдээлжээ.
Дэлхийн олон улс орон Оросын энэ түрэмгий үйлдлийг эсэргүүцэн буруутгаж, шаардлагатай хориг арга хэмжээнүүдийг авсаар. Тэдний зөвхөн “Барууныхан” гэж нэрлэвэл өрөөсгөл. Учир нь энэ хориг арга хэмжээнд Япон, Солонгос, Австрали гээд олон орон нэгдэж байгаа юм.
Харин манай улсын эрх баригчид Оросыг дэмжиж байгаагаа нэлээд хэдэн удаагийн үйлдлээр илэрхийллээ. Хэдхэн хоногийн өмнө МАН-ын төв аппаратынхан Оросын зочид төлөөлөгчид хүлээн авсан. Ямар зорилгоор, яагаад энэ үед манай улсын эрх баригч намынхан дээр “зочлон” ирсэн нь тодорхойгүй.
ИЛЭРХИЙЛЭЛ 1. Дайн эхэлснээс хойш 4 хоногийн дараа
Хоёрдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газ Пром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй томоохон төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ төсөл бол ОХУ-аас Монгол Улсаар дамжуулан БНХАУ руу тавих Байгалийн хийн хоолойн төсөл юм.
Энэ бол дайн эхэлснээс хойшх дөрөв дэх өдөр байсан бөгөөд энэ өдөр Япон улс хоригт орохоо илэрхийлж, европын улс орнууд Украинд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн өдөр байв.
ИЛЭРХИЙЛЭЛ 2. Монгол Улс түдгэлзсэн 35 орны нэг боллоо
НҮБ-ын Ерөнхий Ассамблей хуралдаж, Оросыг Украинд түрэмгийлсэн гэж буруутгасан тогтоол баталлаа.
Энэ тогтоолыг батлахад манай улс “ТҮДГЭЛЗСЭН” саналыг өгсөн юм.
Санал хураалтад АНУ тэргүүтэй 141 улс тус тогтоолыг дэмжсэн бол таван улс эсэргүүцэж /Орос, Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей/, 35 улс түдгэлзсэн юм. Манай улсын хувьд түдгэлзсэн 35 улсын нэг байна.
ИЛЭРХИЙЛЭЛ 3. ОХУ болон Беларусьт Монголын сайд,
парламентын гишүүн айлчилж байна
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ болон яамны төлөөлөл энэ сарын 7-11-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчилж байна.
Оросууд Украин руу дайрахынхаа өмнө цэргүүдээ Беларусьт байрлуулж байв. Мөн энэ дайны үед Беларусь Оросын талд зогсож буй. Тиймээс Оросыг дэмжигч улсад энэ цагт айлчлах нь Оросыг “Бид танай талд шүү” гэснээс өөрцгүй.
Айлчлал ингээд зогсохгүй. Сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар өнөөдөр ОХУ-д айлчилж байна. Тэд Москва хотод ажиллаж байгаа юм. Уулзалтын зорилго нь “Туршлага солилцох”.
Энэ мэтээс харвал манай улс энэ дайнд Оросын талд “бат зогсож” буй бололтой. Дээрх нь 15 хоногийн хугацаанд бүтэн улсын биечлэн үзүүлж буй илэрхийлэл. Эдгээрийн зэрэгцээ фэйсбүүк орчинд Оросын дайныг зөвтгөсөн, хуурамч мэдээлэл түгээсэн хаягууд хэдэн зуугаараа байгаа билээ.