
Монгол Улс, БНСУ-ын иргэдийг нөгөө улсынхаа нутаг дэвсгэрт баривчлах, саатуулах буюу эрх чөлөөг нь хязгаарласан тохиолдолд харилцан мэдэгдэх, консулын уулзалт зохион байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагджээ.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чо Хён нар 11-р сарын 23-нд Сөүл хотноо уулзах үеэрээ уг хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын иргэн БНСУ-ын нутаг дэвсгэрт баривчлагдах, саатуулагдах зэрэг шалтгаанаар эрх чөлөөгөө хязгаарлуулсан тохиолдолд БНСУ-ын эрх бүхий байгууллага Монголын талд мэдэгдэх үүрэг хүлээнэ. Үүнтэй адил БНСУ-ын иргэн Монгол Улсад ийм нөхцөлд орсон тохиолдолд Монголын тал БНСУ-д мэдэгдэх юм.
Мөн тухайн иргэний харьяалах улсын консулын ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд нөгөө улсын эрх бүхий байгууллага консулын уулзалт зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцжээ.
Энэ хэлэлцээр ямар ач холбогдолтой вэ?
Өмнө нь гадаад улсад баривчлагдсан, саатуулагдсан иргэний талаар мэдээлэл авах, тухайн иргэнтэй уулзахад дипломат болон консулын шугамаар хүсэлт гаргах шаардлагатай байсан.
Харин шинэ хэлэлцээрээр:
-
Иргэн баривчлагдсан, саатуулагдсан тохиолдолд харьяалах улсад нь мэдэгдэнэ.
-
Консулын ажилтан хүсэлт гаргавал тухайн иргэнтэй уулзах боломжийг бүрдүүлнэ.
-
Гадаадад байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах консулын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхжинэ.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны мэдээлснээр уг хэлэлцээр нь хоёр улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, консулын байгууллагуудын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдийн хууль зүйн туслалцаа авах боломжийг сайжруулах ач холбогдолтой юм.
Монгол Улс, БНСУ-ын хооронд 2025 онд харилцан зорчсон иргэдийн тоо 360 мянгад хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.
Эх сурвалж: Koreajoongangdaily.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.