ОХУ-д цэргийн гэрээнд гарын үсэг зурсан 10 гаруй монгол иргэн байна
 

ОХУ-д цэргийн гэрээнд гарын үсэг зурсан 10 гаруй монгол иргэн байна

ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх цахим зарын дагуу тус улсыг зорьсон Монгол Улсын иргэд цэргийн тусгай ажиллагаанд татагдах эрсдэлтэй байгааг Гадаад харилцааны яам анхаарууллаа.

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагийн 2026 оны арваннэгдүгээр сарын 23-нд өгсөн мэдээллээр ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурсан 10 орчим Монгол Улсын иргэний мэдээлэл тус яаманд бүртгэгджээ.

Тэдний зарим нь цахим орчинд нийтлэгдсэн өндөр цалинтай тогооч, тээврийн жолоочийн ажлын зарын дагуу бүртгүүлж, ОХУ-д очсон байна. Гэвч очсоныхоо дараа цэргийн ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурсан тохиолдол гарчээ.

ГХЯ зарим иргэнийг эх оронд нь буцаажээ

ГХЯ-ны мэдээлснээр өмнөх тохиолдлуудад иргэд орос хэлний бэрхшээлээс шалтгаалан гэрээний агуулгыг ойлголгүй гарын үсэг зурсан, эсвэл гаднын шахалт шаардлагад орсон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Үүний дагуу зарим иргэнийг байсан газраас нь татан авч, эх оронд нь буцаах арга хэмжээ авчээ.

Мөн ОХУ-ын Алс Дорнодын бүсэд цэргийн ажиллагаанд оролцох гэрээ байгуулахаар явж байгаа гэх мэдээлэл авсан тохиолдолд консулын ажилтнууд тухайн иргэнтэй биечлэн уулзаж, сэрэмжлүүлэг өгөөд нутаг буцаасан байна.

Д.Эрдэнэмөрөнгийн асуудлаар ОХУ-ын талд ханджээ

Энэ асуудал иргэн Д.Эрдэнэмөрөнгийн ар гэрийнхний мэдээллээр дахин олны анхааралд орсон юм.

Тэрбээр 2026 оны арваннэгдүгээр сарын 7-нд өндөр цалинтай ажил хийхээр ОХУ-ыг зорьсон бөгөөд тус улсад очсоныхоо дараа цэргийн ажиллагаанд татагдсан тухайгаа ар гэрийнхэндээ мэдэгдсэн гэж эхнэр нь мэдээлжээ.

Түүний хамгийн сүүлд илгээсэн байршлын мэдээлэл Орос-Украины хилийн ойролцоох дайны бүсэд байсан гэж ар гэрийнхэн нь ярьсан байна.

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тухайн иргэний ар гэр олон нийтийн сүлжээнд бичлэг нийтлэхээс өмнө яаманд албан хүсэлт гаргажээ. Үүний дагуу Монголын дипломат төлөөлөгчийн газрууд ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдож, иргэний байршлыг тогтоох, эх оронд нь буцаах хүсэлт тавьсан байна.

Одоогоор тухайн иргэн цэргийн ажиллагаанд татагдсан эсэхийг шалгаж байгаа бөгөөд түүний нөхцөл байдал эцэслэн тогтоогдоогүй байна.

Энэ төрлийн элсүүлэлт бусад улсад ч бүртгэгджээ

Олон улсын хэвлэлүүд ОХУ-д өндөр цалинтай иргэний ажил санал болгож, дараа нь гадаадын иргэдийг цэргийн гэрээ байгуулахад хүргэх эрсдэлийн талаар мэдээлж байна.

Asia Times-ийн 2026 оны арваннэгдүгээр сарын 21-ний нийтлэлд Өмнөд болон Зүүн Өмнөд Ази, Төв Ази, Африкийн зарим улсын иргэд барилга, хамгаалалт, ложистикийн ажил хийхээр ОХУ-д очсон ч цэргийн ажиллагаанд татагдсан тохиолдлуудыг дурджээ.

Мөн Украины “I Want to Live” төслийн мэдээллийг эш татсан Gwara Media-ийн нийтлэлд 2022 оноос хойш бараг 29 мянган гадаадын иргэн Оросын армитай гэрээ байгуулсан гэх тоо дурдагдсан байна.

Иргэдэд ямар эрсдэл байна вэ?

ГХЯ-наас иргэдийг цахим орчинд байршуулсан өндөр цалинтай ажлын зарын үнэн бодит байдлыг нягталж, ажил олгогч болон гэрээний нөхцөлийг бүрэн ойлгоогүй тохиолдолд гарын үсэг зурахгүй байхыг анхааруулжээ.

Ялангуяа гадаад хэл дээрх гэрээг мэргэжлийн орчуулга, хууль зүйн зөвлөгөөгүйгээр байгуулахгүй байх, паспорт болон хувийн бичиг баримтаа бусдад хяналтгүй өгөхгүй байх шаардлагатай.

Одоогоор ГХЯ-ны бүртгэлд байгаа 10 орчим иргэний хэд нь бүрэн эх орондоо буцаж ирсэн, хэд нь ОХУ-д хэвээр байгаа талаар нарийвчилсан мэдээлэл нийтэд гараагүй байна.

ЧУУЛГАН | Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай ажлын хэсэг хуралдана
ЧУУЛГАН | Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай ажлын хэсэг хуралдана
 
Жилд хоёр удаа болдог CS2-ын дэлхийн аваргын хоёр дахь тэмцээн Сингапурт эхэллээ
Жилд хоёр удаа болдог CS2-ын дэлхийн аваргын хоёр дахь тэмцээн Сингапурт эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.