
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байх хугацаандаа “Go Mongolia” төслийн хүрээнд Английн Премьер лигийн “Фүлхэм” клубтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ч гэрээний үлдэгдэл болох 1 сая ам.доллароо төлөөгүйн улмаас бид 6.5 тэрбум төгрөгийн өрөнд унаад байгаа билээ.
Ч.Номин сайдын зүгээс "Би Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн төдий. Энэ асуудлаар намайг АТГ шалгаж байгаа нь Г.Занданшатар даргын зүгээс явуулж байгаа бодлого болов уу. Хэсэг бүлэг хэвлэл болон АТГ-ыг дохиур шигээ ашиглаж байна. Монгол Улсын аялал жуулчлал нэмэгдсэн гэдгийг аялал жуулчлалын байгууллагууд бүгд хэлнэ" гэх тайлбар өгөөд буй.
Гэрээ байгуулагдах үед буюу 2024 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дэргэдэх Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо ажиллаж байсан бөгөөд тус хорооны дэд даргаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ажиллаж байсан тул Г.Батцэцэг уг ажлыг гацаасны улмаас манай улс өр төлбөрт унасан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл уг мэдээллийн хариу болгон ГХЯ-наас мэдээлэл хийсэн бөгөөд ингэхдээ "Фулхэм", "CNN", "Эделман", "Бостон консалтинг"-тай байгуулсан дөрвөн гэрээний нийт төлбөр 18 тэрбум болно. Хариуцагч нь анхнаасаа Соёлын яам байсан, одоо ч байгаа" хэмээгээд байна.
Ч.Номингийн 2025 онд өгсөн мэдээлэлд BBC-тэй 500 мянга, CNN-тэй 1.7 сая, үндэсний брэндинг хийдэг дэлхийн хамгийн том компани болох Edelman-тэй 1.5 сая ам.долларын гэрээ байгуулж ажилласан. Нийтдээ 5.9 сая ам.долларын сурталчилгааны хамтын ажиллагаа хэрэгжүүлсэн хэмээжээ. Тэгвэл одоогийн ханшаар 21 орчим тэрбум төгрөг болно. Үүнээс 2.1 сая ам.долларыг нь сайдаар ажиллаж байх хугацаандаа төлсөн гэжээ.
Одоогийн байдлаар “Фүлхэм” клубт холбогдох 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Харин бусад байгууллагууд болох "CNN", "Эделман", "Бостон консалтинг"-ийн зүгээс төлбөрийн нөхцөл байдал удааширсан тохиолдолд холбогдох байгууллагуудад хандана гэдгээ мэдэгдээд байгаа аж. Ингэсэн тохиолдолд гаргасан зардал бүрийг бид мөн л төлөх үүрэг хүлээнэ. Энэ зардлыг ч мөн Засгийн газрын нөөц сангаас гаргаж магадгүй. Тэгэхээр эх орноо сурталчлах гэсэн "бадрангуй" хүсэл буух эзэн, буцах хаяггүй болж, энэхүү өрийг иргэд буюу татвар төлөгчид төлж таарах нь.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.